Израйлийн ерөнхий сайд АНУ-ын Конгресст үг хэлнэ

Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-д айлчилж байна. Түүний айлчлалын гол зорилго Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээний асуудлыг хэлэлцэх юм. Өмнө нь Беньямин Нетаньяху "P5+1" багийн хэлэлцэж буй гэрээ нь Тегераныг цөмийн зэвсэг эзэмшихэд хориг, саад болж чадахгүй хэмээн мэдэгдэж байсан аж.
Үүний зэрэгцээ Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху маргааш /III.3/ АНУ-ын Конгресст үг хэлэх аж. Гэвч Беньямин Нетаньяху Конгресст хэлэх үгээ урьдчилан "Цагаан ордон"-ы албаныханд хянуулаагүй нь Обамагийн албатуудыг бухимдуулжээ. Түүнийг Конгресст үг хэлэхийг АНУ-ын бүгд найрамдах намын тэргүүнүүд урьсан аж.
АНУ, Их Британи, Франц, ОХУ, Хятад, Германы гадаад хэргийн сайд нарын "P5+1" баг Ираны төлөөлөгчидтэй зөвшилцөж, ирэх зургадугаар сарын 30-наас амжиж цөмийн хөтөлбөрийн асуудлаар гэрээ байгуулахаар зорьж буй. Үүний тулд тэд энэ гуравдугаар сарын эцэс гэхэд гэрээний ерөнхий бүтцийг хэлэлцэж тохирсон байх ёстой аж.
Ираны цөмийн хөтөлбөрийг Барууныхан цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилготой хэмээн хардаж буй бол Тегеран үүнийг энхийн зорилготой хэмээн тайлбарлаж буй. Барууныхны зүгээс цөмийн зэвсэг үйлдвэрлэх гол түүхий эд уран баяжуулалтаа бууруулж, үйлдвэрийн тоогоо цөөрүүлсний хариуд Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцлах болзол тавьжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment