Saturday, May 21, 2016

Ерөнхийлөгч Сөүл хотын “Хүндэт иргэн” болжээ

Ерөнхийлөгч Сөүл хотын "Хүндэт иргэн" болжээ

11 минутын өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Сөүл хотын "Хүндэт иргэн"-ий батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Батламжид "Эрхэмсэг ноён Таныг Сөүл хотын Хүндэт иргэнээр  өргөмжлөн Сөүл хотын иргэдийг төлөөлөн энэхүү батламжийг гардуулав" гэжээ.

Сөүл хотын дарга Пак Вон Сүн батламжийг гардуулж хэлсэн үгэндээ "Солонгос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 26 жил, хоёр улсын нийслэл Сөүл, Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцааны хэлэлцээр байгуулснаас хойш 21 жил болжээ. Өнгөрсөн жил Монгол Улсад анх удаа ноён Ерөнхийлөгч Тантай уулзаж байснаас хойш Давосын чуулга уулзалт мөн дахин Сөүл хотноо иийнхүү уулзаж байгаа нь үнэхээр дотно санагдаж байна. Солонгост өнөөдөр онцгой өдөр тохиож байна. Дарлал ба дарангуйлалын эсрэг ард түмэн эрслэн босож, амь насаараа тэмцсэн ардчилалын төлөөх тэмцлийн өдөр юм. Энэхүү утга төгөлдөр өдөр Монгол Улсын Ардчилалын бэлэг тэмдэг болсон хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүл хотын захиргаанд зочилж буй нь үнэхээр нэр төрийн хэрэг билээ. Монгол, Солонгосын хоёр улсын Ардчилсан хөдөлгөөний утга санаа ижлийн адил, ардчилсан хөдөлгөөнийг хийж байсан хүний эрхэм чанар мөн өөр байхын учир үгүй билээ. Өнөөдөр энэхүү эрхэм зочныг Сөүл хотын захиргаанд хүлээн авч, сэтгэлийн талархлаа илэрхийлэх үүднээс Сөүл хотын хүндэт иргэний батламжийг гардуулан өгөх бөгөөд өнөөдөр хүндэт Ерөнхийлөгч Та Сөүл хотын шинэ иргэн болж байна. Сөүл хотын 10 сая иргэд нэгэн сэтгэлээр Ерөнхийлөгч Таныг Сөүл хотын хүндэт иргэн болсонд баяр хүргэж байна. Ноён Ерөнхийлөгч Сөүл хотын иргэн бол Монгол Улсын бүх иргэд мөн адил хүндэт иргэн гэсэн үг билээ. Монгол зүйр цэцэн үгэнд "Хүлгийн сайныг унан байж мэднэ, Хүний сайныг ханилан байж мэднэ" гэдэг. Бид өдгөө 20 гаруй жил нөхөрлөж, бие биедээ сайн нөхөр юм гэдгээ мэдсэн билээ. Цаашид 50 жил, 100 жилийн түүхийг хамтдаа бичилцэхийн ерөөлийг тавьж байна" гэсэн байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Өнөөдөр БНСУ-д эрх чөлөөний төлөө тэмцэл эхэлсэн түүхт өдөр давхацсан явдал үнэхээр гайхамшигтай юм. Бид энэ өдрийг ерөөс урьдчилж төлөвлөөгүй. Хоёр талаас ярьж байгаад, энэ айлчлалыг хэрэгжүүлье гэж олон жил ярьж байгаад хэрэгжүүлсэн. Энэ өдөр таарлаа. Энэ бол үнэхээр гайхалтай сэтгэгдлийг төрүүлж байна. Солонгосын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэж боссон тэр олон мянган хүнд энэ хүндэт индрээс хүндэтгэлээ илэрхийлье. Монгол, Солонгос хоёр ард түмэн бол эртний харилцаатай, найрсаг уламжлалтай ард түмэн. Энд байгаа хүмүүсийг харахад аль нь Солонгос, аль нь Монгол вэ гэдгийг ялгах боломжгүй юм. Өдгөө ажиллаж байгаа Сөүл хотын дарга манай Улаанбаатар хотод маш амжилттай айлчлал хийсэн. Монголын ард иргэд Сөүл хотын даргыг хоёр орны харилцаа, хамтын ажллагаа, ялангуяа хоёр хотын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж байгаа хүн гэж үргэлж үнэлж байдгийг энд хэлье. Сөүл хотод амьдарч байгаа иргэдтэйгээ хотын дарга өөрөө тогтмол уулздаг юм байна. Үнэхээр ард түмний мээр болсон хүн юм байна гэж ойлголоо. Өнөөдрийн энэ уулзалтад би маш их баяртай байна. Би олон оронд олон хотод айлчилж байсан. Тухайн хотын дарга нь өөрөө, бас Улаанбаатар хотын дарга хамт, тэгээд Ерөнхийлөгч нь суугаад иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж байсан түүхийг би санахгүй байна. Та бүхэн цагаа гаргаж хүрэлцэн ирсэн явдалд туйлын их баярлалаа. Сая би хотын даргад хэллээ. Монгол иргэдэд Та онцгой хандах хэрэгтэй. Ямар учраас монгол иргэдэд онцгой хандаж байгаа юм бэ гэж хүн асуувал бидний зүс царай адилхан юм, зүрх сэтгэл нэг юм.Монголчууд манай оронд ирэхдээ үргэлж сайн санаа өвөрлөж ирдэг юм аа гэж хариулж байгаарай гэж хэлж байсан. Одоо Монгол Улсын иргэд бүгдээрээ Сөүл хотын хүндэт иргэд болсон. Тийм учраас бүр хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна. Энэ хүндэтгэл бол бидэнд бас хариуцлага үүрүүлж байгаа гэдгийг сайн ухамсарлаж байгаа. Энд ажиллаж амьдарч байгаа иргэд тухайн улс орныхоо хууль дүрмийг ягштал мөрдөж, биелүүлдэг, тухайн ард түмний уламжлал, ёс заншилд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой гэж бодож байгаа. Аливаа хоёр орны харилцаа ард иргэдээрээ л дамжиж хэрэгждэг. Хамгийн чухал харилцаа бол хүмүүс хоорондын харилцаа байдаг. Бид БНСУ-тай тогтоосон харилцааг их өвөрмөц харилцаа гэж үздэг. Яагаад гэвэл хүмүүс хооронд тогтоосон харилцаа учраас бусад улс орныхтой харьцуулбал хамгийн ойрхон байдаг. Манай маш олон мянган иргэн энэ харилцаатай шууд хамаатай байдаг. Тэгэхээр манай иргэд энд ажиллана, амьдарна, сурна гэдэг бол маш том хөрөнгө оруулалт. Энэ бол хоёр орны хамтын ажиллагааны хамгийн үнэтэй капитал гэж харж байна" хэмээсэн байна.

О.Заяа

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment