
Улаанбаатарын хот төлөвлөлт алдагдсанаас Үндсэн хуулиар олгогдсон нийслэлчүүдийн эрх зөрчигдсөөр. Ялангуяа явган хүний эрхийг зөрчсөн, санаатайгаар халдсан үйлдлүүдийг албан газар, аж ахуйн нэгж, үйлчилгээний төвүүд гаргах болсоор уджээ. Нийслэлийн гудамж, талбайгаар тайван, чөлөөтэй алхах зориулалт бүхий явган хүний замыг автомашины зогсоол болгочихсон, эсвэл хүн явахын аргагүй автомашины замд тулгаад барилга, байшин барьчихсан газрууд хаа сайгүй байсаар байна. Хэдийгээр их хотод маань бүтээн байгуулалт өрнөж, өдрөөс өдөрт өнгө засч байгаа ч нөгөө талдаа явган хүний эрхэнд өдөр эрх тусам халдсаар. Мөнгөтэй, танилтай бол Монголд хуулигй худалдаж авах нь амархан байж болно. Гэхдээ ардчилсан нийгмийн нэг үнэт зарчим бол нэг хүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг явдал. Олонхийн эрхэнд халдаж байгаа бол тэр хүн хууль зөрчсөн гэсэн үг. Тэгвэл нийслэлийн удирдлагууд энэ байдлыг таслан зогсоохоор шийдэж эхний ээлжинд хотын төв замуудыг хаасан барилга, байгууламжийг чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан "Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн дагуу хотын төвд явган хүний замыг хааж, таглаж барьсан барилгуудыг ирэх зургаадугаар сарын нэгний өдөр гэхэд нураах учиртай юм. Ингэхдээ зөвхөн замыг чөлөөлөөд өнгөрөх бус чөлөөлөх зардлыг тухайн байгууллагуудаар гаргуулахаар байгаа юм. Өнөөдөр тавдугаар сарын 21. Хэдийгээр аравхан хоног үлдсэн ч явган хүний замыг чөлөөлж барилга, автомашинаа зогсоолоо нураах үүрэг хүлээсэн "Туушин" зочид буудал, "Метро молл" их дэлгүүр, МУИС-ийн замын эсрэг талд үйл ажиллагаа явуулж буй "Ганнам" солонгос хоолны газар, Урт цагаанд байрлалтай "Броадвей" сүлжээ дэлгүүр тэргүүтэй үйлчилгээний газрууд өнөөдрийг хүртэл газраа чөлөөлж амжаагүй л байна.
Үнэндээ захирамжид дурдагдсан газруудаас нэг нь ч барилга байгууламжаа нурааж, явган хүний замыг чөлөөлөх нь байтугай барилгынхаа ширхэг тоосгыг ч хөдөлгөхгүй гэж шийдээд байгаа бололтой. "Манай байгууллага хэдийгээр явган хүний зам дээр автомашины зогсоол барьсан ч гэлээ явган хүний замыг зэрэг шийдээд өгсөн. Өөрөөр хэлбэл зогсоолд байгаа машинуудын хажуугаар алхах зөндөө зай байна, уруудах шатыг нь ч байрлуулсан. Нэгэнт багагүй мөнгө зарцуулаад барьчихсан, иргэд нь зорчоод сурчихсан юм чинь заавал нураах шаардлагагүй" гэсэн бодолтой байгааг "Метро молл" дэлгүүрийн ажилтан/нэрээ нууцлахыг хүссэн/ ярьсан юм.
"Манай хүнсний дэлгүүрийн шат, өмнөх зүлэг явган хүний замыг хаасан гэж үзэж байгаа. Замын эсрэг талд нь явган хүний зам байгаа шүү дээ. Тэгээд ч энэ хавиар хүн бага явдаг тул иргэдэд бараг учруулдаггүй шүү дээ" гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны замын эсрэг талын дэлгүүрийн худалдагч хээв нэг ярьж байна. "Ганнам" хоолны газрынхан ч мөн дээрх байгууллагуудтай ижил санаатай байгаа гэдгээ илэрхийллээ. Олон нийтийн зам талбайг "хулгайлж" үйлчилгээний газар байгуулчихаад өөрсдийнхөө бизнесийн хамгаалж байгаа тэдэнд Монголд хууль дүрэм гэж байдгийг ойлгуулах цаг болжээ.
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж л байгаа бол хууль дүрэмд захирагдаж, хотын даргын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. "Хууль зөрчсөн нь үнэн. Гэхдээ нэгэнт мөнгөө зарцуулаад барьчихсан юм чинь нураахгүй. Хаашдаа өнгөрсөн" гэж хэлээд гэдийгээд байж болохгүй л баймаар.
Ямартай ч явган зорчигчдод тээг болж байгаа барилга, байгууламж, зогсоолоо нурааж тушаал шийдвэрийг биелүүлэхэд та бүхэнд аравхан хоног үлдсэн гэдгийг сануулъя. Хэрэв нураахгүй бол албадан нурааж, нураасан төлбөрийг гаргуулах нөхөн төлүүлнэ гэдгийг анхааруулах нь зүйтэй болов уу.
Д.ЖАРГАЛ








This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment