
Энэ оны санхүүгийн жилийн эхний улирлын тайлангаар 2009 оноос хойш ОХУ-ын эдийн засаг анх удаа агшсан дүнтэй, Хятадынх хамгийн бага өсөлттэй гарчээ. Хоригтой байсан ч ОХУ өнгөрсөн онд 56 тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт хийсэн байна. ОХУ гадаад хөрөнгө оруулалтын хэмжээгээр олон улсад зургаад бичигджээ. Харин Хятадын хувьд гадаад хөрөнгө оруулалтаар АНУ-ын дараа хоёрт жагсаж байна.
ОХУ
Оросын эдийн засаг энэ оны эхний улиралд 1.9 хувиар агшсан дүнтэй гарсан байна. Энэ бол олон улсын шинжээчдийн таамаглаж байснаас харьцангүй доогуур үзүүлэлт юм. Статискийн тайлангаас өмнө Оросын ерөнхий сайд энэ оны эхний улиралд эдийн засаг 2 хувиар агшсан үзүүлэлтэй байна гэдгийг мэдээлж байв. Түрүү жилийн эхний улиралд Оросын эдийн засаг 0.4 хувийн өсөлттэй гарч байсан юм.
Барууны хоригтой зэрэгцэн Оросын экспортын гол бүтээгдэхүүн газрын тосны үнийн уналт эдийн засагт дарамт учруулжээ. Газрын тосны үнэ өнгөрсөн оны сүүлээр огцом унасан бөгөөд энэ оны турш бага байх хандлагатай байна. Гэхдээ ирэх зургадугаар сард болох газрын тос экспортлогч орнуудын /OPEC/ чуулга уулзалтаас нефтийн үнийг сэргээх шийдвэр гарах найдлагыг олон улс тавьж байна. /OPEC/-ын гишүүн зарим орон газрын тосны үнийг сэргээхийн тулд олборлолтоо бууруулах хүсэлтэй байгаа аж. Газрын тосны үнэ энэ 2015 онд дэлхийн зах зээл дээр баррель нь 50 ам.доллар орчимд байвал ОХУ-ын эдийн засаг дөрвөн хувиар агших урьдчилсан тооцоог Оросын төв банк гаргажээ.
Украины хямралаас үүдэн Кремль, Барууны харилцаа муудаж, нэг нэгнийхээ эсрэг хориг тавьсан нь Оросын эдийн засагт хүндрэл үүсгэсэн юм. Барууны хоригийн улмаас ОХУ-ын зарим төрлийн экспортын орлого 25 тэрбум еврогоор, ДНБ 1.9 хувиар буурсан аж. ОХУ-ын рублийн ханш өнгөрсөн онд огцом унаснаас импортын үнэ нэмэгдэж, экспортын орлого буурсан байна. ОХУ Барууны хоригийн эсрэг Европоос хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавьсан билээ.
ОХУ-ын төв банк хямралын эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн оны сүүлээр бодлогын хүүгээ 17 хувь болгон нэмэгдүүлсэн юм. ОХУ-ын рубль ам.долларын эсрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш 30 хувиар суларсан бөгөөд 10 гаруй удаа буцаж чангарчээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шинжээчид Оросын эдийн засгийн жилийн төлвийг энэ онд 4.5 хувь, ирэх онд 1.8 хувиар буурах ирээдүйг таамагласан. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх оноос эдийн засаг сэргэж, өсч эхэлнэ хэмээн эерэгээр таамаглаж байна.
Хятад
Санхүүгийн жилийн эхний улиралд Хятадын эдийн засаг 2008 оноос хамгийн бага өсөлттэй гарлаа. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн эхний улирлын өсөлт ердөө долоон хувьтай байна. Хятадын эдийн засаг 2001 оноос хойш хоёр дахь удаагаа ийм бага өсөлттэй байгаа юм. Бээжин сүүлийн саруудад дэд бүтцийн салбарын зардлыг нэмэгдүүлж, эрчим хүчний тарифыг багасгаж, бодлогын хүүгээ хоёр ч удаа бууруулсан төдийгүй дотоодын компаниудын зээлийн хүүг сулруулсан байна.
Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 5.6 хувьтай байгаа нь эдийн засагчдын таамаглаж байснаас 1.3 хувиар доогуур байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт эхний улиралд 13.5 хувь байгаа нь мөн л таамаглаж байснаас бага. Энэ мэтчилэн Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд эдийн засгийн шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй. Хятадын экспорт өнгөрсөн гуравдугаар сард маш их бага байжээ. Гэсэн ч 10 их наяд ам.долларын Хятадын эдийн засаг 2008 оны санхүүгийн хямралаас хойш хоёр дахин тэлсэн байна.
Б.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment