Дэлхийн "Универсиад" наадмын хүрэл, Азийн наадмын аварга, Азийн аварга ОУХМ Д.Отгондалай өчигдөр эхний тулаан хийлээ.
Манай тамирчин эхний тойрогтоо гоц мөргөсөн бөгөөд өчигдөр тулалдсан эхний өрсөлдөгч ДАШТ-ээс медаль хүртээд буй Италийн домогт боксчин Доменико Валентино байсан юм.
Д.Отгондалай тоглолтын эхнээс илүүрхэж, шүүгчдээс 9:10, 9:10, 9:10 гэсэн оноо авчээ. Хоёрдугаар үед хоёр боксчин тэнцүү тоглолт үзүүлсэн ч шүүгчид 19:19, 18:20, 18:20 оноо зааснаар манай боксчин илүү оноо авлаа. Ингээд шийдвэрлэх сүүлийн үед 29:29, 27:30, 27:30 буюу онооны давамгайллаар Азийн наадмын аварга Д.Отгондалай Италийн боксчинг ялж, дэлхийн аваргаас медаль хүртэх боломжийг нь зогсоолоо.
Боксын ДАШТ хоёр жилд нэг удаа болдог. Доменико Валентиногийн хувьд сүүлийн арван жилийн хугацаанд ийнхүү анх удаа дэлхийн аваргаас медальгүй нутаг буцах болж байна. Тэрбээр
- 2005 онд хүрэл
- 2007 онд мөнгө
- 2009 онд алт
- 2011 онд хүрэл
- 2013 онд хүрэл медаль хүртээд байжээ.
Энэ тоглолтын өмнөх өдөр буюу аравдугаар сарын 8-нд "Говь цогцолбор" ХХК-ийн тамирчин, ОУХМ Г.Ган-Эрдэнэ Японы тамирчин Цубой Томояаг 3:0 харьцаагаар ялж, 8/1 шигшээд шалгарсан байгаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх тулаанаа өнөөдөр 20.00 цагаас /Монголын цагаар/ ОХУ-ын тамирчин Егоров Василийтай хийнэ.
Б.ЭНХ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment