Wednesday, February 11, 2015

Л.Баттогтох, Б.Нямгэрэл нар хошой аварга болов

Л.Баттогтох, Б.Нямгэрэл нар хошой аварга болов

Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 11-13-ны хооронд Спортын төв ордонд болж байна.

2015 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордонд эхэллээ. Энэ тэмцээнд "Алдар", "Хилчин" спорт хороо, "Аварга", "Шонхор" биеийн тамирийн дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, "Арслан", "Женко", Дархан-Уул аймгийн "Хасу-Мегастарс", Орхон аймгийн "Хангарьд", "Харгант-Цамхаг" клуб, нийслэлийн Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл аймаг, Сонгино-Хайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургууль, Орхон аймгийн "Ирээдүйн одод" спортын дунд сургууль зэрэг 29 спорт хороо, клуб, дүүрэг, аймгийн 261 эрэгтэй, 129 эмэгтэй нийт 390 бөхчүүд өрсөлдөж байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд ажиллаж байна. Тэмцээнийг "Lux Cashmere", "Түм арвижих" компани, "РР" зурагтын суваг ивээн тэтгэжээ.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов тэмцээнийг нээж үг хэлэхдээ "ОХУ-ын Красноярск хотод болсон "Алтан Гран-При" тэмцээнээс 10 медаль, Австри улсын Вольфурт хотод болсон "Плац Орен" тэмцээнээс 4 алтан медаль авч манай бөхчүүд 2015 оныг өндөр амжилтаар эхэлж байна. Залуу бөхчүүдийн хувьд Мьянмар улсын Моутама хотод болох тивийн аварга шалгаруулах тэмцээн, Бразил улсын Ресифи хотод болох залуучуудын ДАШТ гээд олон чухал тэмцээн болох юм. Эдгээр тэмцээнд эх орноо төлөөлж оролцох залуу бөхчүүдийг сонгон шалгаруулах гол шалгуур нь энэ УАШТ болж байна. Иймд залуу бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсэж байна." гэж онцлон дурдсан.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж, Хүндэт ерөнхийлөгч, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч, Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх Б.Өнөбаатар, "Хасу-Мегаватт" компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр нар оролцлоо.

Энэ удаагийн залуучуудын УАШТ сар шинийн баярын өмнөхөн болж байгааг тохиолдуулан МЧБХ-ноос ахмад бөхчүүд дасгалжуулагч, шүүгч нарт хүндэтгэл үзүүллээ. Үүнд МЧБХ-ны дэргэдэх Ахмадын зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очир, нарийн бичгийн дарга, улсын шүүгч Д.Алтанцэцэг, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж, М.Хойлогдорж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтох, Гавьяат тамирчин, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Гавьяат дасгалжуулагч, Улсын заан З.Дүвчин, Улсын арслан Ж.Хайдав, Улсын заан Д.Долгорүрэн, олон улсын хэмжээний мастер С.Батсүх, Д.Ганбат, Л.Гантөмөр, Ж.Дамдинсүрэн, Ц.Лхайжав, Ж.Мягмаржав, Ш.Рагчаа, Б.Санжаа, Улсын заан Ц.Санжаа, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, ахмад шүүгч "Туушин" компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, ДБНХ-ны Хүндэт шүүгч Ц.Чойнхор, Ж.Батболд, Б.Дашням, М.Лувсан-Иш, Р.Нэргүй нарт хүндэтгэл үзүүллээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 50, 66 кг, эмэгтэй 44, 55, 67 кг-ын жингүүдийн барилдаан болж Орхон аймгийн "Хангарьд" клуб 2, Налайх дүүрэг, Сонгино-Хайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн "Хасу-Мегастарс" клубын бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртсэнээс Налайх дүүргийн бөх Л.Баттогтох, Орхон аймгийн "Хангарьд" клубын бөх Б.Нямгэрэл нар хошой аварга болжээ.

Эхний өдөр медалийн төлөө барилдаанууд сонирхолтой, хурц өрсөлдөөнтэй болж барилдааны төгсгөлд ухаан гаргаж шийдсэн мэх хийсэн бөхчүүд нь медалийн оосроос атгаж байлаа. Эмэгтэй 44 кг-ын жинд Л.Баттогтох оноогоор хол дутуу явсан ч барилдааны төгсгөлд мушгих мэхээр өрсөлдөгч бөхөө цэвэр ялж аварга болсон бол эмэгтэй 55 кг-ын жинд Б.Буянхишиг сүүлчийн хэдхэн секундэд өрсөлдөгчийнхөө алдааг ашиглаж ялалтыг авч эрэгтэй 66 кг-ын жинд Ч.Жамсранжав хоёрдугаар үед зогсолтгүй дайрч онооны давуу байдлаар өрсөлдөгчөө өвдөг шороодуулж байлаа.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Эрэгтэй

50 кг

1. Аюушжавын Нэргүйбаатар /Дархан-Уул аймаг, "Хасу-Мегастарс" клуб, БТСДуС/
2. Цагаанцоожийн Отгондалай /"Алдар" спорт хороо/
3. Мягмарсүрэнгийн Ананд /"Женко" клуб/
3. Нармандахын Насанбуян /Дархан-Уул аймаг, "Хасу-Мегастарс" клуб/


66 кг

1. Чойдогжамцын Жамсранжав /Сонгино-Хайрхан дүүрэг, "Ирээдүй" цогцолбор сургууль/
2. Ганболдын Чойгожид /"Женко" клуб/
3. Баатарчулууны Эрдэнэ-Очир /Орхон аймаг, "Ирээдүйн одод" спортын дунд сургууль/
3. Хуягбаатарын Хишигбат /УБТДС/

Эмэгтэй

44 кг

1. Лхагвагийн Баттогтох /Налайх дүүрэг/
2. Өлзийсайханы Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг/
3. Түмэнжаргалын Бас-Од /"Аврага" биеийн тамирын дээд сургууль/
3. Болдсайханы Хонгорзул /Орхон аймаг, "Ирээдүйн одод" спортын дунд сургууль/


55 кг

1. Буян-Өлзийн Буянхишиг /Орхон аймаг, "Хангарьд" клуб/
2. Сэдбазарын Энхтунгалаг /Дархан-Уул аймаг, "Хасу-Мегастарс" клуб, БТСДуС/
3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ /"Алдар" спорт хороо/
3. Дашнямын Энхжаргал /МУБИС/

67 кг

1. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, "Хангарьд" клуб/
2. Мөнхбатын Хишигмаа /ҮБТДС/
3. Алгаагийн Мөнхцэцэг /Дархан-Уул аймаг, "Хасу-Мегастарс" клуб/
3. Энх-Амарын Даваанасан /Сэлэнгэ аймаг/

МЧБХ. Д.ӨЛГИЙСАЙХАН

0 comments:

Post a Comment