Өнөөдөр 3 авто замын нээлт боллоо. Тухайлбал Толгойт Орбитын чиглэлийн 3.6 км авто замын барилгын ажлын нээлт, Хан-Уул дүүргийн 5 хороо Яармагийн Хаан банкны салбараас хойшхи 0.5 км авто замын ашиглалтын нээлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хотхон хүртэлх 0.75 км авто замыг ашиглалтын нээлт тус тус болов. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж болон ажил гүйцэтгэсэн компанийн удирдлага, холбогдох албаны хүмүүс оролцов.
Дөрвөн эгнээ шинэ замыг нээв
Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур "Жапан таун" орон сууцны хороолол хүртэл 0.75 км авто замыг Улсын комисс тавдугаар сарын 24-нд ашиглалтад хүлээн авсан. Харин өнөөдөр тус автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлт Удирдлагын академийн өмнөх талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга болон "Наранбулаг-Хан" ХХК-ийн захирал н.Балдандорж нарын хүмүүс оролцож тууз хайчиллаа.
Уг авто замын барилгын ажлыг "Наранбулаг Хан" ХХК энэ оны гуравдугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор энэ оны зургадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч хугацаанаас өмнө ашиглалтад бүрэн оруулсан байна. Уг замын зорчих хэсгийг зам барилгын ажил эхлүүлснээс хойш маш богино хугацаанд буюу сар орчмын хугацаанд /2016.05.02/ нээсэн юм. Үүнээс хойш явган зам болон гэрэлтүүлэг тавих ажлууд хийгджээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Би энэхүү зам засварын ажлын явцтай байнга ирж танилцаж, хянаж явсан. Яагаад гэвэл энэ бол манай хотын хувьд их чухал онцгой зам байгаа юм. Учир нь Чингисийн өргөн чөлөө, Их Монголын өргөн чөлөө гэсэн хотын гол хоёр шугамыг холбож өгөх нэвтрэх зам нээгдсэн. Байнга шалгасан шалтгаан энэ байлаа. Тэгээд зам барьж гүйцэтгэсэн "Наранбулаг-Хан" ХХК-ийн хамт олонд талархалаа илэрхийлье. Мэдээж бид шийдвэр гаргана. Гэхдээ ажлыг хийж бүтээж байгаа хүмүүс нь манай авто замын компаниуд. Үнэхээр авто замын компанийн чадвар чансаа хурд хүч маш их өссөн гэдгийг харж байна. Ер нь Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг "Наранбулаг-Хан" ХХК, "Тотал инч", "Экспресс зам", "Эрдэнэ" зам зэрэг компани голлож хийсэн. Бусад компани халгаад ордоггүй газар руу энэ хэдэн компаниа л эргээд гуйж, түлхэж оруулдаг. Өглөө би "Тотал инч" компанийн барьсан шинэ замын нээлтэд очсон. Нэлээдгүй хүнд даалгавар аваад орсон ч амжилттай дуусгасан байна билээ. Тийм учраас та бүхэндээ маш их баярлаж байгаагаа, ачааны хүндийг та бүгд үүрсэн гэдгийг Нийслэлчүүдийнхээ өмнөөс хэлэх нь зүйтэй. Ер нь сүүлийн жилүүдэд манай авто замын компаниуд социализмын үед ч хийж байгаагүй тийм дээд амжилтуудыг тогтоож байгаа. Зам тавих хурд бол гадны зочид төлөөлөгчдийг гайхтал нэмэгдсэн. Тэр битгий хэл гадаадад жаахан удсан Монголчууд эх орондоо ирээд төөрч байна, хаагуур ч яваад байна даа гэх зүйлсийг ярьдаг. Замыг шинэчлээд зогсохгүй шинэ технологиор барьж байгаа. Мөн замуудын тоноглол шинэчлэгдэж тавигдаж байгаа. Энэ зам дээр гэхэд ус зайлуулах шугам зэргийг шинэ технологиор хийсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Цаашдаа олон бүтээн байгуулалтыг хамтран хийх болно гэдгийг хэлмээр байна" хэмээв.
Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсныг иргэд санаж байгаа. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулзвараас Маршал таун хүртэл 0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ. Мөн засвар шинэчлэлтийн хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 м өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, гэрэлтүүлэг байршуулж, борооны усны шугамыг шинээр тавьсан талаар "Наранбулаг-Хан" ХХК-ийн ерөнхий инженер Г.Арахад хэлж байна. Тэрбээр "Эхний 0.35 километр замын хуучин хучилтыг шинэчилсэн. Сүүлийн 400 метрийг бол хөрсийг цэвэрлэдэг нүхжилтийн сууриар бэхжүүлсэн. Мөн явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам хоолойг иж бүрнээр суурилуулсан. Энэхүү замд гэрээний дагуу 3 жилийн баталгаа өгнө. Гэхдээ түүнээс ч илүү хугацаанд эвдрэл, гэмтэл үүсэхгүй байх боломжтой чанартай зам болсон гэж бодож байгаа" хэмээв.
Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос "Жапан таун" хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14м өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болгожээ.
Уг авто зам нь хэдий хэмжээний хувьд богино мэт боловч иргэдэд маш их ач холбогдолтой зам гэж хэлж болно. Учир нь Зайсангийн гудамж нь "Жапан таун" хотхоны авто замтай холбогдсоноор Чингисийн өргөн чөлөөгөөр дамжин хотын төв, зүүн тийшээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай нийлэх гол маршрут зам болж байгаа юм. Мөн тухайн суурьшлын бүс орчмын иргэдийн хувьд Чингисийн өргөн чөлөө болон бусад замтай холбогдох хамгийн дөт зам болон түгжрэл багасгах зам болсон гэдгийг Нийслэлийн удирдлагууд онцоллоо.
Толгойтын замыг засч эхэллээ
Сонгино хайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6км авто замын өргөтгөл шинэчлэлт, засварын ажил өнөөдөр эхэллээ. Энэхүү замыг 1978 онд анх барьж гүйцэтгэсэн. Улмаар замын төгсгөл хэсэгт 1985 онд засвар шинэчлэлт хийснээс хойш дахин засварлаагүй өдийг хүрчээ. Харин энэ жил Нийслэлийн төсвийн хөрөнгөөр замын шинэчлэлтийн ажлыг "Тотал инч" ХХК гүйцэтгэж байна. Долоодугаар сарын 5-нд хучилтыг хийж урьдчилсан байдлаар хүлээлгэн өгөх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-нд эцсийн байдлаар Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах аж.
Хуучин авто зам нь 7 м өргөн зорчих хэсэгтэй бол засвар шинэчлэлт хийж 14 м өргөнтэй болгох аж. Түүнчлэн тухайн хэсгийн авто зам бүтцийн хувьд эвдрэлтэй, борооны ус зайлуулах шугамгүй байснаас ус их тогтдог байв. Эдгээр асуудлыг шийдэх үүднээс замд бороо ус зайлуулах хоолой, явган хүний зам, гэрэлтүүлэг зэргийг шинэ технологиор барьж суурилуулах тухай "Тотал инч" ХХК-ийн инженер хэлж байна.
Түүнчлэн Нийслэлийн 65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг нурааж, шинээр барин асфальтан хучилтын ажил хийх юм байна. Мөн энд 230 орчим айлын газрыг чөлөөлүүлэх шаардлага байгаа аж. Эхнээс нь айлуудтай гэрээ хэлцэл байгуулан газар чөлөөлөх асуудлыг цэгцэлж байгаа юм байна.
Ийнхүү Нийслэлд хоёр шинэ зам ашиглалтад орж, дахин нэг замын шинэчлэлт засварын ажил эхэллээ.
Г.Тэгшсүрэн
0 comments:
Post a Comment