Кайла Мюллер Йорданы цохилтонд амь үрэгджээ

26 настай сайн дурын ажилтан Кайла Мюллер
АНУ-ын сайн дурын хүмүүнлэгийн ажилтан Кайла Мюллер Йорданы армийн агаарын цохилтонд өртөн амь үрэгдсэнийг "Исламын улс" бүлэглэл мэдээлжээ. Хэт даврагчдын мэдээлснээр Сирийн Ракка хотын гадна Кайла Мюллерийг хорьж байсан барилга Йордан армийн агаарын бөмбөгдөлтөнд өртсөн гэнэ. Гэвч АНУ-ын албаныхан Кайла Мюллер Йорданы агаарын цохилтонд амь үрэгдсэн гэх баталгаа байхгүй хэмээн уг мэдээллийг үгүйстгэжээ. Ямартай ч 26 настай Кайла Мюллер хэт даврагчдын барьцаанд 18 сар байсны эцэст амь үрэгдсэн байна.
Өмнө нь Кайлагийн гэр бүлийнхэн түүний захиаг авснаар эсэн мэнд гэдэгт нь итгэлтэй байсан аж. Тэрээр захиандаа аюулгүй газар, гэмтэж бэртээгүй, эсэн мэнд байгаа бөгөөд хэт даврагчид түүнийг дээд зэргээр хүндэлж, сайхан сэтгээлээр хандаж буй тухай бичсэн байжээ. Кайлагийн гэр бүл барьцааны мөнгө төлж охиноо суллуулахыг албаныхнаас гуйсан боловч АНУ-ын Засгийн газар террористуудыг санхүүжүүлэхгүйн тулд барьцаа төлөхгүй байх бодлого барьдгийг учирлажээ.
Кайла Мюллер 2012 оны арванхоёрдугаар сард Сирийн дүрвэгдэд тусламж үзүүлж буй Туркийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллахаар явсан аж. Өмнө нь тэрээр Баруун эрэг, Израйль, Энэтхэгт сайн дурын хүмүүнлэгийн ажил хийж байв.
Үүний зэрэгцээ АНУ-ын "Цагаан ордон"-ы хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест Ойрхи-Дорнодод тус улсын өөр иргэд барьцаалагдсан байгааг мэдээлжээ. Энэ тухай тэрээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Гэхдээ Жон Эрнест 2012 онд Сири улсад сураггүй болсон АНУ-ын сэтгүүлч Остин Тайс, Их Британийн зурагчин Жон Кантлие нарыг хэлсэн гэж хэвлэлийнхэн үзэж байна. "Исламын улс" бүлэглэл өнгөрсөн хугацаанд АНУ-ын гурав, Их Британи, Японы тус бүр хоёр барьцааны иргэнийг цаазлаад буй юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн 2014 онд "Исламын улс" бүлэглэлийн эсрэг олон улсын цэргийн эвслийг санаачлан байгуулснаар Сири, Иракийн нутагт холбоотны армиуд цохилт өгч эхлээд буй.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment