Тамхины хууль хэрэгжиж эхлээд хоёр жил найман сарын хугацаа өнгөрчээ.
Тус хуулиар олон нийтийн газар, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татах, борлуулахыг хориглосон ч тамхи татах тусгай цэг байхгүйгээс хуулийн хэрэгжилт суларч, хяналтын тогтолцоо үгүйлэгдсээр өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Уг нь бусад улс, хотуудын тухайд ийм төрлийн хуулийг батлахаасаа өмнө тамхи татах хязгаарлагдмал бүсийг тогтоож, тусгай бүхээг барих, түүнд тавих хяналтын системийг ойлгомжтой, тодорхой болгох жишгээр бэлтгэсэн байдаг.
Тухайлбал, Японд хаа сайгүй тамхины цэг байдаг учраас гудамжинд тамхи татдаг хүн ер нь л харагдахгүй. Тамхины бүхээгний агааржуулалтыг сайн тооцоолж, шийдсэн тул тамхины үнэр шингэнэ гэж санаа зовох асуудалгүй байх жишээтэй.
Энэ мэт шаардлага, хэрэгцээг цэгцлэх ажлыг уг нь Улаанбаатарт эхлүүлээгүй биш хийж эхэлсэн. Тамхины хуулиа шинэчилсэн манайх шиг улс тамхи татах цэгтэй байх нь зайлшгүй шийдэх ёстой, Улаанбаатар хотод суурьшуулж, хэрэгжүүлэх хэрэгтэй үйлчилгээ гэсэн саналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хөндөж, Япон улсын туршлагыг нэвтрүүлэх ажлыг 2014 онд эхлүүлж байв. Ингэхдээ нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас 320 сая төгрөг гаргаж, нэр бүхий 20 байршилд тус бүр нь 16 сая төгрөгийн өртөгтэй тамхи татах тусгай цэг барих шийдвэр гаргаж байжээ. Нарны зайгаар цахилгааных нь асуудлыг шийдсэн шилэн хорго бүхий тамхины цэг байгуулах ажлыг дөрвөн компани хамтран гүйцэтгэж, ашиглалтад оруулжээ. Тус объектийг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хөрөнгө зарцуулалт болоод объект зураг төслийн дагуу баригдсан эсэхэд хяналт тавин ажиллаж байгаад бэлэн болсон цэгүүдийг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-д албан ёсоор хүлээлгэн өгчээ.
Энэ талаар бид нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн ахлах инженер Б.Ганзоригоос тодрууллаа.
Бараг хоёр машин авах хэмжээний мөнгөөр боссон тамхи татах тусгай хоргыг хэрхэн яаж ажиллуулах вэ гэдэг асуудлыг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" хариуцах үүрэг хүлээгээд байгаа аж. Гэвч өнөөдөр 20 цэгт баригдсан, тус бүр нь 16 сая төгрөгийн өртөгтэй тэдгээр шилэн хоргоор хэзээ хүн үйлчлүүлэх нь тодорхойгүй, бүгд хаалга нь цоожтой хэвээр байна.
Нэг үгээр бол "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирал Д.Энхсайхан иргэдийн татварын мөнгөөр босгосон Тамхи татах цэгийг зориулалтын дагуу хэрхэн, яаж ашиглах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Тиймээс энэхүү сурвалжлагаар дамжуулан "320 сая төгрөгийн өртөгтэй тамхи татах цэгүүд хэзээ ажиллах вэ?" гэсэн асуултыг иргэдийн өмнөөс тавьж байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment