Sunday, October 11, 2015

"Улс төр, бизнест эмэгтэйчүүдийн манлайлал дутагдсан"

"Улс төр, бизнест эмэгтэйчүүдийн манлайлал дутагдсан"

"Эмэгтэйчүүдийн манлайлал Азид" чуулганыг энэ жил Монгол Улсад зохион байгуулсан юм. Уг чуулганд зүүн Азийн дөрвөн орноос 40 гаруй эмэгтэй, Монголоос аймаг, нийслэлийн 100 гаруй манлайлагч эмэгтэйчүүд оролцсон. Энэ үеэр эмэгтэйчүүдийн манлайлалд тулгамдаж буй асуудал, өнөөгийн түвшний талаар "Эмэгтэйчүүдийн манлайлал Азид" чуулганыг зохион байгуулагч "Бриллиант клуб"-ын тэргүүн Ё.Нямжаваас тодрууллаа.

-Ер нь эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг хэрхэн тодорхойлдог юм бэ?

-Манлайлал гэдэг нь өөрөө харьангуй ойлголт. Гэхдээ багцаа, тоймоор амьдрал, нийгмийн хөгжлөөс эмэгтэйчүүдийн манлайллыг харж болох юм. Тухайлбал, тодорхой салбаруудаар хэмжиж болно. Жишээ нь эмэгтэйчүүдийн манлайлал улс төрд ямар байгааг харахын тулд бодлого боловсруулах түвшинд хэдэн хүн байна. Шийдвэрт хэр нөлөөлж чадаж байна вэ зэргээр хэмжиж болно.

-Эмэгтэйчүүдийн манлайлал ямар салбаруудад илүү байх хэрэгтэй вэ. Мөн аль салбарт дутагдаж байна вэ?

-Хамгийн наад зах нь улс төр, бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн манлайлал чухал. Олон улс төдийгүй Монголд ч адилхан. Учир нь эмэгтэйчүүдэд тулгамддаг олон асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд эмэгтэйчүүд өөрсдөө бодлого боловсруулсах түвшинд гар бие оролцож манлайлах хэрэгтэй. Хэдийгээр нэг үеэ бодвол эмэгтэй улстөрчийн тоо нэмэгдсэн ч дээрх хоёр салбарт эмэгтэйчүүдийн оролцоо одоогийнхоос огт өөр түвшинд хүрэх ёстой гэдгийг чуулганд оролцогчид онцолж байна.

Нэг жишээ хэлье. BPW олон улсын байгууллагын Герман улс дахь салбар нь том кампанит ажил удаан хугацаанд өрнүүлсэн байна. Германы эмэгтэй, эрэгтэй ажилтан яг ижилхэн нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байхад адил цалин авах ёстой гэдгийг кампанит ажлынхаа гол зорилго болгож хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Засгийн газраар цалингийн зөрүү мөнгийг олгуулсан. Тухайлбал, өнгөрсөн жил эрэгтэй, эмэгтэй хүний цалингийн зөрүүнд нэг сая евро, энэ жил 1.5 сая еврог Засгийн газраас нь олгосон. Энэ нь бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллын ажил үр дүнгээ олж буйн жишээ юм. Энэ удаагийн олон улсын чуулганаас бид ирээдүйд энэ мэтчилэн бодит үр дүнг хүлээж байна. Үүний эхлэл нь энэ удаагийн чуулган юм.

-Монголын хувьд л гэхэд улстөрд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна хэмээн ярьсаар ирсэн. Энэ удаагийн чуулганаар ч гэсэн олон улсын эмэгтэйчүүд ярьж байна. Үр дүн хэзээ гарах бол?

-1992 оноос хойш эмэгтэйчүүд улс төрд орж ирсэн. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог эхэн үетэй харьцуулахад чамлахааргүй амжилттай байна. Гэхдээ гүйцэтгэх түвшинд бодлого гаргаж буй эмэгтэйчүүдийн тоог үзэхээр хангалтгүй.

Жишээ нь сүүлийн хэдэн жил өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог бууруулъя гэж ярьж байна. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдтэй холбоотой тулгамдсан асуудлын ихэнх нь дорвитой шийдвэрт хүрэхгүй байгаа. Энэ нь мэдээж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо дутагдсантай холбоотой гэж харж байна. Гэхдээ өнөөдөр эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог сайжруулах асуудлыг ярьж, чуулна гэдэг өөрөө маш том амжилт юм.

-Тэгвэл Азид эмэгтэйчүүдийн манлайллаар амжилттай яваа, манайд сайн туршлага болохуйц улсын талаар ярилцсан л байх?

-Чуулганд оролцогч дөрвөн орноос БНСУ эмэгтэй Ерөнхийлөгчтэйгөөрөө том жишээ юм. Мөн Австрали улсыг бид өндөр хөгжилтэй орон гэдгээр нь мэднэ. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг. Энэ талаараа манайхтай адил гэж оролцогчид хэлж байсан. Харин эмэгтэй Ерөнхий сайдтай болсноор эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо сайжирсан хэмээн иргэд нь ярьж байна. Энэ мэтчилэн орон бүр нэгдэн чуулж, асуудлаа ярилцаж мэдээллийн орон зай үүсгэнэ гэдэг өндөр ач холбогдолтой.

Б.ЗАЯА

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment