Saturday, October 10, 2015

Veni Vidi Vici. Ирлээ.Үзлээ. Яллаа

Veni Vidi Vici. Ирлээ.Үзлээ. Яллаа

Эртний Ромын эзэнт гүрний агуу удирдагч Юлий Цезарь нэгэнтээ Азид дайлаар мордоод ялалт байгуулсныхаа дараа Ром руу "Veni Vidi Vici" гэсэн гуравхан үгтэй захидал илгээжээ. Энэ нь "Ирлээ. Үзлээ. Яллаа" гэсэн утгатай. Бас өөр сурвалжаас үзэхэд тэрбээр бөгжин дээрээ "Veni Vidi Vici" цохиулж зүүжээ.

Юлий Цезарийн энэ гурван үг Хашбаатарын Цагаанбаатарт зориулсан юм шиг бид бүхэнд санагддаг. Дэлхийн цартай монгол жүдоч, гарамгай удирдагч хоёрын ялалтын замналын агуулга нь давхацдаг учраас хүмүүст ингэж хүрдэг байх.

Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар бөхийн орны иргэд монголчууддаа далдын далд гуниг үлдээн Дэлхийн жүдогийн дэвжээг орхин зодог тайлж байгаагаа өнгөрсөн есдүгээр сарын дундуур зарласан юм.

Тэрбээр энэ намрын есдүгээр сарын 24-нөөс Монгол Улсын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд оржээ. 20-хон насандаа 2004 оны Афины олимпоос хүрэл медалиар энгэрээ мялааж (манай улсаас авсан цорын ганц медаль) байсан Х.Цагаанбаатар "РИО-2016" олимпод барилдах зорилтоосоо татгалзан ийнхүү 31-хэн насандаа зодог тайлав. Ирэх зуны олимпийн жүдо бөхийн 66 кг-ын жинд хүч үзэх нь түүний зорилт байсан болохоос мөрөөдөл байгаагүй. Түүний бас нэг зорилт нь (мөрөөдөл биш) дэлхийд дахиад түрүүлж хошой аварга болох байв. Хошой аварга болохоор тооцсон тэмцээн нь өнгөрсөн наймдугаар сард Казахстаны нийслэл Астанад зохиосон жүдо бөхийн 30 дахь удаагийн ДАШТ.

Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын бүх тэмцээнд 73 кг-ын жинд барилдсан алдарт бөх маань энэ 2015 оны ДАШТ-д үндсэн жин 66 кг-д барилдахаар бүтэн жилийн 365 хоногийн турш хэмнэлтэйгээр жингээ хасаад байлаа.

Бүх зүйл зорилтын дагуу OK гэж дасгалжуулагчид, багийн анд, ойр дотнын бүх хүн харж байв. Тэрбээр Астанагийн ДАШТ-ий нэгдүгээр тойрогт Аргентины жүдоч Гонзалесийг дарах мэхээр цэвэр хожлоо. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Хамал Хан-Магомедовтой оноолт таарчээ. Хамал нь өнгөрсөн 2014 оны дэлхийн аваргын хүрэлтэй бөгөөд 2013 онд Европ тивийн хүрэл авснаа энэ онд өнгийг нь өөрчилж шар (алт) болгоод байсан бөх л дөө. Гэсэн хэдий ч нэг их залууд (29-тэй) тооцогдохгүй Хамал нь дэлхийн хэмжээний бөх манай Х.Цагаанбаатарт "манная каша" байлгүй гэж олон монголчууд итгэл хүлээлгэн бардамнаж байв. Харамсалтай нь Хамал өрсөлдөгчөө барилдаан эхлэнгүүт 23 дахь секундэд "савчихлаа".

Х.Цагаанбаатарын энэхүү түүхэн ялагдалд монголчууд төдийгүй жүдогийн ертөнц тэр чигээрээ нэг доль алмайрсан. Түүнийг ийм амархан ялагдсаныг одоо хэн ч тайлбарлаж чадахгүй, тайлбарлах гэж оролдоод ч хэрэггүй. Болохгүй юм болдоггүй л юм байна гэсэн гаргалгаа л хэлбэл зөв байх. Магадгүй энэ нь монголчууд бидний дотогшоо өмөрсөн, өмөөрсөн сэтгэлийн тайлал, тайтгарал байж мэдэх юм.

Тэрбээр зодог тайлснаа ингэж тайлбарлаж байна.

-Энэ жилийн ДАШТ-д хошой аварга болох зорилготой очсон боловч чадаагүй. Тус тэмцээнд оролцоод ирснийхээ дараа зодог тайлах талаар бодож эхэлсэн. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Баттулга ах, дасгалжуулагч Балжинням багш нартай сайтар зөвлөлдөж байгаад энэ шийдвэрийг гаргалаа. Манай монголчууд жүдочдоо "РИО-2016"-гаас алтан медаль аваасай гэж хүсч байгаа нь дамжиггүй. Тиймээс өөрийнхөө хүрч чадаагүй оргилд тамирчдаа гаргаж олимпийн аварга төрүүлэхийн төлөө хичээнэ ээ. Хэдийгээр зодог тайлсан ч гэлээ шигшээ багийнхныгаа дасгалжуулж, жүдо бөхөөс хөндийрөхгүй учраас миний сэтгэл өег байна гэсэн.

Хашбаатарын Цагаанбаатар гэдэг монгол хүмүүний Дэлхийн жүдо бөхийн дэвжээн дээрх тамирчны замнал нь Veni Vidi Vici гэсэн гуравхан үгээр илэрхийлэгдэн түүх болон ард үлдлээ.

Бас 2009 оны Роттердамын ДАШТ-ий финалд Испанийн бөхийг ялсныхаа дараа бүсээ сугалан дотор талд нь урьдчилж бичсэн "champion" үгээ харуулан дэвжээн дээр дэвэрч, дэгдэж явсан нэг түүхэн зураг бидний сэтгэлд бахархлын өгөгдөл болон хадгалагдаж үлдлээ.


Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомын 2004, 2006, 2009 оны эзэн Х.Цагаанбаатарын спортын амжилтын товчоон

ЖҮДО:

Олимп

  • Хүрэл медаль Афин 2004 он. 60 кг

Дэлхийн АШТ

  • Алтан медаль Роттердам 2009 он. 66 кг
  • Хүрэл медаль Токио 2010 он. 66 кг
  • Хүрэл медаль Астана 2015 он. Баг

Азийн наадам

  • Алтан медаль Доха 2006 он. 66 кг

Ази тивийн АШТ

  • Алтан медаль Чэжү 2003 он. 60 кг
  • Хүрэл медаль Алматы 2004 он. 60 кг
  • Алтан медаль Ташкент 2005 он. 66 кг
  • Мөнгөн медаль Кувейт 2007 он. 66 кг
  • Мөнгөн медаль Чежү 2008 он. 66 кг
  • Мөнгөн медаль Абу-Даби 2011 он. 66 кг
  • (Зүүн Азийн аварга 2006 он. 66 кг)


САМБО:

Дэлхийн АШТ

  • Хүрэл медаль Санкт-Петербург 2003 он. 62 кг
  • Алтан медаль Астана 2005 он. 62 кг
  • Алтан медаль Салоники 2009 он. 68 кг
  • Мөнгөн медаль Токио 2013 он. 74 кг

ҮНДЭСНИЙ БӨХ:

Аймгийн наадам
Түрүү, арслан цол Дорноговь 2007 он.


Б.ЕРЭНТЭЙ

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин.

2015-10-08.
 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment