Ам.долларын ханш зогсолтгүй өссөөр 1850 төгрөгтэй тэнцэв. Төгрөгийн ханш шалдаа бууж, бизнес эрхлэгчдийг дампуурлаас зайлах гарц үгүй болгож байгаа ч төв банк ганц үг ган хийсэнгүй. "Болох юм болдгоороо болж байна" гэсэн шиг амирлангуй.
Засгийн газарт ч санаа зовж буй шинж алга, амарч зугаацахаа л тэргүүнд тавив. Ам.долларын ханшийг 1384 төгрөг рүү буулгах амлалт аван Монгол Улсын 2014 оны төсвийг УИХ-аар батлуулсанаа мартсан бололтой, долдугаар сарын 28-нд Засгийн газрын ээлжит хуралдааныг Хөвсгөл аймагт хийнэ ч гэх шиг. Чухал аминд тулсан асуудал шийдвэрлэх нь үү гэтэл үгүй юм, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Мөрөн хүртэл тавьж байгаа авто замын ажилтай танилцахын тулд ийм зүйл сэдсэн байх жишээтэй. Уг нь авто замын салбарыг хариуцдаг бүхэл бүтэн яам бий. Сайдтай, дэд сайдтай, төрийн нарийн бичгийн даргатай, хэн нь ч орон нутагт ажиллаад авто замын чанарыг шалгачихаж болмоор. Гэтэл эдийн засаг хүндэрч, өдрөөс өдөрт аж ахуйн нэгжүүд хүндэрч, ард иргэдийн амьдрал доройтож байхад 19 сайд албатуудаа дагуулаад Хөвсгөл аймгийг зорих нь хэнд хэрэгтэй юм бэ?. Сайд нар л байгалийн сайханд амарч алжаалаа тайлахаас биш, улс оронд хэрэгтэй зүйл нэг ч болохгүй. Харин ч эсрэгээрээ татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон хэрэг болох биз.
Яагаад гэвэл, сайд бүр том жипээ хөлөглөнө, зөвлөхүүд нь бас явж таарна. Зам тээврийн яам бараг тэр чигээрээ хөдөлж таараа. Тэр том жипүүдыг усаар "угжихгүй" нь ойлгомжтой. Зөвхөн түлшэнд нь хэдий хэмжээний зардал гаргах бол... Дээр нь очсон аймгаа хүндрүүлнэ. Ерөнхий сайд дангаараа ганц аймагт очиход хэдий хэмжээний зардал гарч, татвар төлөгчдийн мөнгө үргүй зардал болж хувирсныг "Ерөнхий сайдын 30 минут" уулзалтын үеэр сэтгүүлч хөндөж л байсан даа.
Нөгөөтэйгүүр, гурван жилийн өмнө С.Батболдын танхим Засгийн газрын ээлжит хуралдааныг Өмнөговьд хийсэн ч яг, юу шийдсэн юм бэ. Баахан л унаа тэрэг хөлөглөн давхицгааж, зардал чирэгдэл болсон. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу гэх асуудал хөндсөн ч байгаль хамгааллын асуудал бахь байдгаараа л байна. Азаар тухайн үед эдийн засаг өсөлттэй байж. Товчхоноор хэлбэл, өмнөх Засгийн газрын говьд хийсэн хуралдааныг одоогийн Засгийн газар хангайд үргэлжлүүллээ гээд юуг өөрчлөх юм бэ. Авто зам та нартай та наргүй баригдаж, ашиглалтад орно. Ингэж цаг үрж, ажил хийсэн дүр эсгэхийнхээ оронд гол ажлаа барьж авч ажиллах цаг биш үү. Авсан амлалтыг нь бодохоор байгалийн сайхныг сорчилж зугаалах цаг зав байхгүй л баймаар.
УИХ-аар батлуулсан Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, долларын ханшийг тогтворжуулах гээд олон чухал амлалт авсан. Түүнээс аль нь биелж, ажил урагшлаад байгаа юм бэ?.
Энэ улсыг хөгжүүлье гэсэн бодол байдаг юм бол ажлаа хийх цаг болж... Хэнтий, Дорнодгүй хэсч явтал ам.долларын ханш 1850 төгрөгтэй тэнцлээ, цаашид өсөхгүй гэх баталгаа алга. Дээр нь намрын их ажил хүлээж байна, аймаг, сумгүй 90 жилийн ойн баяр хийгээд юун өвөлжилтийн бэлтгэл хангахтай манатай, дэвсэн, аархсан наадамчид газар сайгүй байна. Зарим нэг нь бизнесээ дампууруулсандаа бачимдаж, орох гарах газраа олж ядаж байна. Асуудал ийн хүндрээд байхад яасан Засаг гэхээрээ ийм амар амгалан болдог байна аа.
Шаардлага байгаа бол УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах саналыг УИХ-д хүргүүлсэн ч яагаад болохгүй гэж... Удахгүй наймдугаар сар гарна, түүнээс урьтаж шаардлагатай арга хэмжээг авахгүй бол долларын ханш хяналтаас гарах нь байна.
Төв банкны хувьд долларын ханшийг тогтворжуулна гэхээс илүүтэй хариуцлагыг бусад руу түлхэх оролдлогыг л гаргуун хийх. Ажлаа хийж чадахгүйн зэрэгцээ шүүмжлэл ч сонсож чадахгүй, тэгсэн хэрнээ төв банкинд ажиллах дуртайг яана вэ.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment