Wednesday, February 11, 2015

Цахим дугаар олголтыг зогсоохоор боллоо

Цахим дугаар олголтыг зогсоохоор боллоо

1 цаг 56 минутын өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас Ашигт малтмалын газар /АМГ/-ын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож буй үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөл олгох болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох ажилд ноцтой зөрчил илэрсэн байна. 

Энэ талаар ШӨХТГ-ын Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Ямар зөрчил илэрсэн талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-АМГ-ын үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал,  хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчдэд өргөдөл гаргах эрх олгохдоо VPN төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр худалдсан байсан.

Мөн уг төхөөрөмжөөр дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг 500 мянган төгрөгөөр /Долоо хоногийн эрх/, нэг сарын эрхийг хоёр сая төгрөгөөр худалдаж авах шаардлага тавьсан байсан.  Гэтэл Ашигт малтмалын газарт дээрх төлбөрүүдийг хурааж авах эрх зүйн үндэслэл байхгүй. Хууль зөрчсөн энэ мэт үйлдлүүдийг шалгалтаар тогтоолоо.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн дагуу олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар журамласан байдаг. Уг хуулиар өргөдөл гаргах эрхийг цахимаар тараах, өргөдлийг цахим дугаарын дагуу хүлээн авч, шийдвэрлэх зохицуулалтгүй. Гэтэл АМГ-ын зүгээс уг үйл ажиллагааг эрх зүйн үндэслэлгүйгээр, зөвхөн даргын тушаал гарган олгож байсан байна.

-Одоо тэгэхээр цахим дугаар олголтыг зогсооно гэсэн үг үү?

-Хууль зөрчсөн тул зогсоох арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мөн Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгоно.

Д.ЖАРГАЛ

ЛИЦЕНЗ ОЛГОЛТЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ХОЛБООТОЙ БУСАД МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ

0 comments:

Post a Comment