Sunday, October 11, 2015

“Эгийн гол”-ыг хятадууд барина

"Эгийн гол"-ыг хятадууд барина

7 минутын өмнө

Хятадын удирдагч ноён Си Жиньпин  өнгөрсөн жилийн зун Монголд албан ёсны айлчлал хийхдээ нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Далянь хотноо болсон зуны Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ  Хятадын Ерөнхий сайдтай уулзаж дээрх нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн талаар ярилцсан юм.   Хятадаас өгөхөөр болсон уг зээлээр Эгийн голын усан цахилгаан станцыг барихаар төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Концессийн хуулийн дагуу "барих-шилжүүлэх" нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх "Эгийн голын усан цахилгаан станц" төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээг "Чайна гэжүба групп лимитэд" компанитай байгуулах зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Хөрөнгө оруулалтын газраас тус ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн компаниудад урилга хүргүүлэн шалгаруулалт явуулахад Хятадын "Чайна гэжүба групп лимитэд" компани шалгарсан байна.

Барилгын ажлыг 13 сарын дотор хийж гүйцэтгэхээр гэрээний төсөлд тусгажээ. Энэ хугацаанд 500 гаруй ажлын байр бий болох  боломжтой юм байна.

"Чайна гэжүба групп лимитэд" компани нь эрчим хүч, зам гүүр, далан, усны байгууламж, бусад дэд бүтцийн чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд манай улсад 146,5 км авто зам барьж, ашиглалтад өгсөн туршлагатай. Эрчим хүчний салбарт тэр дотроо усан цахилгаан станц, түүний дэд бүтцийг барих чиглэлээр Хятад улсдаа төдийгүй олон улсад тэргүүлдэг, хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн шилдэг 50 компанид багтдаг байна. Суурилагдсан хүчин чадлаар дэлхийд нэгд тооцогддог Гурван хавцлын усан цахилгаан станцын барилгын ажлын 70 илүү хувийг тус компани гүйцэтгэжээ.

Хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай олгохоор яригдаж буй  нэг тэрбум ам.долларыг Эгийн голын цахилгаан станцыг барих төслийг санхүүжүүлэхээр болсон, мөн урт хугацаанд өртөгөө нөхөх том төсөлд зээлийг зарцуулах учраас хугацаагаа 30 жил болгох саналыг манай зүгээс тавьжээ.  Хэрэв Хятадын Засгийн газраас зөвшөөрсөн  тохиолдолд  нэг тэрбум ам.долларын 85 хувийг нь Хятадын "Эксим" банкнаас гаргах үлдсэн 15 хувийг манай Засгийн газар өөрсдөө хариуцах юм байна.

 Т.СОЛОНГО

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment