Tuesday, October 13, 2015

“Евро-2016”-д оролцох 18 баг тодорлоо

Европийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтод өчигдөр шөнө "Е" хэсэгт Литовын багийг 3:0 харьцаагаар хожиж, 30 оноо авсан Английн баг, Эстонийн багийг 1:0 харьцаагаар хожин, 21 оноотой болсон Швейцарийн баг, "С" хэсэгт Украиний багийг 1:0 харьцаагаар хожиж, 27 оноотой болсон Испанийн баг, Люксембург хот-улсын багийг 4:2 харьцаагаар хожиж, 22 оноо авсан Словакийн баг, "G" хэсэгт Лихтенштейн хот-улсын багийг 3:0 харьцаагаар хожиж, 28 оноотой болсон Австрийн баг, Черногорийн багийг 2:0 харьцаагаар хожиж, 20 оноотой болсон Оросын баг, тэрчлэн Албани, Бельги, Исланд, Итали, Польш, Румын, Португал, Умард Ирланд, Уэльс, ХБНГУ, Чех, Франц гэсэн 18 орны баг тодроод байна.


Дашрамд дурьдахад, Английн баг 10 тоглолтод хамгийн дээд оноо болох 30 оноо авч, 1992, 2004 онд Францын багийн, 2000 онд Чехийн багийн, 12012 онд Испани болон ХБНГУ-ын багийн тогтоосон дээд амжилтыг давтжээ.

2016 оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны өдрүүдэд Францын Парис, Сен-Дени, Марсель, Лион, Бордо, Лилль, Ланс, Сент-Этьен, Ницца, Тулуза гэсэн 10 хотод болох Европийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын сугалаа арван хоёрдугаар сарын 12-ны өдөр Парис хотод болно.

Сугалаа болохын өмнө шувтаргын тоглолтод шалгарсан 23 багийг УЕФА-гаас тогтоосон чансааны байрлалаар 4 хэсэгт хуваана. Нэгдүгээр хэсэг 5 баг, хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр хэсэгт тус бүр зургаан багийг багтаана. Францын баг тэмцээнийг зохион байгуулагч орны хувьд нэгдүгээр хэсэгт Испани, Португал, ХБНГУ-ын багуудын хамт орох нь тодорхой болоод байна. Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд өмнө нь 16 баг оролцдог байсан бол "Евро – 2016" тэмцээнд анх удаа 24 баг өрсөлдөнө.

Өнгөрсөн шөнө Москва хотод болсон ОХУ, Чернгори улсын багуудын тоглолтод Оросын багаас 33 дахь минутад Олег Кузьмин, 37 дахь минутад Александр Кокорин торгуулийн цохилтоор гоол хийсэн байна.

Оросын баг хэсэгтээ 10 тоглолт хийхдээ 6 ялалт авч, 2 ялагдал хүлээж, 2 тэнцээ хийсэн байна. Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Оросын баг 5 дахь удаа шалгараад байна. 1996, 2004, 2012 онуудад шалгарч чадаагүй өнгөрсөн, 2008 онд хүрэл медаль авч байжээ. Харин ЗХУ, Тусгаар тогтносон орнуудын шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод 6 удаа шалгарахдаа 1960 онд алт, 1964, 1972, 1988 онуудад мөнгөн медаль хүртэж байжээ.

Д.ӨЛГИЙСАЙХАН

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment