Монголчууд Тавантолгойгоо урд хөршдөө алдах нь гэж хоёр талцан зодолдож байх зууртаа Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замаа тэдний аманд алджээ. Дотоодын компанийн хийж байсан ажлыг төр мэдэлдээ аван завхруулж, улмаар Солонгосын гэх тодотголтой компанитай хамтран замхруулж, эцэст нь хятадуудад алдах нь нэгэнт тодорхой боллоо. Бид дэлхийн талыг эзэлж явсан агуу Чингисийн удам хэмээн цээжээ дэлдэхээс бус тэдний бизнес сэтгэлээ, өөрт ашигтай зүйлээ өнөө биш ч маргааш өөрийн болгохын тулд ондоо зүйлээр найр тавин сатааруулдаг нарийн ухааныг тооцоолсонгүй. Наймааны ухаан тэдний бүр цусанд бий.
МЭӨ II зуунд амьдарч байсан Хятадын түүхч Сима Чианы сударт Хятадын хамгийн эртний эзэнт улс нь Ся улс гэж тэмдэглэжээ. Энэхүү үсэг нь арилжаа гэсэн ханзнаас гарсан байж болох талтай аж. Учир нь энэ улсын дараа гарч ирсэн Шан улсын иргэд өөрсдийн хааныг "Арилжаа", өөрсдийгөө "Арилжааны хүн" гэдэг байж. Хаан нь харъяат албат гэхээсээ илүүтэй арилжаа, худалдааны гол сүлжээг бий болгож, ашигтай байрлал, замыг эзлэн хот маягийн худалдааны сүлжээ байгуулж, түүгээр нь нэвтэрсэн олноос татвар, гувчуур авна. Арилжаа наймаа бол хятад хүний амьдрах гол арга. Энэ л нарийн бодлого, наймааны ухааныхаа ачаар өнөөдөр монголыг байтугай дэлхийн эдийн засгийг өөрсдийнхөөрөө хөдөлгөж байна. Монголчуудын байлдан дагууллаас ялгаатай нь тэд цэрэг, техникийн хүчээр бус эдийн засаг, худалдааны аргаар өөрсдийн ноёрхлыг дэлхийд тогтоох боллоо. Тэд өнөөдөр евроазийг холбосон дэд бүтэц бий болгож, түүнийгээ эзэмшихийг зорьж буй. Нөгөөтэйгүүр аль ч талаас нь харсан бидэнд буй баялгийн хамгийн том хэрэглэгч, зах зээл нь, тэд. Эсэргээрээ тэдэнд хямд зардлаар, ойрхоноос богино хугацаанд нүүрс худалдан авах сонирхол бий. Харин бидний хувьд дэлхийд байхгүй нөөцтэй гээд буй нүүрсээ тэд болон бусад зах зээлд нийлүүлэх ганц боломж нь урд хөршөөр дамжуулах. Ингэхийн тулд тэдэнтэй ижил стандартаар буюу нарийн царигтай төмөр зам барихаас өөр хувилбар үнэндээ байгаагүй.
Харин манай "эх орончид" үүнийг тэдний нөлөөнд орох хамгийн аюултай алхам, Оростой бүдүүн царигаар холбогдох хэрэгтэй гэж хэрэлдэж суусаар арваад жилийг ардаа орхиж. Өнгөрсөн хугацаанд хэн хожив. Бид лав хожсонгүй. Байдал улам бүр муудаж байна. Хэрэлдэж, баахан цаг хугацаа алдсаны эцэст арай гэж шийдэлд хүрч, одоогоос гурван жилийн өмнө Засгийн газрын зүгээс "Энержи Ресурс"-тай "Ухаа худаг-Гашуун сухайт" чиглэлд концессын гэрээ байгуулж, төмөр зам барин 19 жилийн дараа Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр болсон. Энэ гэрээгээр өнгөрсөн оны сүүлээр төмөр замаа барьж дуусгаад, өдийд ашиглалтанд бүрэн өгч, зүгшрүүлэлт хийж байх байлаа. Оройтсон хэдий ч бидэнд ашигтай л байх байв. Харин нөгөөх л "эх орончдын" балгаар энэ ажил зогссон. Гэрээгээ цуцалж, төр мэдэлдээ эргүүлэн авснаар өнөөдөр төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй үлдэв. Байнд ч үгүй, банзанд ч үгүй гэгчээр "эх оронч"-дын балгаар Монголын татвар төлөгчдийн төлөх Чингис бондын мөнгийг төрөөс авч, төмөр зам барьж буй 13 компанид өгсөнийхөө төлбөрт маш их мөнгө авдаг "Samsung CТ" гэх компанид дахин 32 сая ам.долларыг сул зогсолтонд нь зориулж өгөхөөр болж байна. Хийсэн бус хийгээгүйг нь цалинжуулж, аваагүй зүйлдээ мөнгө төлдөг ийм бизнесийн томъёог өнөөгийн Монголын төрийн түшээдээс өөр хэн ч олж нээхгүй, чадах ч үгүй.
Харин хятадууд бол огт өөр. Дээр дурдсан уламжлалт ухаан өнөөдөр ч тэдэнд үйлчилж байна. Түүнгүйгээр хятадыг тогтоон барих боломж ч байхгүй биз. Яахав өнөөдөр, Арилжаа хаан нь Хятадын коммунист нам /ХКН/, арилжааны хүн нь төрийн өмчит компаниуд болж хэлбэр төдийхнөөр өөрчлөгдсөнөөс бус агуулгын өөрчлөлт ороогүй аж. Ингэхдээ компаниуд нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, ХКН ашгаа хүртэнэ.
Ер нь хятад хүний цус маханд шингэсэн засаглалын хамгийн чухал зүйл нь худалдаа, арилжаа байснаас монголчуудынхтай адил эх орон, үр удам, газар нутагтаа суурилсан мал аж ахуйдаа суурилсан нэгдсэн үзэл байсангүй. Тиймээс ч тэд, бидний "дайсан" гэх ойлголт эрс өөр. Монголчууд үнэт зүйлсэд нь халдагчийг дайснаа гэх атал хятад хүн өөрөөсөө бусдыг, бүр эхнэрээ ч дайснаа гэх үзэлтэй. Монголд айл, гэрийн төсөв, гол чухал асуудлыг эхнэр нь мэддэг бол хятадад гэргий гэдэг ердөө л удам залгах хэрэгсэл төдий гадны хүн. Бид газар шороонд нь халдсан л бол бурханыг ч дайснаараа тооцох байхад эсэргээрээ тэд бурхантай ч наймаа хийж чадах улс.
Тайваний зохиолч Бао Ян "Муухай хятад хүн" номондоо онцлогийнх нь талаар, зэрэгцэж явсан хүн хаалга онгойлгож өгвөл бусад үндэстэн талархан хүлээн авч байхад хятад хүн сэжиглэн хүлээж авч, хялалзаж, зэхэлзэж байгаагаар тодорхой жишээ татсан байдаг. Арга ч үгүй биз. Хятад судлаач Хидэхиро Окадагийн бичсэнчлэн хятад хүний хамгийн их сэрэмжилэн, цээрлэдэг зүйл нь бусдад сул талаа харуулах. Эрээн хотыг хөгжүүлэх явцдаа монголчууд бишгүй энэ чанарыг нь харсан биз. Товчхондоо тэд "Сул доройн онолчид". Хидэхиро Окадагийн дүгнэснээр жинхэнэ мундаг хятад хүний тодотгол нь хэнтэй ч, ямар ч тохиолдолд харилцсан сэрэмж алдалгүй, хэрсүү, сэтгэл хөдлөл багатай нөхрийг хэлнэ.
Тэд өөрсдийн алдаандаа гярхай дүгнэлт хийж, асуудлыг өөртөө ашигтайгаар эргүүлдэг. Тиймээс ч Тавантолгойн ордод хөрөнгө оруулах боломж нь яагаад гацаанд оров гэдгийг хэзээний тогтоочихсон яваа.
Хятадын төрийн өмчит "Шинхуа" Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөлд орохдоо гаргасан алдаа нь "Энержи ресурс"-тай хамтарсан. Энэ нь Женко Х.Баттулга "MCS" хоёрын зодоон дундуур орж, "эх оронч"-дыг монголчуудын хамгийн эмзэг сэдэв болсон 1072 хувьцаанд дөрөөлж, өөрсдийнхөө ажлыг гацаах сөрөг довтолгоог зүчил нэмсэн.
Ингээд зогсохгүй Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэхдээ өмнө нь оруулсан хөрөнгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитын компаниар тогтоолгож, "Samsung CТ"-иар дамжуулан зарцуулсан 220 орчим сая ам.долларыг бус аудитын гаргасан мөнгийг л өгнө гэсэн нь дахиад л энэ мөнгийг яг юунд зарцуулсныг нь хамгийн сайн мэдэх Х.Баттулга, түүний Зам тээврийн сайд болгож, "Samsung CТ"-ийг ямар ч тендергүйгээр сонгон шалгаруулсан А.Гансүх нарыг шууд эсэргүүцэн босоход хүргэсэн. Хэрэв аудит оруулбал бүх зүйл ил болох учраас манай "эх орончид" хэзээ ч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тэд тооцоолсонгүй. Энэ мэт тэдний эхний оролдлого талаар өнгөрсөн билээ.
"Ялах тусам ялагдагч болно"
Бид их туйлшрамтгай улс. Төмөр замын асуудалд хандахдаа Орос эсвэл Хятад, гадныхантай эсвэл дотоодынхоо компаниудтай, нарийн, үгүй бүдүүн гэхчлэн хэт туйлширч хоёр тал болон хэрэлдсэн. Ингэхдээ өөрийнхөө дэвшүүлснийг бурхан мэт сурталчилж, өрөөлийнхийг чөтгөр мэт харагдуулахыг хичээсэн. Бид сайн эсвэл муу, хар эсвэл цагаан, нарийн үгүй бүдүүн гэж туйлширдаг улс. Нэг юмны хоёр талаас харахыг хүссэн, өөрт ашигтайгаа л харж, мугуйдалдаг. Сайн дундаас мууг, муу дундаас сайныг олж харахыг хүсдэггүй. Энэ туйлшрамтгай занг өнөөгийн "эх орончид" өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, Тавантолгойг гацааж дөнгөсөн билээ.
Харин хятад хүнд монголчуудын хичээгээд ч харж чадахгүй хоёр талаас илүү өргөн ойлголтыг, нарийнаар харах ухаан бий. Тэд өөрийн бодсон санасныг ямагт нууцлахыг хичээдэг улс. Тиймээс ч аливаад хандахдаа 10 хувь нь цагаан, төдий хэмжээнийхийг хар, үлдсэн хувийг нь саарал гэж үздэг аж. Энэ нь ч дэлхийн долоон хүн тутмын нэгийг эзэлж буй энэ үндэстний дотоодын өрсөлдөөн, сөргөлдөөнтэй нийгэмд амьд үлдэх боломж нь. Хятадад өчигдөр цагаан байсан зүйл өнөөдөр хар болж, маргааш саарал болдог учраас нөгөөдөр амьд үлдэхийн тулд баримтлах ёстой зарчим нь тааварлашгүй байх. Бодит байдлыг мэдүүлж нууцаа алдахгүй гэсэн тулгуур философи нь энэ. Тэндий хувьд үзэл бодлоо шууд илэрхийлэх нь хамгийн аюултай үйлдэл бөгөөд энэ нь өөрөө өөрийнхөө хоолойд олс углахтай адил. Тэдний зайлшгүй баримталдаг зарчим нь заавал саарал талыг үлдээх.
