Thursday, May 12, 2016

Ч.Содномцэрэн: Мандат хуваарилах хуулийн хугацаа бямба гаригт дуусна

Ч.Содномцэрэн: Мандат хуваарилах хуулийн хугацаа бямба гаригт дуусна

38 минутын өмнө

        УИХ-аар сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг хэлэлцсэнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.СОДНОМЦЭРЭНГЭЭС цөөн асуултад хариулт авлаа.

-СЕХ-ноос оруулсан тогтоолын төслийг байнгын хороогоор хэр өөрчлөв?

-Зарим тойрог дээр зарчмын шинжтэй санал гарсан. Гэхдээ үндсэндээ СЕХ-ны оруулж ирсэн саналыг дэмжлээ. Тулгамдсан асуудал нь тойрог байгуулах, мандатын тоог тогтоох асуудал. Үндсэн хуулийн Цэцээс Сонгуулийн хуулиас хувь тэнцүүлсэн тогтолцоог түдгэлзүүлсэн. Ингэснээр 150 хоногийн өмнө тойрог, мандат тогтоодог байсныг 45-аас доошгүй гэж өөрчилсөн. 45-аас доошгүй хоногт гэдэг нь ирэх бямба гаригт дуусч байгаа юм. Тэгэхээр УИХ-д хоёр хоног л үлдлээ. Хэрвээ энэ хугацаанд шийдвэрээ гаргахгүй бол хууль зөрчсөн болно.

-Энэ мэт маргаантай байдлаас үүдээд сонгуулийг хойшлуулах нөхцөл үүсэх юм биш биз дээ?

-Үндсэн хуульд зааснаар тийм боломж байхгүй. Сонгууль хойшлуулах ганц л заалт бий. Тэр нь дайн дажин, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед хойшлуулах заалттай. Бусад үед ээлжит сонгуулийг дөрвөн жил тутамд, хуулийн хугацаанд явуулах учиртай.

-Мандат хуваарилалтыг СЕХ захиалгаар хийлээ гэж хардах гишүүн олон байна л даа?

-Тийм байх боломжгүй. Төрийн байгууллагыг ингэж хэлж болохгүй. Манайх хараат бус байгууллага шүү дээ. Бидэнд олон хүсэлт ирсэн. МАН-ын бүлэг болон зарим аймаг, сум, УИХ-ын гишүүн, Засаг дарга нараас ч ирсэн. Тэр болгоныг харгалзаж үзэх боломжгүй. 76 гишүүний эрх ашгийг тэнд тусгах аргагүй. Үндсэндээ 28 мандат хуваарилж байгаа үйл явцыг ойлгох хэрэгтэй. 76-г дахин хуваарилаагүй. Илүү гарсан 28 мандатыг хот, хөдөөд хэдийг хуваарилах тухай л асуудал ярьсан шүү дээ. Тэгэхээр14 мандатыг бүх аймагт нэмэх боломжгүй гэсэн үг.

-Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа хэдийнээс эхлэх вэ?

-Тавдугаар сарын 23-наас эхэлж, тав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үүний дараа гурав хоногийн дотор СЕХ-нд материалаа ирүүлнэ гэсэн үг. Бүртгэх эсэхийг СЕХ тав хоногт багтаан шийднэ. Тэгэхээр нэр дэвшүүлснээс хойш 13 хоногийн хугацаа байна гэсэн үг.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа 14 мянган иргэн саналаа өгөх боломжгүй болсон гэсэн. Яагаад ийм байдал үүсчихэв?

-Үндсэн хуулийн Цэцээс пропорциональ тогтолцоотой холбоотой хэсгийг түдгэлзүүлсэн. Энэ тогтолцоонд гадаадад байгаа иргэдийн саналыг авах заалт байсан. Үүнийг нь УИХ хүлээж аваад, хүчингүй болгочихсон учраас хуулиараа санал өгөх боломжгүй болсон гэсэн үг.

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment