Monday, March 2, 2015

Эмэгтэй сонсогчдын тоог нэмнэ

"Хилийн аюулгүй байдал ба менежментэд эмэгтэй албан хаагчдын үүрэг оролцоо" сэдэвт сургалтыг Хууль сахиулахын их сургууль Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран зохион байгуулж байна. Сургалтын сэдвийн хүрээнд нийт оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал сэтгэгдлийг нь сонссон байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Батчимэг, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг,  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пайпер Энн Уинд Кэмбэлл, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гролова, ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газрын ажилтан Жонатан Трамбл, xөтөлбөр хэрэгжүүлэгч туслаx ажилтан Вероника Черна нар оролцов.

Сургалтын үеэр дугуй ширээний ярилцлагыг зоxион байгуулсан ба тус ярилцлагад оролцсон Элчин сайдуудын зүгээс шийдвэр гаргаx түвшинд  эмэгтэйчүүдийн оролцоо,  хууль саxиулаx байгууллагад ажиллаж байгаа эмэгтэй албан хаагчдын цалин эрэгтэй албан хаагчидтай харьцуулаxад ямар хэмжээнд байгаа зэрэг асуудлаар оролцогчидтой санал солилцсон юм. Энэ үеэр Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг "Хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлын хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад эмэгтэй албан хаагчдын тоо харьцангуй бага байгаа. Ер нь манай салбарт жендерийн бодлого дутагдаж байна. Энэ ч үүднээс Хууль зүйн яамны зүгээс Хууль сахиулахын их сургуульд ирэх хичээлийн жилээс эмэгтэй сонсогчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагын эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам хооронд ярилцаж байгаа" гэв.

Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг "Өнөөдрийн энэ сургалт нь урт хугацааны ач холбогдолтой юм. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагын жендерийн эрх тэгш байдлын асуудал олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж байгаа. Энэ салбарт эмэгтэй албан хаагчдын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх нь нийгмийн асуудал юм. Тухайлбал, хүний наймаа, хар тамхины гэмт хэрэг нь эмэгтэйчүүдийн оролцоотойгоор xийгдэж байгаа гэдгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн. Тодорхой хуулиудад эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар тусгах нь зүйтэй. Энэ талаар цаашид бид бүхэн дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай" гээд ХСИС-аас санаачлан үе шаттай сургалтуудыг зоxион байгуулж байгааг цаг үеэ мэдэрсэн чуxал ажил гэдгийг онцоллоо.

Энэхүү сургалтын хөтөлбөрт Нээлттэй ба аюулгүй хил, Хилийн аюулгүй байдал ба менежментийн системд нөлөөлж буй хүчин зүйлс,  Авлигатай тэмцэх ба ил тод байдлыг хангах, Хилийн шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хяналт,  Хилийн аюулгүй байдал ба менежмент,  Цагаачид ба дүрвэгсэд, Хилийн шалган нэвтрүүлэх боомтын хяналт ба эрсдлийн менежментийн зөв оновчтой сонголт зэрэг 20 гаруй асуудал багтсан байна.  Сургалтад Цагдаагийн ерөнхий газар,  ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал, Иргэний харьяалал, шилжилт  хөдөлгөөний ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний тагнуулын академи, Онцгой байдлын ерөнхий газрын 30-аад албан хаагч оролцож байгаа юм. Энэ удаагийн сургалтад хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагчид оролцож буйгаараа онцлог бөгөөд сургалт энэ сарын 6-ныг дуустал таван хоног үргэлжлэх юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

0 comments:

Post a Comment