Ингээд юутай тулснаа ойлгосон "Шинхуа"-гийнхан дараагийн удаад огт өөр алхам хийж байна. УИХ-аас буцаасан гэрээнд төмөр замыг "Шиньхуа" групп концессийн гэрээгээр бариад, 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлөөр орж ирж байсан бол энэ удаад эсэргээр нь эргүүлж чадаж. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрийн хэлснээр, хэрүүлийн алим болоод буй мөнөөх замыг барихдаа "Шинхуа"-тай хамтарч барих болсон бөгөөд "Монголын төмөр зам" компани 51 хувийг эзэмших эрхтэйгээр оролцох тал дээр урьдчилсан байдлаар тохирч. Нэг ёсондоо хамтарсан төмөр замтай болно гэсэн үг. Үүнийг баталж "Монголын төмөр зам" ТӨХК-ий гүйцэтгэх захирал Д.Ганбат "Өнөөдрийн тохиролцоогоор Шинхуа компани 49 хувь, МТЗ 51 хувийг эзэмшин улмаар хамтарсан компани байгуулан шинэ төмөр замыг барьж байгуулах, ашиглах асуудлыг үндсэндээ тохироод байна" гэж салбараа төдийлөн мэдэхгүй М.Зоригт сайдыг 200 сая доллараар овоолсон шороог үзэж соёлын "шоконд" орох үеэр нь мэдэгдсэн.
Өмнө нь "Энержи ресурс" буюу Монголын компани уг төмөр замыг барьж байх үед барьсан төмөр замаа 19 жил ашигласны дараа улсын өмчид хүлээлгэх өгөх байсан бол өнгөрсөн хавар "эх орончдын" унагасан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдахдаа гадны компани буюу "Шинхуа"-гаар гүйцэтгүүлж, 30 жилийн дараа Монголын мэдэлд шилжихээр дордсон. Харин энэ удаад бүр тавиад туучихаж. Д.Ганбатын хэлснээр, өнөөдрийг хүртэл хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаа хөндлөнгийн аудитороор үнэлүүлж Монголын талын 51 хувьдаа тооцуулж, замын зурвас газраа үнэлүүлнэ гэдгийг дурдаад "Энэ газар тэр чигээрээ МТЗ компанийн мэдэлд 60 жилийн хугацаатай байгаа юм. Мөн түүнчлэн төсөл дээр ажиллаж байгаа МТЗ компанийн удирдлагын зардлаа үнэлүүлнэ. Бас Засгийн газраас олгосон лиценз, тусгай зөвшөөрөл гэх мэт давуу байдлаа тэр чигт нь үнэлүүлсний эцэст энэ бүхэн бидний 51 хувь болох юм. Үр дүнд нь манай үнэлгээг үндэслээд Шинхуа компани өөрт ногдох 49 хувиа мөнгөөр гаргаж, хамтарсан компанийн дүрмийн санд оруулна. Үүний дараа үлдэх хэсгийг хамтарсан компани урт хугацаатай зээл авч төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлыг дуусгах учиртай" гэжээ.
Түүний хэлснээр монголчууд төмөр замын зурвас газраа, лиценз, тусгай зөвшөөрлөө үнэлүүлэх нэрийдлээр зараад зогсохгүй дээр нь зээлийн өрөнд орж, төмөр замынхаа 49 хувийг "Шинхуа"-д үүрд алдах нь.
Харин энэ бүхний талаар салбар хариуцсан сайд нь "Х.Баттулга бид хоёр багын найзууд. Энэ асуудлаас болж маргалдсан удаа бий. Миний хувьд санаа зовж л байлаа. Үнэхээр овоолсон шороо байгаа юм болов уу гэж сэтгэл түгшиж ирсэн.Тэгвэл бодит байдалтай танилцаад сэтгэлийн түгшүүр ариллаа" гэж хэлээд явж байна.
