Төрөөс "том" Б.Нямтайшир
Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайшир гэж төр засгийн шийдвэрийг тодорхойлогч том хүн байна. Ерөөс МАК гэж компани Монгол төрийн толгой дээр гарч суучихаад эрх ашигтаа нийцүүлсэн шийдвэрийг улстөрчдөөр гаргуулсан жишээ цөөнгүй. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Цагаансуваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн явдал юм. МАК-ийнхан салбар хариуцсан сайд Д.Ганхуягийг уурхай дээрээ аваачиж байгаад төрийн зүгээс эзэмших хувь хэмжээгээ бушуухан тогтоож өгөхгүй бол бүтээн байгуулалтыг зээлээр санхүүжүүлэх гэрээ, баяжмалыг урьдчилан борлуулах ерөнхий гэрээний хүрээнд хийгдэх ажлууд зогсоод байгаа талаар лекц уншсаны араас улстөрчид ийм алхам хийгээд буй. Д.Ганхуяг сайд тус компанийн дуудлагаар яваад ирэнгүүтээ Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан юм. Төсөлд нь тусгаснаар бол нийт хөрөнгө оруулалт болох нэг тэрбум ам.долларын 34 хувийг төрийн хөрөнгө оруулалтаар хийж, 34 хувийн хувьцааг төр эзэмшихээр зааснаа хуулийн дагуу гэж байсан. Тэр хэмжээний хөрөнгө мөнгийг энэ оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр тусгаж оруулж ирсэн нь хууль зөрчсөн асуудал биш гэсэн тайлбарыг сайд өгөөд байсан. Тэгтэл Эдийн засгийн байнгын хороо бүр төр эзэмших шаардлагагүй гэсэн шийдэлд хүрчихсэн. Энэ нь МАК-ийн зүгээс төр засгийн шийдвэрт оролцоогоо бүрэн дүүрэн харуулж чадаж байгаа хэрэг гэхээс өөр юу гэхэв.
Уг нь Цагаан суваргын ордыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой орд гэж үзсэн учраас 2007 онд Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулсан байдаг. Одоог болтол тэр жагсаалтад байж байгаа. Улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын 51 доошгүй хувь төрийн мэдэлд үлдэх ёстой гэсэн асуудал энэ орд дээр бол утгаа алдсан. Төрийн хөрөнгөөр нээгдсэн энэ ордод хувийн хэвшлийнхэн орж ирсэн, улмаар лиценз нь 1999 онд "Монголын Алт" компанийн мэдэлд очсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг нь энэ ордын 50 хувийг төрийн мэдэлд байлгах ёстой талаар ярихгүй биш ярьж ирсэн юм.
2007 онд Оюутолгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг анх боловсруулж байсан Засгийн газрын Ажлын хэсгийнхэн Цагаан суваргын ордын лицензийг эзэмшигч "МАК" зэрэг компанитай хэлэлцээ хийх үүрэг хүлээж байсан билээ. Орд дахь төрийн эзэмшлийн хувь хэд байх талаар санал, хувилбарыг боловсруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцөх, үүний тулд "Монголын Алт" компаниас тус ордод хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаархи мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн мэдэгдлээ ч Ажлын хэсгээс хүргүүлж байсан байдаг. Гэвч тухайн үеийн Засгийн газар МАК-ийн эсрэг байр сууриа дорвитой илэрхийлж чадаагүй гэдэг нь орд 100 хувь тэдний мэдэлд үлдсэнээс ойлгогддог. Мэдээж өнгөрсөн хугацаанд МАК-ийн энэ ордод оруулсан хөрөнгө оруулалтыг үгүйсгэх гэсэнгүй. Австралийн Уорли Парсонс /Worley Parsons/ компанид захиалга өгч Цагаансуваргын ордын зэс молибдени боловсруулах үйлдвэрийг бариулж байгаа. Уорли Парсонс энэ ажлынхаа үр дүнд 65 сая ам.долларын үр ашиг хүртэнэ гэдгээ мэдэгдсэн. Нэг талаас энэ том төслийг хувийн хэвшил дангаараа хариуцан авч явж байгаа нь сайн хэрэг ч, нэгэнтээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний гэх тодотголыг дагуулдаг, их хэмжээний мөнгө, үр ашгийг дагуулах энэ ордод төрийн хяналт байх нь зөв гэдэг асуудал яригдаж ирсэн байдаг.
Төрийн зүгээс тус ордыг стратегийн гэж тодотгохдоо эдийн засгийн эргэлтэд оруулснаар "Дорноговь, Өмнөговь аймгуудын өмнөд хэсгийн сумдын ажилгүйдлийн түвшинг бууруулна. Говь нутагт хүн ам төвлөрөн суурьших бололцоог бүрдүүлнэ. Хүн малын тоо олшрон шинэ бэлчээр газар нээгдэх, хөрсийг хамгаалах, Цагаан цавын гүний усны бассейныг ашиглан олон жилийн өмнө тарьж ургуулж байсан тарвас, жимс, төмс хүнсний тариалан ургуулах ажлыг сэргээн орон нутгийн болон арми, хилийн цэргийн анги нэгтгэлийн хүнсний хэрэгцээг хангах, малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд хөгжих, улсын хилийн доторхи асар уудам нутаг эзэнгүйдэх байдлаас арилгах зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын суурьшил бодлогын олон асуудлууд шийдвэрлэгдэх бололцоо бүрэлдэнэ" хэмээн ач холбогдлыг нь жагсаасан байдаг юм.
Гэтэл өдгөө 100 хувь эрх мэдлийг гартаа атган суугаа МАК ийм хэмжээний үр ашгийг дагуулж дийлэх үү гэдэг асуултад чадна гэсэн итгэл дүүрэн хариултыг өгөхөд дэндүү эрт байна. Нийгмийн хариуцлагын тухайд нойл заадаг МАК дангаараа тийм их үйлийг бүтээж чадах болов уу. Б.Нямтайшир ноёнтон юу бодож суугаа бол...
М.МӨНХЖИН
Эх сурвалж: www.grandnews.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment