Tuesday, May 19, 2015

Зөвшөөрөл олгосон даргад хариуцлага хүлээлгэе

Зөвшөөрөл олгосон даргад хариуцлага хүлээлгэе

Аливаа албан бичигт гарын үсэг зурж зөвшөөрөл олгохдоо хууль, дүрмээ судалдаггүй, мэддэггүй, ашиг сонирхлын улмаас эсвэл хэн нэгний хатгаасаар "хөдөлдөг" эрхмүүдээс болоод 244 иргэн гэртээ орох эрхгүй болоод бараг сар болох гэж байна. 12 давхар барилгаас ердөө наймхан метрийн зайд  хууль бусаар 18 давхар барилга барих зөвшөөрөл олгосноос энэхүү байрны сууринд нуралт өгч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Харин энэхүү хууль бус зөвшөөрлийг олгож, 244 иргэнийг эрсдэлд оруулах шийдвэрийг гаргасан эрхмүүдийг албан тушаал, авлига авсан байж болзошгүй гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгах явцдаа тогтоосон байна. Тиймээс газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг олгосон, авсан нөхдийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж эхэлжээ.  Энэ бол зөв эхлэл. Учир нь хаана сайгүй, алга дарам газрыг мөнгөөр худалдаж, аваад  барилгаа барьчихдаг, эсвэл хэн нэг албан тушаалтныг хахуульдаад хууль бусаар зөвшөөрөл гаргуулчихдаг нөхдөд багагүй сануулга болох байх. Барилгын салбарт гарч байгаа ослын дийлэнх нь хууль бусаар барьж буй барилга дээр гэрдэг талаар салбарын яамны гаргасан судалгаа байна. Гэхдээ, "Гэм нь урдаа гэмшил нь хойноо" гэгчээр хүний амь нас эрсэдсэн хойно зөвшөөрлийг нь цуцалж, хэн нэгэн мэргэжилтэнг нь хорьж, компанийг торгох төдийхнөр хариуцлага тооцоод өнгөрдөг байсан.   Хариуцлагыг тогтолцоо сул байхын хэрээр ч   барилгын салбарт хууль үзэгдэл газар авсаар байсан юм. Тиймээс 16 дугаар байрны асуудал бол  хууль бусаад зөвшөөрөл олгосон, авсан аль алинд нь том анхааруулга болох ёстой юм.

Ингээд тус хэрэгт хэн хэнийг шалгаж эхэлсэн, оршин суугчид хэзээ гэртээ орох, барилгыг хүчитгэх ажлын явц ямар байгаа талаарх мэдээллийг багцаллаа.

Зөвшөөрөл олгогчдын хэрэг АТГ-т шилжжээ

Зөвшөөрөл олгосон нь хуулийн дагуу байсан эсэх, хэн нэгний ашиг сонирхол шургалсан эсэх, гараажийн зориулалтаар газар эзэмших авсан зөвшөөрөл нь хэрхэн 18 давхар барилга барих зөвшөөрөл болон хувирсан зэргийг шалгах ёстой байж. Энэ дагуу ч тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаалт, шалгалтыг эхлүүлсэн ч энэ хэрэгт албан тушаал, авлига авсан зөрчил байх магадлалтай гэж үзээд хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна.

Орон сууцны барилга нурах дээрээ тулах үед хотын удирдлагууд хуралдан хажууханд  хууль зөрчин барилга барих гэж байсныг олж мэдсэн байдаг. Өмнө нь оршин суугчдаас өчнөөн удаад хүсэлт, гуйлт, албан бичиг явуулаад байхад таг, чиг байсан дарга нар асуудал хурцдаж ирсний дараа л анхаарлаа хандуулсан нь харамсалтай.  Хэрэг мандсаны дараа хотын дарга нэр гэнэт л сэхээ авсан аятай газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг олгосон, барилгын зориулалтыг өөрчилсөн нөхдийг шалгах нь зүйтэй гэж үзэн, "Би Жи Би Жи" компаниар бүхий л зардлыг гаргуулах шийдвэрийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу хуудуутай аргаар зөвшөөрөл олгосон байж магадгүй гэх Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнуудыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан гэнэ. Зөвшөөрөл олгосон нь хуулийн дагуу байсан эсэх, хэн нэгний ашиг сонирхол шургалсан эсэх, гараажийн зориулалтаар газар эзэмших авсан зөвшөөрөл нь хэрхэн 18 давхар барилга барих зөвшөөрөл болон хувирсан зэргийг шалгах ёстой байж. Энэ дагуу ч тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаалт, шалгалтыг эхлүүлсэн ч энэ хэрэгт албан тушаал, авлига авсан зөрчил байх магадлалтай гэж үзээд хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 2008 онд газар эзэмших зөвшөөрлийг олгосон нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, барилга барих зурагт өөрчлөлт оруулсан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан Н.Нацагдорж, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "Би Жи Би Жи" компанийн захирал гээд цөөнгүй хүнийг энэ хэрэгт шалгах бололтой. "Одоогоор хэрэгт үзлэг шинжилгээ хийж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа"-г АТГ-аас мэдэгдэж байна. Дашрамд энэ барилгатай холбоотой асуудал, маргаан үүсч эхэлмэгц нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ажиллаж байсан Н.Нацагдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм.

"Нурсан ч хамаагүй гэртээ л орох юмсан"

16 дугаар байр хазайж, чичирхийлэлт өгсөн гэх даруйд онцгой байдлынхан 49 өрхийн 244 иргэнийг "байрны үүдэнд хуралтай" гэж дуудаж гаргаад л зочид буудал руу шууд аччихсан. Өрөөр хэлбэл  эдгээр иргэдээс 178 иргэнийг байрны ойролцоох зургаан буудалд байрлуулаад бараг сар шахамын хугацаа өнгөрч байна. Долоо хоногт нэг удаа орж солих хувацасаа авч, гуанзны хоол идэж, буудалд "толгой хоргодож" байгаа иргэд сүүлдээ гэртээ орохыг гуйж эхэлсэн байна. "Анхандаа байр нурах гэж байна нүүцгээ гээд л биднийг гаргасан. Тэгээд л гэртээ буцаж амьдрах нь эрсдэлтэй юм байна гэцгээж байтал "Өө зүгээр байсан байна" гэх дүгнэлт гаргасан. Нэгэнт дүгнэлт нь тэгээд гарсан учраас хэдий айдастай ч гэсэн гэр орондоо амьдрахаас өөр яах билээ. Буудлын умгар өрөөнд хэцүүхэн л байна. Оршин суугчдын зүгээс гэртээ хурдхан орох хүсэлт гаргаад байгаа" гэж оршин суугч Г.Баяраа ярьсан юм.

Орон сууцны хөрсийг хүчитгэж байна

Тус барилгыг нурах эрсдэлд орсон эсэхийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт "Барилга баруун тийш буюу нүх ухсан талын эсрэг тийш дөрвөн сантиметр хазайсан. Анхнаасаа ингэж баригдсан уу ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Тиймээс барилгын суурийг хүчитгэсний дараагаар оршин суугчдыг оруулах нь зүйтэй" гэж гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу одоогоор 16 дугаар байрны нурсан хөрсөнд цемент цутгалтын ажлыг хийж байгаа юм. Хөрсний хүчитгэлийн ажлыг маш айн хийж байгаа учраас цаашид сууринд ямар нэгэн өөрчлөлт, нуралт үүсэхгүй гэдгийг албаныхан онцолж байна. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх "Оршин суугчдыг энэ сарын 23-нд буюу ирэх амралтын өдрүүдэд гэрт нь оруулна. Гүйцэтгэгч компанийн 30 ажилтан 24 цагаар ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

Ямартай ч энэхүү хуудуутай зөвшөөрлийг олгосон нөхдөд хариуцлага тооцож, харин оршин суугчид ирэх амралтын өдөр/05.23/ гэртээ орох боломжтой болох нээ.

Д.ЖАРГАЛ

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment