Tuesday, May 31, 2016

Б.Баттуяа: Би В.Путины тэтгэлгийг авсан

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Олон Улсын  Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан дэлхийн болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа манлайлсан 27 сурагчыг өчигдөр шагнасан. Энэ үеэр шагнал хүртсэн зарим сурагчтай цөөн хором ярилцлаа.

Д.Уртнаст: Хичээж байгаа хүнийг амжилт дагадаг


/Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар  сургуулийн 12Б ангийн сурагч, Монгол хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга/

-Шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл өндөр байна. Шагнал өгч байгаа НЗДТГ болон Нийслэлийн боловсролын газрын хамт олонд баярлалаа. Мөн намайг өнөөдрийн энэ амжилтанд хүрэхэд тусалсан СХД-ийн 76-р сургуулийн Монгол хэлний хичээлийн багш Нансалмаадаа үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.

-Урьд нь авч байсан шагналаасаа дурьдвал?

-Монгол хэл, бичгийн олипиадад долоодугаар ангиасаа хойш жил болгон оролцсон. Өмнө нь нэгдүгээр байр, гуравдугаар байрын шагнал эзэлж байсан. Энэ жил олимпиадын аварга болж шагнал авч байна. Би энэ шагналыг аваад шантралгүй хичээсэн хүнийг амжилт дагадаг юм байна гэдгийг мэдэрсэн.

-Зарим сурагч монгол хэл, бичгийн хичээлдээ тааруухан байдаг. Үеийн найзууддаа хандаж юуг захимаар байна.

-Хэлтэй бол хөлтэй гэдэг. Түүн шиг эх хэлээ сурчихсан байхад бусад орны хэлийг сурах амархан байх болов уу гэж бодож байна. Монгол хүн юм чинь монгол хэлээ сайн сураад дэлхийд өрсөлдөхүйц өндөр боловсролтой, боловсон хүчин болоорой. Залхууралгүй сайн хичээгээрэй гэж хэлмээр байна.

-Маргааш хүүхдийн баяр болно. Яаж баярлах вэ?

-Багадаа уут дүүрэн бэлэг авдаг байсан. Одоо ээж, аав бэлэг авч өгдөггүй. Харин найзуудтайгаа баярлаарай гээд мөнгө өгдөг. Түүгээр нь найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөхийг боддог доо.

Ч.Хулан: Би эрдэмтэн болно


Сүхбаатар дүүргийн "Хобби" сургуулийн  2Д ангийн сурагч, "Кенгуру" олон улсын математикийн олимпиадын Хүрэл медальт

-Математикийн олимпиадаас медаль авсан байна. Тоо бодох гоё уу?

-Тоо бодох хөгжилтэй байдаг. Тэгээд бас оюун ухаан маань хөгждөг.

-Өнөөдөр шагнал авлаа. Баярлаж байна уу?

-Баярлаж байна. Тэгээд намайг хичээл хийхэд минь тусалж, надтай найзалж, энэ шагналыг авахад минь хамт байсан найзууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ангийн багшдаа ч бас баярлаж байгаа. Тийм үү?

-Тийн. Манай ангийн багшийг Гэрэлцэцэг гэдэг. Би шагнал авсан нь миний багшийн минь ач. Тийм болохоор багшдаа баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?

-Би том болоод эрдэмтэн болно гэж боддог.

-Эрдэмтэн гэж ямар хүнийг хэлдэг бол?

-Бүхнийг мэддэг бас чаддаг мундаг хүнийг хэлнэ.

-Маргааш хүүхдийн баяр болно. Яаж баярлах гэж байна?

-Эмээгийндээ очиж, хамаатныхаа ах эгч нартайгаа цуглаж баярлана. Бүх найзууддаа хүүхдийн баярын мэнд хүргэе. 

Э.Элдэв-Очир: Тоо бодох ёстой гоё


/Сүхбаатар дүүргийн "Сант" сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, "Кенгуру" олон улсын математикийн олимпиадын аварга/

-Ямар олон медальтай хүүхэд вэ. Чамд нийт хичнээн медаль байдаг вэ?

-Надад нийт 17 медаль байдаг. Бүгдийг нь тооны олимпиадад оролцож авсан. Ихэнхи нь аваргын медаль байгаа. Гэхдээ гурав, дөрвөн дэд, тусгай барын медаль ч бий.

-Тоо бодох гоё уу?

-Тоо бодох ёстой гоё. Хүүхдүүд тоогоо бодож чадахгүй будиллаа гээд л багш нартаа загнуулдаг. Би л лав загнуулдаггүй. Хүүхдүүд юун дээр будилаад буруу бодоод байдаг юм мэдэхгүй. Надад лав тоо бодох амархан.

-Чамд огтхон ч хэцүү санагддаггүй гэж үү?

-Үгүй ээ. Хэцүү биш. Утгыг нь олчихвол надад харин ч сонирхолтой санагддаг.

-Шагнал авлаа. Хэнд баярлалаа гэж хэлмээр байна?

-Багшдаа их баярлаж байна. Тэгээд бас хүүхдүүддээ хүүхдийн баярын мэнд хүргэе.

Б.Баттуяа: В.Путины тэтгэлэгт хамрагдсан


/Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн арван хоёрдугаар ангийн сурагч, Орос хэлний хичээлийн хотын олипиадын аварга/

-Хүүхдүүд Англи хэлийг сонирхон судлах нь элбэг. Харин Баттуяа яагаад Орос хэлийг сонгон судлах болсон бэ?

-Би багаасаа Орос хэлийг сонгосон гэж хэлж болно. Яагаад гэвэл би багадаа Орос тавдугаар цэцэрлэгт явдаг байсан. Дараа нь Орос гуравдугаар сургуульд наймдугаар анги хүртлээ суралцаад тэр сургуулиасаа 23 дугаар сургууль руу шилжин суралцсан. Тэгэхээр Орос хэл амьдралын минь салшгүй хэсэг байсаар ирсэн.

-Тэгвэл бараг унаган Орос хэлтэй болжээ?

-Тэгж хэлж болох юм. Ямар ч байсан Оросоор чөлөөтэй ярьж, бичиж чадна. Цэцэрлэгээс эхлээд одоог хүртэл нийтдээ 15 жил орос хэлийг суралцаж байна.

-Олон уралдаанд оролцож байв уу?

-Зөндөө тэмцээнд оролцсон. Нийслэлийн Орос хэлний олимпиадын нэгдүгээр байранд орж байсан. Мөн Улсын Орос хэлний олимпиадад дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Саяхан зарлагдаад дууссан  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн байгаа.

-Баяр хүргэе. ОХУ-ын ямар сургуульд суралцах бодолтой байна вэ?

-Баярлалаа. Одоо сургуулиудаас хуваарь ирэхийг хүлээж байна. Ямар ч байсан эдийн засгийн дээд сургуульд суралцах боломжтой болсон. Тэгээд энэ завшааныг ашиглаад намайг энэ зэрэгтэй Орос хэл зааж, сургасан Орос хэлний багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment