Tuesday, January 13, 2015

Хэрэгтний нэг нь алга болчихсон гэсэн

Малайзын Дээд шүүхээс өнөөдөр /2015.01.13/ Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутган ялын дээд хэмжээ оноосон талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Agence France-Presse-ийн мэдээлснээр Азилах Хадри болон Сирул Азхар Умар нар 2006 онд 28 настай загвар өмсөгч Ш.Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт нь цаазаар авах ял оноосон. Ш.Алтантуяаг хөнөөсөн залуус бол Малайзын сайд, дарга нарын бие хамгаалагчаар ажилладаг цагдаагийн элит ангийн гишүүд" гэж бичжээ. Одоогоос 9 жилийн өмнө буюу 2006 онд гарсан уг хэргийн хохирогч, талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугаас энэ талаар тодрууллаа.

-Таны охин Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр хүнд цаазын ял оноосон талаар гадны мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. Танд мэдээлэл ирсэн үү?

-Тэр талаарх мэдээллийг хоёр өдрийн өмнөөс би авч байсан. Гадаад хэргийн яаманд "энэ асуудлыг албан ёсны болгож өгөөч" гээд өчигдөр хандсан. Нот бичиг явуулдаг юм уу эсвэл албаны хүнээ явуулдаг юм уу, ямар ч байсан албан ёсны мэдээллийг өг гэдэг байдлаар хандаад байна. Малайзад өргөмжит консултай болсон. Өчигдөр ярихад "Эхнэр нь амаржих гээд эмнэлэгт байна" гэж хэлж байна лээ. Та бүхэн энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас асуусан нь дээр болов уу. Та бүхний авч байгаа мэдээлэл албан ёсны эсэхийг мэдэхгүй юм. Миний мэдэж байгаагаар гэмт хэргийг үйлдсэн гэх хоёр хүний нэгийг нь алдчихсан, одоо болтол олоогүй, хайж байгаа гэсэн.

-Ял оноосон гэдэг нь албан ёсных биш байх магадлалтай гэсэн үг үү?

-Энэ асуудал олон жил явсан учраас хэргийг хаая гэдэг үүднээс асуудалд хандаж байж болно. Хаана гэдэг нь хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш. Холбооны шүүх буюу манайхаар Дээд шүүхийн хурал нь болсон хэрэг. Анхан шатны шүүхээр цаазын ял оноосон боловч хоёр дахь шатны шүүхээс тэр хүмүүсийг суллачихсан шүү дээ. Би энэ асуудлаар тууштай явсан. Эрхзүйн гэрээ байгуулах, олон монголчуудын эрхийн асуудал, хүний эрх гээд яриад байдаг хэрнээ энэ хэрэгт анхаарал хандуулаач гээд амар заяаг нь үзүүлдэггүй юм. Сүүлдээ хоёр улсын харилцаанд туслаач гэдэг зүйл тулгадаг. Хэдэн зуун хүн ийм асуудалд холбогдсон бол одоо шийдэж чадахгүй байна гэхсэн. Ганцхан ийм ноцтой иргэний эрх, амь настай холбоотой асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ. Яам нь надаас мэдээллээ авч, ажлынхаа төлөвлөгөөг гаргаж байна. Тэд юу хийх юм, юу ч хийхгүй. Би ганцаараа л үүний араас явж байна. Дөрвөн жил цалингаа аваад баяртай гээд явна, тэгээд дараагийн хүмүүс нь томилогддог. Ингэж л явсаар ирсэн.

-Цааз оноосон гэдгээр хэргийг хаах өнгөлөн далдлалт явж байж магадгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Тэгэхгүй гээд өөр гарц тэдэнд байхгүй шүү дээ. Би малайзчуудын тэнгэртэй нь ярина гэж хэлсэн. Өнөөдөр Малайзад ямар харамсалтай осол болж байна. Монгол хүний тэнгэр шүтлэг, биднийг дээрээс хардаг тэнгэр заяа байна аа даа. Үүнийг дахин сануулах хэрэгтэй. Та бүхэн өөрсдөө Гадаад хэргийн яамнаас асуу. Гэхдээ бор шувуу нисгэж байхыг үгүйсгэхгүй. Би Тайландад байгаа Элчин сайдаа Монгол руу явуул гэж санал тавьсан. Хоёрхон цаг нисдэг юм чинь одоо ирчихсэн байлгүй.

С.ОТГОНСҮРЭН

 

0 comments:

Post a Comment