Ц.Болдсайхан: Бичиг баримтын зөрчилтэй бол өөр хүнийг шинээр дэвшүүлж болно
52 минутын өмнө
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн нам, эвсэл бүртгүүлсэн бэ. Бүртгэх эсэх шийдвэрийг хэзээ гаргах вэ?
-Нам, эвслүүд бага хурлаа хийж, энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ өнгөрсөн баасан гаригт тодруулсан. Энэ сарын 28-наас нам, эвслийн нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн бөгөөд сүүлийн хугацаа болж байна. Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хуулийн хугацаа эхэлсэн өдөр нам, эвслээс материал ирүүлээгүй. Харин энэ сарын 19-нд буюу ням гаригт нэг нам, нэг эвсэл материалаа манайд хүлээлгэн өгсөн. Өнөөдөр /өчигдөр/ Монгол Ардын нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэн өглөө. Хуулийн хугацаанд бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн материалыг маргааш /өнөөдөр/ юм уу, нөгөөдөр СЕХ-ны гишүүдийн хурлаар авч, хэлэлцэн бүртгэх эсэх шийдвэрийг гаргана.
-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж буй хүмүүсийн бичиг баримтыг хэд хоногийн хугацаанд хүлээж авах вэ?
-Бие даагчдын нэр дэвшүүлэх үйл ажиллагаа өнгөрсөн ням гаригт дууссан. Тодруулбал, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дууссаны дараа өдрөөс материалыг хүлээн авч, бүртгэдэг. Одоогоор 20 орчим бие даагч, материалаа манай хороонд ирүүлсэн байна. Бие даагчдын материалыг хүлээж авах сүүлийн хугацаа зургадугаар сарын 1.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн материалыг хянаж шалгахад ямар нэгэн байдлаар зөрчил илэрсэн тохиолдолд түүнийгээ засч залруулах эсвэл өөр хүн нөхөж, нэр дэвшүүлэх боломж бий юү. Нэр дэвшигчдийг ямар тохиолдолд бүртгэхээс татгалзах вэ?
-Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг хуульд тодорхой заасан. Тухайлбал, бүрдүүлэх ёстой бичиг баримт дутуу, эсвэл өр төлбөртэй зэрэг шаардлага хангахгүй тохиолдолд бид бүртгэхээс татгалзана. Тодруулбал, хуульд заасан татгалзах үндэслэлийг л бид баримтална. Ингэхдээ бид шаардлага хангахгүй байгаа тохиолдолд бүртгэх боломжгүй байгаагаа урьдчилаад мэдэгдэнэ. Нам, эвслийн хувьд зөрчлөө арилгах, өөр хүн нэр дэвшүүлэх хугацаа бий. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 4-ний өдрөөс өмнө ямар нэгэн материал дутуу байгааг мэдсэн тохиолдолд тухайн нэр дэвшигчийнхээ материалыг гүйцээж өгөх эсвэл тэр дэвшигчийнхээ оронд өөр хүнийг нэр дэвшүүлж болно. Ингэхдээ тухайн нэр дэвшигч хуульд заасан журмын дагуу материалаа бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бүртгүүлэхээр материалаа ирүүлсэн өмнөх нэр дэвшигч ямар журмаар дэвшсэн тэр дагуу зохион байгуулж, материалыг нь манайд ирүүлэх ёстой. Хэрэв ийм тохиолдол гарвал зургадугаар сарын 6-ны дотор бүртгэл хийх үүрэгтэй.
-Хуульд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчдэд сонгуульд өрсөлдөх эрх бүхий үнэмлэхийг нь хэзээ гардуулах вэ?
-Нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчдэд зургадугаар сарын 7-нд нэгдсэн журмаар үнэмлэх олгоно. СЕХ-ны захирамжаар ажлын хэсэг байгуулсан бөгөөд дөрвөн хэсэгт хувааж, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна.
-Нам, эвсэл нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулсан эсэхийг танай байгууллагааас хэрхэн хяналт тавих вэ. Тухайлбал, МАХН 02.00 цаг хүртэл хуралдсан гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар танайд ямар нэгэн гомдол ирсэн үү?
-Энэ талаар манайд янз бүрийн гомдол ирсэн зүйл одоохондоо алга. Нам, эвслийн ирүүлж буй бичиг баримтыг эхний ээлжид шууд хүлээж авна. Хэрэв хуульд заасан хугацаанд нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулаагүй гэсэн гомдол гарвал түүнийг хуулийн байгууллага шалгаад үнэн эсэхийг тогтооно. Ер нь мөрдөж байгаа Сонгуулийн тухай шинэ хуулиар бол аливаа хууль зөрчсөн асуудлыг тогтоох байгууллага нь шүүх болсон. Энэ тохиолдолд өмнө нь СЕХ өөрсдөө тогтоодог байсан. Хэрэв иймэрхүү гомдол байгаа бол холбогдох баримт нотолгоогоо гаргаж, шүүхэд хандах хэрэгтэй. Үүний дараа Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх шийдвэрийг шүүхээс гаргана. Тухайн шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчдийг татах, бүртгэхгүй байх шийдвэр гаргана.
-МАХН-ын даргын ялтай хугацаа дуусаагүй учир тухайн намыг СЕХ бүртгэхгүй гэсэн талаар мэдээлэл гарч байна. Танай хорооноос үнэхээр бүтгэхгүй гэсэн шийдвэр гаргасан юм уу. Үүнд тайлбар өгнө үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАХН-ыг СЕХ бүртгэхгүй гэсэн байдлаар ярьж байна. Аливаа мэдээлэлд ул, суурьтай хандаж, сонгогчдод зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Одоогоор МАХН бүртгүүлэхээр нэр дэвшигчдийнхээ материалыг манайд ирүүлээгүй байна. Бүртгүүлэхээр материалаа өгөөгүй байгаа намыг СЕХ бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Бичиг баримт нь ирээгүй байхад тухайн намын даргын ялын хугацаа дууссан үгүйг урьдчилан тааж болохгүй биз дээ.
Эх сурвалж: http://www.analiz.mn/postview/3538
0 comments:
Post a Comment