Tuesday, May 31, 2016

Аргаа барсан нам, аваргыг минь золионд гаргахаар шийдсэн үү

Аргаа барсан нам, аваргыг минь золионд гаргахаар шийдсэн үү

21 минутын өмнө

        УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэр эцэслэн тодорч, тодорхой болов. Хэн хаана, ямар тойрогт нэр дэвшиж, их хуралд сонгогчдынхоо итгэл найдварыг тээж гарч ирэх үү харах хугацаа хоног цөөхөн үлдлээ. Энэ жилийн сонгууль их өвөрмөц онцлогууд олонтой. Учир нь урлаг соёлынхон, спортынхон улстөрд слноор нэр дэвшиж байгаа явдал. Харин сонгогдож гарч ирэх нь юу л бол. Хамгийн харамсалтай нь түмэн олныхоо хайр хүндэтгэлийг даасан Олимпийн аварга Н.Түвшинбаяр маань Баянхонгор аймагт АН-наас нэр дэвшихээр мандатаа авсан нь олон хүний гайхширлыг төрүүлэхийн зэрэгцээ бас зэвүүцлийг нь хүргээд амжив. Яагаад энэ сайхан аварга АН-д элсэж, УИХ-д нэр дэвшихээр болов. Аварга өөрөө улстөр гэгч утгагүй тоглоомд хүсээд дурлаад орсон гэвэл бас л андуу ташаа ойлголт юм шиг.

Түүнийг бохир улс төр рүү уруу татсан хүн нь хэн бэ гэдэг нь ч угаасаа тодорхой доо. Ийм хүний уяа сойлгыг тааруулж, сонгуульд сойж байгаа АН нам үнэхээр боловсон хүчнүүдийхээ хувьд ядуу тарчигхан гэдгээ харуулав. Н.Түвшинбаярын хувьд улстөрийн мэдлэг боловсрол байхгүй, боловсрол дутуу дулимагхан хүн төрийн бодлого тодорхойлж ярих болоогүй ээ гэдгээ өчигдөр орой "Цензургүй яриа" нэвтрүүлгээр батлаад харуулчихав.

Тэрбээр "Улс орон аймар хүнд байгаа юм шиг байна билээ. Мундаг хүмүүсийн яриаг сонсож байхад тэгж байсан" гэж ярих юм. Мөн "Баянгол зочид буудлын гадаа үүссэн асуудлаас хойш улстөрд орчихмоор санагдаад орчихлоо" гэж хэнэг ч үгүй ярив. Энэ юу гэсэн үг бэ. Ийм л хүнийг АН нэр дэвшүүлэхээр зүтгүүлэв. Нөгөөтэйгүүр ингэж ярих нь аваргын буруу бишээ, харин аваргыг нэр дэвшүүлж байгаа АН-ын буруу. Аваргыг золионд гаргаж тоглохоор шийдсэн бололтой. Уг нь ард түмэн нь Олимпийн аварга чигээр нь хайрлан хүндэлж явмаар байна.

Хатуу үнэнийг хэлэхэд "Аргаа барсан арчаагүй нам, ард түмний хайраар өлгийдүүлсэн тамирчинг балчиг намагтай, бохир эгнээндээ элсүүлэн сонгуульд оролцох нь үнэн өрөвдмөөр, элсэж байгаа нь ч мөн адил таарсан "шуудай" болж хувираад байна. Олимпийн дэвжээнд од болон гялалзаж явах нь ордны дотор чигжээс болж гэлдэрснээс илүүтэй юмсан, хайран хүн" гэж халаглах ч хүмүүс байна. Үнэндээ бол аварга хүн аваргаараа үлдэх сайхан. Үнэхээр улс төрд хүч үзмээр санагдсан бол эхлээд өөрийгөө бэлтгэ, сайн боловсор улстөрийг ухаж ойлго гэж хэлмээр санагдав.

Н.Түвшинбаяр аварга улс төрд хөл тавих болсон шалтгааныхаа талаар "Би Баянхонгор аймагтай салшгүй холбоотой. Надад жүдо бөхийн "А" үсэг заасан анхны багш минь энэ аймгийнх. Гэхдээ аварга яагаад УИХ-д өрсөлдөхөөр болов, яагаад төрсөн нутгаасаа бус хаа холын Баянхонгор аймгаас нэр дэвшихээр шийдэв гэхээсээ илүүтэй хамгийн чухал, хөндүүштэй асуудал бол олимп.

Намайг олимпийн аварга болоход хамгийн их тусласан хүн бол Х.Баттулга ерөнхийлөгч. Баянхонгор аймагт болсон бага олимпийн бамбарыг асаах хүндтэй үүргийг надад өгснөөр нь бэлгэшээж явдаг. Ийм учраас баянхонгорчуудад хариу барих юмсан, баярлуулах юмсан" гэж бодсоор өдий хүрсэн. Нөгөөтэйгүүр Х.Баттулга ерөнхийлөгч өнөөдөр сайн муугаар хэлэгдэж, ганцаардаж байна. Тиймээс би хажууд нь байж, тусалж, дэмжихийн тулд энэ шийдвэрийг гаргалаа" хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Үүнээс харахад аварга маань спортын "А" үсэг заасан багшдаа их өртэй юм шиг. Эвсэл тусын хариуг нь улс төрд орж барьж байгаач юм шиг сонин өнцөг харагдаад байгаа юм. Ямартаа ч Булганчууд анхдагч гэдгээ дахин баталж Баянхонгор аймагт нэр дэвшсэн анхны хүн нь Н.Түвшинбаяр болов. Сонгуульд ялалт байгуулаад гараад ирэх үү, эсвэл юу ч үгүй үлдэх үү гэдгийг удахгүй харна даа.

Г.Сүрэн

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/6d6h1g7g

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment