Friday, October 9, 2015

Эрчим хүчний алдагдлыг ард олонд үүрүүлж болохгүй

Манай улсад эрчим хүчний бодлого алдагдсанаас болж сүүлийн үед цахилгааны үнийг үе шаттайгаар нэмэх болсноо салбарын сайд нь мэдэгдэж байсан. Уг нь 2014 он гэхэд эрчим хүчний салбар бие даагаад явах бүрэн боломж бий болно хэмээн албаныхан ярьж байсан удаатай.

Гэтэл начир дээрээ юун бие даах, цахилгааны үнээ бага, багаар нэмсээр ирэх онтой золгох болчихоод байна. Өөрөөр хэлбэл, 2015 онд манай эрчим хүчний хэрэглээ 500-600 мвт-аар өснө гэсэн тоон судалгаа гарсан ч энэ нь бодит байдал дээрээ биеллээ олоогүй учраас цахилгааны үнийг ийнхүү дахин нэмэх болжээ. Эрчим хүчний салбар улсаас татаас авдаг хэрнээ яагаад тарифаа нэмэх болов гэдэг нь ч хачирхалтай.

Угтаа бол цахилгааны үнийг нэмэх нь алдагдлаа тодорхой хэмжээгээр нөхөх гэсэн оролдлого болов уу гэсэн хар ч явж байгаа. Өөрөөр хэлбэл тус салбар улсаас татаас, нэмэгдэл авч байгаа хэрнээ цахилгааны үнийг нэмэх нь буруу гэсэн үг гэж хэлэх гээд байгаа юм.

Гэхдээ өнөөдрийн байдлаар 144 төгрөгийн өртөгтэй цахилгааныг 122 төгрөгөөр борлуулж, 1кВт цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээж, өнгөрсөн оны байдлаар энэ салбар 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Эрчим хүчний хэрэглээ байнга нэмэгдэж 2014 оны байдлаар 6.7 тэрбум кВт цаг эрчим хүч хэрэглэсний 5.3 тэрбумыг дотооддоо, үлдсэн 1.4 тэрбумыг БНХАУ, ОХУ-ын эрчим хүчний системээс худалдаж авчээ.

Зөвхөн өнгөрсөн онд гэхэд цахилгаан хэрэглэгч өрх, аж ахуйн нэгж 35 мянгаар, дулааны хэрэглэгч 40 мянгаар нэмэгдсэн гэсэн албан ёсны тооцоо судалгаа гарсан. Ямартай ч цахилгааны үнийг нэмэх нь зөв үү, буруу юу гэдгийг УИХ-ын зарим нэг гишүүдээс байр суурийг нь сонссон юм.

Г.БАЯРСАЙХАН: ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ОДОО НЭМЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд, Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдын хувьд эрчим хүчний үнэ нэмэх асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа. Учир нь өнөөдөр ард түмний минь аж амьдрал ямархуу байгаа билээ. Тиймээс одоо үнэ нэмэх цаг нь биш гэж хэлэх гээд байгаа юм. Харин эдийн засгийн өсөлт сайжраад ирвэл цахилгааны үнийг нэмж болно.

Эрчим хүчний салбарын эх үүсвэр буюу ДЦС-уудын үйлдвэрлэж байгаа эрчим хүчээр хэрэглэгчдийг найдвартай хямд үнээр хангах хэрэгтэй. Бид хэрэглээнийхээ 20 орчим хувийг импортоор авдаг.

Энэ хувийг багасгавал валютын урсгал гадагшаа гарахгүй, улсын төсөвт ачаалал өгөхгүй, дотоодын эх үүсвэр маань үр ашигтай ажиллах боломж бүрдэнэ.

Б.САРАНЧИМЭГ: АРД ОЛНЫ НУРУУН ДЭЭР ХҮНД АЧАА ҮҮРҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг "Яг үнэндээ эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ хэцүү цаг үед ард түмнийхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлмэргүй байна.

Хэрвээ эдийн засаг сайжирч татварын орлого бүрдүүлэлт сайн байгаа бол нэмж болно. Тиймээс одоо лав нэмэх цаг нь биш шүү. Ард түмэн маань битгий туйлдаасай гэж л хүсч байна.

Ямартай ч УИХ-ын гишүүдийн төлөөлөл болон улстөрд нөлөө бүхий эрхмүүд цахилгааны үнэ тарифыг нэмэх цаг нь биш гэж хэлж байна. Тэгвэл иргэд үүн дээр ямар байр суурь илэрхийлж байгааг сонирхсон юм.

Н.ГАНХУЯГ: БОДЛОГО НЬ АЛДАГДСАН УЧРААС ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА

Хан-Уул дүүргийн I хорооны иргэн Н.Ганхуяг "Цахилгааны үнийг дахин нэмэхээр болж байгаа нь буруу. Одоо цахилгааны төлбөр өдрийнх нь 104, шөнийнх нь 70 төгрөг байгаа. Энэ мөнгөн тоог нэмэхдээ олон нийтэд мэдэгдээгүй шүү дээ. Миний хувьд лав энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан.

Үнэхээр үнээ нэмэх гэж байгаа бол ард түмэндээ албан ёсоор мэдэгдэж яагаад нэмэх болсон тухайгаа тодорхой тайлбарлах хэрэгтэй. Яг үнэндээ таван жилийн хугацаанд 70-80 хувиар нэмчихлээ шүү дээ. Та бүхэн өдрийн цагаар хотын гудамжны гэрэлтүүлгийг яваад үзээрэй. Байнга асаалттай.

Өдөр хэрэгцээгүй учраас унтрааж цахилгаанаа хэмнэх хэрэгтэй. Ийм зүйлээс болж эрчим хүчний алдагдалд орчихоод байгааг хүн бүхэн мэднэ. Эцэст нь хэлэхэд ард түмний амьдрал доройтож өдрийн хоолоо яая даа гэж байхад өөрсдийнхөө идэж уусан үргүй зардлыг нөхөхийн тулд эрчим хүчний алдагдалд орлоо.

Нэмэхээс өөр аргагүй байна гэж худлаа ярих хэрэггүй. Угаасаа эрчим хүчний салбар улсаас жил болгон татаас авч алдагдлаа нөхөж л байгаа. Нөхцөл байдал ийм байхад худлаа, үнэн ярьж ард түмний халааснаас боловсон аргаар хулгай хийхээ болих хэрэгтэй. Тиймээс миний хувьд цахилгааны үнийг нэмэх нь буруу гэж үзэж байна.

Б.УРТНАСАН: ДЭЭДЭС ТАНАЛТЫГ БИДНЭЭС БИШ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ

БЗД-ийн 28 дугаар хорооны иргэн Б.Уртнасан "Төр засаг ард иргэдийнхээ эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэхээр улаан цагаандаа гарч байна. Үүний нэг тод жишээ нь эрчим хүчний үнийн асуудал. Уг нь эхлээд хүн рүүгээ чиглэсэн доривтой бодлого явуулчихаад үнэ, хөлсөө нэмж байвал ядарсан иргэн бидэнд татгалзах зүйл байхгүй шүү дээ. Эрчим хүчний үнийг нэмэх ямар ч шаардлагагүй.

Тухайлбал, өнгөрсөн жил эрчим хүчний үнийг нэмсэн. Энэ нэмсэн асуудлаас болж гэр хорооллын цахилгаан халаалттай иргэд цахилгаанаа таслуулсан. Өөрөөр хэлбэл, "Утаагүй Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрх бүрийг хөнгөлттэй үнээр цахилгаан халаалттай болгож байсан.

Гэтэл яасан, цахилгааны үнийг нэмснээс болж бид хөнгөлөлт эдлэх нь бүү хэл гарсан төлбөрийг нь төлж чадахгүй байдалд орчихсон. Тиймээс одоо айлууд буцаад л галлагааны пийшингээ хэрэглэж эхэлсэн. Уг нь бид цахилгаан халаалтаа ажилуулж байсан бол гэр хорооллын утаа энэ жил харьцангүй бага байх байсан.

Хэрвээ одоо цахилгааны үнэ нэмэх юм бол ялангуяа гэр хорооллын иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмадууд, ажилгүйчүүд гээд маш олон хүн ядуусын эгнээнд шилжих болно.

Төр засгийнханд хандаж хэлэхэд гэр хорооллын иргэд хахир өвлийн хүйтэнд юу түлж, юу идэж ууж байгааг нь нүдээрээ үзэх хэрэгтэй. Түүнээс өөрсдийнхөө гаргасан үргүй зардлыг нөхөхийн тулд ард түмнийхээ нуруун дээр ийм хүнд ачаа үүрүүлэх хэрэггүй. Таналтыг дээдэс биднээс биш өөрсдөөсөө эхэл гэж ах нь хэлмээр байна. Нүүрс нь үнэтэй байхад цахилгааны үнийг дахин нэмбэл бид хоосон хонох болно шүү дээ. Тиймээс л хүн рүүгээ чиглэсэн дорвитой бодлого явуулаач ээ гэж л хэлье.

Т.УНДРАЛ: ЭРЧИМ ХҮЧ АЛДАГДАЛД ОРСОН БОЛ НЭМЭХ НЬ ЗӨВ

СБД-ийн II хорооны иргэн Т.Ундрал "Зах зээлийнхээ дагуу үнээ нэмэх нь зөв гэж бодож байна. Гэхдээ үнэ нэмэхэд олон талын судалгааг харах хэрэгтэй. Тухайлбал, бага орлоготой иргэддээ арай багаар хөнгөлөлт эдлүүлж, тансаг хэрэглээтэй сайд, дарга нартаа зах зээлд байгаа үнээрээ эрчим хүчээ борлуулвал ард иргэд дуртай хүлээж авна гэж бодож байна.

Түүнээс эрчим хүчний салбар алдагдалд орчихлоо дахиж үнээ нэмэхгүй бол болохгүй нь гэж гоомой загнаж болохгүй л дээ. Миний сонссоноор салбар нь улсаас нэлээд их хэмжээний татаас авдаг гэсэн. Татаас авч байгаа хэрнээ яагаад бага, багаар нэмээд байна вэ гэдэг нь сонин байгаа юм.

Үнэхээр аль ч төрийн байгууллагад хяналтын тогтолцоо алдагдсанаас болж маш их үргүй зардал гарч байгаа шүү дээ. Тиймээс л Засгийн газар ард тмнийхээ халаас руу өнгийж танана, нэмнэ, хасна гэсэн гуравхан үгийг бидэнд өдөр шөнөгүй суртал нэвтрүүлэг аятай хийж байна. Бас нэг зүйл гэвэл эрчим хүчний салбарт хяналтын тогтолцоо байхгүй болсноос гэр хорооллын айлууд хулгайгаар маш их тог хэрэглэж байна. Үүнийг ч гэсэн таслан зогсоовол алдагдал нь бага ч болов багасана.

Дээрх хүмүүсийн хэлж байгаагаар монголын эдийн засаг үнэхээр хямралтай байна. Дээр нь төр засгийг удирдаж байгаа хүмүүсийн бүтэлгүй ажлаас болж ард иргэдийнх нь амьдрал улам дордож өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаад байхад цалин тэтгэвэр нь нэмэгдэхгүй байхаар иргэд өндөр үнэтэй цахилгааныг авч чадахгүй гэж хэлж байсан нь үнэний ортой.

Иргэд цахилгаан, дулааны үнэ өртгийг өндөр байна гэж хэлж байгаа ч эрчим хүчний яамнаас дээрх үнийг бодит өртгөөс доогуур гэж тайлбарлан хэлдэг. Өөрөөр хэлбэл, одоо эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж байгаа үнэ болоод хэрэглэгчдэд худалдаж байгаа үнэ эрс, тэс зөрөөтэй учраас салбар яамныхан бодит өртгөөс бага үнээр иргэдэд дулаан, цахилгааныг нийлүүлж байгаа хэмээн хэлж буй юм.

Угтаа бол жил бүр улсын төсвөөс татаас байдлаар 30 тэрбум төгрөг авч төсөвт дарамт учруулан байж ард иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөн байлгадаг гэдгийг тэд учирлан тайлбарладаг ч алдагдалтай хэвээр байгаа тул бас л энэ удаа үнээ нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал бүрдэж байна гэсэн үг. Ямартай ч цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхэд түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөх магадлал өндөртэй.

Ямартай ч Монгол Улсын төв, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах олон жил яригдсан ТЭЦ-5, Багануурын цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцуудын ажил ид өрнөж, бэлтгэлээ хангаж байгаа. Үүний зэрэгцээ нар, салхины эх үүсвэрээр станц барих ажлыг концессоор барих яриа хэлцэл хийгдэж эхэлсэн энэ цаг үед эрчим хүчний хомсдлос гарах болов уу гэж найдах л үлдлээ.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment