Wednesday, February 11, 2015

Мэдэгдлийн эсрэг мэдэгдэлд мэдэгдэх нь!

-Хэвлэл алим биш, тэр дундаа хэрүүлийнх бүр биш-

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өөрийнхөө бурууг зөвтгөж, булхайг хаацайлах хэрэгсэл болгох явцуу сонирхолтой болоод уджээ. Үүний балгаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хэрүүлийн индэр болон хувирч байна. "Одооны хүүхдүүд болохоо байжээ" гэж орчин үеийнхээ хэв маягтай эвлэрч чадахгүй хуучныхан ярьдагтай үүнийг жиших ч юм биш.

Аливаа зүйлийн анхдагч улстөрчид байдаг нь бараг хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Гэхдээ Монголд хар бүхний эхлэлийн шанг тэд татдаг болсон нь харамсалтай. Өмнө нь үзэл бодол, байр сууриа хэвлэлээр илэрхийлэн, олон нийтэд өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ хийх боломжийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олгодог байсан бол өнөөдөр тэдний аясаар хөтлөгдөн гэмгүй нэгнийг гэмтэн болгож, хэрэгтэн нь харин буянтны дүрээр залрах болжээ. Би, бид эрх ашгаа хамгаалж л байвал бусад нь падлийгүй гэсэн аминчхан үзэлтнүүд асар ихээр олширчээ.

Өнгөрсөн намраас эхэлсэн Хөлбөм­бөгийн холбооны хэрүүл хагас жил үргэлжилсэн ч өнөө хэр нь дуусаагүй байна. Тэд хоёр хуваагдаад эсрэг талаа хамгийн бараан өнгөөр будахыг хичээн, хэвлэлээр хэрэлдэж сууна. Хөлбөмбөгийн холбооныхон хоёр тал болон хуваагдаж, манай, танай талаа мэдэхтэйгээ бол халуун намраар эхэлсэн гурван талын "зодоон"  бас байна. Тэр нь тариаланчид, үйлдвэрлэгчид, дунд нь яахаа мэдэхгүй "алцганасан" салбарын яам.

Тэдний хэрүүлийн нэг онцлог нь анхандаа танин мэдэхүйн шинжтэй байснаа одоо эх орончдын хэлбэр рүү хэлбийлээ. "Анх сайд аа, үүнийг улаан буудай гэдэг юм" гэж багшийн дүрээр тариаланчид хэрүүлээ эхэлсэн бол хажуунаас нь үйлдвэрчид "Тэдний гартаа барьсан нь тариа мөн. Гэхдээ цавуулаг багатай байдаг юм" гэж илүү тодотгон, гаднаас тариа авахгүй бол талх, боовны гурим зуурагддаггүй юмаа, мэдэхгүй байж гэж мэдэмхийрсэн. Хадны завсарт хавчуулагдсан сайд нь эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр гаднаас үйлдвэрлэгчдийн хэлээд байгаа буудайг тодорхой хэмжээгээр оруулж ирэх зөвшөөрөл олгохоор болсон ч энүүний хариуд тариаланчдынхаа буудайг авахыг шаардав. Үйлдвэрлэгчдэд зөвшөөрөл өгсөн юм чинь тариаланчдад өгдөг нөхөн олговрыг бас өгөхгүй бол барьж иднэ гэлээ. Мөн л өгөхөөр болсон. Гэтэл аль нь эх мал, хэн нь төл мал вэ гэх маргаан гардаг юм байгаа биз дээ. Аль аль нь хэцүү байна гэсэн хэрнээ аль үнэтэй зай талбайг худалдаж аваад "эх мал, төл мал"-ын тухай хэрүүлээ тавиулна. Ингээд л тахиа анхдагч уу, өндөг үү гэдэг хэрүүл өвлийн хүйтэнд үргэлжилж, хавартай золгох бололтой.

Хэвлэлийг хэрүүлийн талбар болгож байгаа өөр нэгэн салбарынхан бол хууль хяналтын салбар. Дуртайгаа л хэвлэлийнхэнийг дуудаж авчирч байгаад намнадаг аймшигтай салбар. Өөрсдөд нь хэрэгтэй гэвэл хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж, хавтаст хэргээ хайр найргүй задалдаг, хэрэггүй гэвэл бүхнийг мөрдөн байцаалтын нууц болгодог жишээг тэднээс харж болно.

Хувийн өчүүхэн эрх ашгийнхаа төлөө үхэн хатан тэмцэн хэвлэлээр хэрэлдэж байгаа хэрнээ улс орны эрх ашиг ярьж, эх орончийн дүр эсгэх нь эх орон ямар өчүү­хэн зүйл юм гэж төөрөлдөхөд хүргэнэ.

Хэвлэл бол хэрүүлийн тал­бар биш гэдгийг хэрүүлчдийн "холбоо­­­ныхон"-доо хэлье. Хэрүүлчдийн холбоо гэс­ний хариуд битгий л мэдэгдэл гаргаж, мэл гайхуулж, цэл хөхрүүлээсэй.  Хэвлэлийнхэн маань ч хэрүүлд оролцож, хошуу нэмэрлэхээ больё.

Хамгийн хортойгоор хэвлэлээр хэрүүл хийдэг хүмүүс бол улстөрчид. Тэдний хэрүүлийн гайгаар улс орон хохирдог. Тэдэн дундаа эмэгтэйчүүд нь арай гайгүй юм гэхэд, татварын ажилтан хоёр бүсгүйтэй амрагийн харилцаатай байснаас болж нэг нь нөгөөгийнхөө амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдсон залууг "ажлаас хал" гэж хүний эрхийг дээдлэн хууль батлан, боловсруулагч бүсгүйчүүд маань хэвлэлээр даргад нь хаягласан мэдэгдэл гаргаж байлаа. Ардчилсан нийгэмд төр барих дээд байгууллагынхан нь хуучны тоталитар дэглэмийг санагдуулам хэрүүл. Энэ бүх зүйлийг зааж өгсөн намчингууд өнгөрсөн хавраас эхлэн сандал суудлын хэрүүлээ хэвлэлээр хийсээр байгаад олон нийтийн сэтгэл зүйг Засгийн газрыг огцруулахад бэлдэж, санасандаа хүрсэн. Харин энэ заваан хэрүүл нь одоо хүртэл дуусаагүй, Монголын төр, улс орны амин чухал ажил нэг ч урагш алхсангүй. Хойшоо харж хэрүүлээ хийсээр л байна.

Гэхдээ энэ бүх хэрүүл "Хэн нь илүү эх оронч гэх үгийг хэлэх вэ?" гэдэг уран уншлагын тэмцээнийг санагдуулам. Нэг нь мэдэгдэл нэртэй хэнд ч хэрэггүй үглээ авгайн яншаа шиг хөгийн хов гаргана. Хариуд нь нөгөөх нь зөнөсөн өвгөн шиг зүйл бүрээр нь задалж байгаад, мэдэгдлийн эсрэг мэдэгдэл гэгч хөгийн ховноос нь ч дор юм гаргана. Гаргасан мэдэгдлийн мэдэгдлийг харсан зарим хэвлэлийн ажилтнууд нь анализ хийж, асуудлын мөн чанарыг ойлгуулах нэрээр дутуу үлдсэн юу байна, тэр бүхнийг нь хамж шимээд, ор хөнжлийг нь хүртэл сөхсөн хов базна. Ингэж сайтар базсан ховыг харж суусан уншигчид сая өөрийн дүгнэлтээ хэлнэ. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр өөрт нь огтоос хамаагүй харь элгийн хүнийг өмөөрөн, хэнтэй ч хамаагүй сошиал болон интернэт ертөнцөөр хэрүүл хийнэ. Энэ нь өдөр ирэх тусам мэргэжлийн тал руугаа явж байна. Бүхнийг үгүйсгэгч, олон мянган дагагчтай жиргээний алдартнууд ч бий болсон /Асуудалд бодитоор хандаж, хөндлөнгөөс өөрийн байр суурийг илэрхийлдэг соёлтой жиргээчдийг бичигч хэлээгүй болно/.

Эцэст нь хэвлэл бол хэрүүлийн тал­бар биш гэдгийг хэрүүлчдийн "холбоо­­­ныхон"-доо хэлье. Хэрүүлчдийн холбоо гэс­ний хариуд битгий л мэдэгдэл гар­гаж, мэл гайхуулж, цэл хөхрүүлээсэй.  Хэвлэ­лийнхэн маань ч хэрүүлд оролцож, хошуу нэмэрлэхээ больё.

Л.НАРАНТӨГС

Эх сурвалж:

 

 

 

 

 

0 comments:

Post a Comment