Хамгийн муу хувилбараар нь бодоход монголын тал нэг ч төгрөг гаргалгүйгээр 30 жилийн дараа хүлээн авах байсан төмөр замыг хамтарч хөрөнгө оруулаад 49 хувийг нь "Шинхуа"-д үүрд өгөхөөр болж байгаагийн төлөөс юу вэ?
Тэд "овоолсон шороог" 220 сая ам.доллараар үнэлэхгүй. Энэ ажлыг ойлгохгүй байгаа сайдад сануулахад, монголын туслан гүйцэтгэгч 13 компани 220 сая доллар биш 135 тэрбум төгрөгөөр л тэрхүү бүтээн байгуулалтыг чинь хийсэн гээд байгаа. Үлдсэн нь хаачив гэдгийг багын найз болон "улаан хамгаалагчдаас" нь асуух хэрэгтэй. Гэхдээ тэр мөнгө хаачсан бэ гэдгийг нууцалж, ил гаргахгүй гэсний төлөөсөнд "Шинхуа" Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын 49 хувийг нь салгаж дөнгөж. Эрх мэдэлтнүүдийн илбэдэж алга болгосон мөнгийг чимээгүй төлснийхөө хариуд хэд дахин нугалаад эргүүлж авах хятад ухаан энэ.
Харин манай "эх орончид" үүний дараа төмөр замаас мөнгө идсэн байна гээд буй хүмүүсийн өмнөөс бод идсэн боохой шиг ам асууна. Монголын төр хяналт муутай юмаа гэхэд "Шинхуа" хэзээ ч хийгээгүй ажлын төлөө мөнгө төлөхгүй шүү дээ, тэр мэдээлэл худал байсан нь ийнхүү нотлогдлоо гэж ирээд л томорч, хоёр дахь хохирогчгүй авлигын хэрэг хуулийн хүрээнд цагаадна. Авлигын хохирогч нь иргэд байдаг. Ерөнхийлөгчийн хэлсэнчилэн "Авлигач бол бүгдээс нь хулгай хийдэг. Авлигач бол улсаас хулгай хийдэг. Авлигач бол ард түмнээс хулгай хийдэг. Авлигач бол Монголын 3 сая иргэнээс хулгай хийдэг. "
Эндээс илбэчид, "Шинхуа" хожино. Монгол хохирно. Авлигачид мөнгөөрөө үйлдвэр барьдаггүй, харин үгүй хийдэг нь амьдралд батлагдсан хууль гэлтэй.
Жинхэнэ утгаараа авлигын төгс модуль гэж үүнийг хэлэх байх. Эхэнд дурдсан монгол хүний үнэт зүйлс өнөө цагийн "эх орончид" үнэгүй бололтой. Харин хоёр дахь жишээ болгосон өөрөөсөө бусдыг үл зөвшөөрөгч, ашиг олохын тулд юугаа ч наймаалцаж мэдэх нөхдүүдийнхтэй төстэй зан чанар байна уу гэлтэй.
Угаас эдийн засгийн гол эх үүсвэр, дэд бүтэц, сүлжээг нь барьсан цагт аяндаа өөрсдийнхөө хүссэнийг хийнэ гэх дотор хүний ухаан ийнхүү хэзээ мөдгүй хэрэгжих нь.
Алим өөрөө унахыг хүлээн сул доройн онолд бишрэгчдийг бид үзэн ядаад ч яах билээ. Харин тэдэнд ийм боломж олгогч, илбэчин "эх орончид"-доо эрх мэдэл олгосон өнөөгийн Монголыг хараан зүхнэм. Үйлийн үр гэж байдаг бол...
Л.НАРАНТӨГС
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment