
Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович
Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Киевийн эрх баригчид экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг төрийн сангуудаас олон сая ам.доллар шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа аж. Виктор Янукович одоогоос жилийн өмнө суудлаасаа бууж, ОХУ-руу зугтан гарсан билээ. Өдгөө 64 настай Виктор Янукович хамгийн сүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сард Москва хотноо Америкийн кино найруулагч Оливер Стоунтай хамт зургаа авахуулсан байжээ.

Түүнчлэн Интерполоос Украины экс Ерөнхий сайд Микола Азаров, Сангийн сайд асан Юрий Колобов, "Укртелеком" харилцаа холбооны компанийн экс захирал Георгий Дзекон нарыг эрэн сурвалжилж байгаа аж.
Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзснаар Киевт Виктор Януковичийг огцруулахын төлөө жагсаал олон хоног өрнөсөн юм. Энэ үед жагсагчид болон хүчнийхний хооронд мөргөлдөөн гарч олон хүн амь үрэгдсэн билээ. Виктор Януковичийг суудлаас буулгасны дараа сөрөг хүчин Киевийн засгийн эрхэнд гарсан боловч Оросын талыг баримтлагч Крым болон Украины зүүн хэсгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан юм. Улмаар Крымын хойг өнгөрсөн гуравдугаар сард Украинаас салж, ОХУ-д нэгдсэнээр барахгүй зүүн хязгаарт салан тусгаарлах үймээн олон сар үргэлжилж байна. Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужид өрнөж буй салан тусгаарлах бослого үймээнд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаж буй.
Үүний зэрэгцээ Украины зүүн хэсэгт олон сар үргэлжилж буй зөрчил мөргөлдөөнийг зогсоох зорилгоор энэ долоо хоногт Казахстан улсад ОХУ, Киев, Франц, Германы албаныхан чуулга уулзалт хийхээр товлосон юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment