Нэгэн цаг үед Монголын сонгодог урлагийн нүүр царай болж явсан СУИС-ийн дуурийн дуулаачийн багш, дуурийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Баттөр тархины хүнд мэс засалд орох болоод байна.
Түүнийг Тэргүүн Юндэн гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй билээ. "Учиртай гурван толгой" дуурьт дуулах юмсан гэсэн мөрөөдөлтэй олон дуучид байдаг ч Балжиннямын Баттөр дуучин олон жил Юндэнд дуулж, Тэргүүн Юндэн хэмээн өргөмжлөгдөж байсан. Тэрбээр тархины хүнд өвчний улмаас яаралтай БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон түүний ар гэр, найз нөхдийн төлөөлөл өчигдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
Дуучны эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 35-50 мянган ам.доллар шаардлагатай аж. Тиймээс СУИС-ийн дуулаачийн ангинй нэг төгсөлтийн ангийнхан, найз нөхөд болон хамт олон урлагийн үе үеийн андууд нь хандивийн тоглолт хийхээр болжээ. "Том Төрөөдөө урам хайрлая" нэртэй энэхүү тоглолт нь хоёр удаа, өөр өөр хэлбэрээр болох аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 01-нд Монгол бөхийн өргөөнд 21 аймгийн төлөөлөл болсон нийтийн дуучид болон сонгодог урлагийн төлөөлөл тоглолт хийх юм байна. Тоглолтод МУГЖ С.Ганзориг, СТА Л.Банзрагч, СТА Ц.Баттөр зэрэг дуучид ая дуугаа өргөх бол арваннэгдүгээр сарын 2-нд болох тоглолтод рок, попын төлөөлөл болсон МУГЖ Ж.Алтанцэцэг, Т.Ариунаа, "Харанга", "Хурд" гэх мэт хамтлаг, дуучид болон цэнгээнт бүжгийн хамтлагууд оролцох аж.
Мэдээллийн үеэр Гавьяат жүжигчин У.Далантай "Ангийн анд, манай үеийн гол төлөөлөл болсон сайхан дуучин бол Б.Баттөр юм. Сэлэнгэ нутгийнхан нь болоод бүхий л найз нөхөд нь халуун сэтгэлээр хандаасай. Солонгос улсаас яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн онош, зардал нь ирсэн. Тиймээс нэг нь нэгдэхгүй, хоёр нь хоёрдохгүй тоглолтын тасалбар авч дэм өгч туслаарай" гэсэн юм. Харин УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар "Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Өнөөгийн хоол унд, агаар уснаас болоод залуугаараа хүнд өвчин тусах нь ихэсчээ. Хийж бүтээж байгаа, цаашид бүтээлээ гаргах их хүсэлд автаж яваа хүнд ирэх нь харамсалтай байна. Б.Баттөр бол тэргүүн Юндэн гөөгөө болсон хүн. Том биетэй, уянгалаг дуу хоолойтой, бусдын төлөө сэтгэлтэй залуу. Тиймээс энэ тоглолтыг үзээрэй" гэж байсан юм.
Түүний эмчилгээний зардалд зориулж СУИС-ийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон байна. Мөн хандивын данс нь нээгдсэн байгаа гэнэ. Хэрвээ хандив өргөхийг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 499236559, ХААН банкны 5028205058 гэсэн төгрөгийн дансуудад хийх боломжтой аж.
Б.ЭНХ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment