"Дэлхийн шилдэг гэрэл зураг" булан удахгүй тохиох гэж буй Валентины баяртай холбогдуулан, хувиршгүй сэтгэлтэй хосуудын хайрын бэлгэдэл болсон нэгэн сонирхолтой зургийг хүргэж байна.
Дэлхий ертөнц даяаршиж буй одоо цагт шашин шүтлэг өөр хүнтэй гэрлэх нь тийм ёс бус зүйлд тооцогдохгүй. Харин түүхэнд "Харанхуй бүдүүлэг үе" хэмээн тэмдэглэгдсэн дундад зууны үеийн Европт ийм гэрлэлтийг огт хүлээн зөвшөөрдөггүй байв. Харамсалтай нь "Харанхуй зуун" дуусч, сэргэн мандлын үе эхэлсэн ч шашин хоорондын ялгаатай гэр бүлийг хавчин гадуурхах явдал байсаар байжээ. Ийм гадуурхалд өртсөн ч бууж өгөлгүй хайрандаа үнэнч үлдсэн хосуудын бэлэг тэмдэг гэж хэлж болох дурсгалыг та бүхэн харж байна. Зурагт харагдаж буй хөшөө бол армийн хурандаа Ван Аефферден болон түүний эхнэр Ван Горкум нарын шарил юм.

Нидерландын Рурмонд хотын хуучны нэгэн оршуулгын газрын буланд өндөр цементэн хананы наана цаана хоёр хосын булш бий.Тэр бол дээр хэлсэнчлэн, Нидерландын армийн хурандаа Ван Аефферден болон түүний эхнэр Ван Горкум нарын булш. Нидерландын залуухан хос өмнө нь тулгарсан бэрхшээл, асуудлыг үл тоон 1842 онд хуримлажээ. Тэдний амьдралд бишгүй олон бэрхшээл тулгарсаны хамгийн хэцүү зовлон нь нийгмийн гарал, шашин шүтлэг байсан байна. Ван Горкум католик шашинтай язгууртан эмэгтэй байжээ.
Харин Ван Аефферден протестант үзэлтэй, цэргийн хүн байсан аж. Гэрлэсэн цагаасаа эхлэн олны хэл амны бай, ширүүн эсэргүүцэл дунд амьдарч байсан ч тэд 1880 онд хурандаа ертөнцийн жамаар насан өөд болтол 40 жил ханилсан гэдэг. Ван Аефферденыг насан эцэслэхэд протестант үзэлтнүүдийн "Het Oude Kerkhof" гэх хуучны оршуулгын газарт нутаглуулсан байна. Хань ижлээ алдаж, уй гашууд автан амьдарсан эхнэр Ван Горкум тэр үеэс хойш яг найман жилийн дараа тэнгэрт хальжээ. Түүний өөд болохоосоо өмнө гуйсан эцсийн хүсэл нь өөрийг нь гэр бүлийнхнийх нь хажууд бус, харин нөхрийнх нь булшны хажууд нутаглуулах байсан аж.
Гэсэн хэдий ч тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу үзэл суртал, шашин шүтлэг, нийгмийн гарал тэс өөр хүмүүсийг нэг газар нутаглуулах нь хууль бус явдал байсан байна. Иймээс нөхрийнх нь хажууд нутаглуулна гэдэг боломжгүй зүйл болон хувирчээ. Ингэж л протестант, католик шашинт хоёр хосыг ханаар зааглан зэрэгцүүлэн оршуулсан байна. Тэдний хөшөөг нь хананаас өндөр хийж, хайр сэтгэлийг нь бэлгэдэн гар гараасаа барьж буйгаар босгосон байна. Энэ бол манай дэлхий дээр одоо ч оршин буй хамгийн хачирхалтай, сонин содон булшнуудын нэг төдийгүй, гэгээн хайрын бэлгэдэл болж иржээ.
Б.ДАВААХҮҮ
Эх сурвалж: www.mminfo.mn
0 comments:
Post a Comment