
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн найман га газарт хоёр дахь шатлалын эмнэлэг барихаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шийдвэр гаргасан билээ. Улмаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ургадаг нэн ховор ургамлыг шилжүүлэн суулгаж эмнэлэг барих шийдвэр аль 2013 онд гарсан юм. Тэгвэл үүнийг эсэргүүцэн Монголын Залуучуудын холбоо, Монголын оюутан залуусын нэгдэл, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн байгуулсан "Чулуутын задгай" ТББ-ынхан өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
"Эмнэлэг барих нэрийдлээр газар завшиж байна"
Энэ талаар "Монголын оюутан залуусын нэгдэл"-ийн Ерөнхийлөгч Д.Батзоригоос тодрууллаа.
-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд эмнэлэг барих асуудлыг яагаад эсэргүүцээд байгаа вэ?
-Нийслэлчүүдэд зайлшгүй хэрэгтэй, нэн ховор ургамал бүхий Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг иргэдээс хууль бусаар авах гээд байна. Энэ цэцэрлэгт хүрээлэнг сүүлийн 2, 3 жил ажиллуулаагүй. Ингээд гэнэт 12 га газрыг авч эмнэлэг, сургууль барих талаар ярьж эхэлсэн. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь өвөлдөө утаанд, зундаа тоос шороонд дарагддаг нийслэлчүүдийн хувьд нэн хэрэгтэй газар. Гэтэл эмнэлэг барих нэрийдлээр Ботаникийн цэцэрлэгийг хууль бусаар завших гэж байна.
-Эмнэлэг, сургууль барина гээд хоёр улсын хооронд гэрээ хүртэл байгуулсан. Эмнэлэг барихгүй гэсэн баримт та нарт бий юу?
-Байгаа. Маргааш нийслэлийн захирагчийн албанд иргэдийн төлөөлөгчийн хурлаар энэ асуудлыг ярина. Бид энэ үеэр оршин суугчид, холбоодтойгоо хамтран очиж эсэргүүцлээ илэрхийлнэ. Энэ үед хэвлэлийнхэн та бүгд очиж баримт материалтай танилцаж болно. Бидний зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд энэ ажлаа өрнүүлсэн. Нэн ховор, олон төрлийн эмийн ургамал бүхий цэцэрлэгт хүрээлэн 34 га газартаа хэвээр үлдэх учиртай. Энэ ч үүднээс бид мод, бут тарихаас эхлээд олон ажлыг хийсэн. Цаашид ч цэцэрлэгт хүрээлэнгээ авч үлдэхийн тулд нийслэлийн удирдлагуудад шаардах бичиг хүргүүлнэ. Өнгөрсөн баасан гаригт эхний шаардах бичгээ хүргүүлсэн. Маргааш дахиад эсэргүүцлээ илэрхийлэх болно.
"Нэгэнт шийдвэрлэсэн асуудал"
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх оршин суугчид, "Монголын оюутан залуусын нэгдэл" тэргүүтэй энэ ажлыг эсэргүүцэгчдийн зүгээс нийслэлийн удирдлагуудыг шударга бус шийдвэр гаргасан хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээс тодруулав.
-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарт эмнэлэг барих асуудал бүр шийдэгдчихсэн үү?
-"Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл"-ийн хүрээнд нийт долоон тэрбум 985 сая иен буюу ойролцоогоор 131 тэрбум 100 сая төгрөгийн өртөг бүхий Монголын анхны сургалтын эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд барьж байгуулах юм. Манай улсад хоёр дахь шатлалын эмнэлэг дутагдалтай байдаг. Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор энэ шийдвэр гарсан. Одоогоор суулгац модыг шилжүүлэн суулгах ажлыг хийх юм.
-Үүнийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид, оршин суугчдын зүгээс ихээхэн эсэргүүцээд байгаа?
-Энэ бол аль 2013 онд шийдэгдсэн асуудал. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцэрийн хүрээний асуудал шүү дээ. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн орчмын хэсэг иргэд л эсэргүүцэж байгаа. Ботаникийн хүрээлэнгийн ажилчдын хувьд хэлэлцэж ойлголцсон. Хамтран ажиллаж байгаа.
-Ботаникийн хүрээлэнгийн ажилчдын зүгээс ч үүнийг эсэргүүцээд байгаа шүү дээ?
-Нэгэнт гаргасан шийдвэр. Аливаа шийдвэр гаргахад эсэргүүцэх нэг хэсэг байдаг. Нийслэлд нэн шаардлагатай хоёр дахь шатлалын эмнэлэг барих гэж байгаа шүү дээ. Огт хэрэггүй зүйл барих гээгүй.
Б.ЗАЯА
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment