Monday, October 12, 2015

Төсвийн алдагдал 867 тэрбум төгрөгт хүрэв

Төсвийн алдагдал 867 тэрбум төгрөгт хүрэв

14 минутын өмнө

Үндэсний статистикийн хорооноос есдүгээр сарын эдийн засгийн нөхцөл байдлын мэдээг хүргэлээ. Өдөр ирэх тусам тэлсээр буй төсвийн алдагдлын хэмжээ өнгөрөгч есдүгээр сард 867.3 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх сарын хувьд төсвийн алдагдлыг 700 гаруй тэрбум төгрөг хэмээн гаргаж байсан бол сарын хугацаанд ийнхүү улам тэлсэн үзүүлэлттэй байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын 2015 оны эдийн засгийн өсөлтийг ч хоёр янзаар тайлбарлаж буй. Тухайлбал, Дэлхийн банкнаас 2015 оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хэмээн таамагласан бол Азийн хөгжлийн банкнаас 2.3 хувь байна гэж шинжилсэн. Энэ нь Монгол Улс төсвийн тэнцлээ барих замаар эдийн засгийн өсөлтөө сайжруулах цаг аль хэдийн ирсний илрэл гэдгийг албаныхан тайлбарласаар байгаа.

Тэгвэл татварын орлого есдүгээр сард мөн л 165.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 252 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 34 тэрбум, бусад татвар хураамжийн орлого 23.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна. Харин экспорт, импортын үзүүлэлт мөн л буурсан үзүүлэлтэй гарчээ. Экспортын хэмжээ өмнөх сараас 34 хувиар буурсан байгаа юм. Харин импорт өмнөх сараас 8.3 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний есөн сард ашигтай гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн онд гадаад худалдааны тэнцэл 1.4 сая ам.долларын алдагдалтай гарсан. Харин энэ онд 684 сая ам.долларын ашигтай гарчээ.

Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн саруудад өссөөр байсан бол энэ сард 3.3 хувиар буурсан байна. Гэхдээ энэ нь өмнөх онтой харьцуулахад 41 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 828.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас зургаан хувиар өссөн үзүүлэлт юм.

Есдүгээр сарын хувьд хэрэглээний индекс өмнөх сараас 0.8 хувиар буурсан байна. Харин өмнөх оноос 2.6 хувиар өссөн байгаа юм. Энэ өсөлтөд боловсролын үйлчилгээ, хувцас, гутлын үнийн өсөлт нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА, Ц.АРИУНБОЛД

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment