Буянт-Ухаа хороолол болон Зайсан толгой, Үйлдвэр комбинат, 19 дүгээр хороолол гэхчилэн Хан-Уул дүүргийн иргэдээс бохирын үнэр ханхлаад тэсэх аргагүй байгаа тухай гомдол олонтаа ирдэг. Саяхан Төв цэвэрлэх байгууламжийн засварын үеэр энэ мэт гомдол тасраагүй бөгөөд засвараас хойш ч цөөнгүй иргэд Засгийн газрын 11-11 төвд хандаж, гомдол мэдүүлсээр байгаа юм. Тиймээс бид Ус сувгийн удирдах газрын холбогдох мэргэжилтнээс тодруулан асуулаа.
-Буянт-Ухаа хороолол болон бусад газруудаас бохирын үнэр их хэмжээгээр үнэртэж байгаа тухай мэдээлж байна. Энэ нь саяхан хийсэн засвартай холбоотой юу эсвэл өөр шалтгаан байна уу?
-Улаанбаатар хотын бохир шингэнийг татан зайлуулдаг Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг зургадугаар сарын 13-ний шөнө 03 цагаас эхлүүлж, 14-ний 00 цагт шилжих шөнө хийж дуусгасан. Засварын ажлыг 23 цагт багтаан хийсэн. Засвар хийх хугацаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй бөгөөд богино хугацаанд тухайн засварын ажлыг гүйцэтгэж үйл ажиллагааг хэвийн болгосон болохоор засвараас шалтгаалж үнэр гараагүй. Харин жил бүрийн хавраас намар хүртэлх дулааны улиралд Төв цэвэрлэх байгууламжаас бохир их бага хэмжээгээр үнэртдэгийг манай хотынхон мэдэж байгаа шүү дээ. Тэр үнэр л гарч байгаагаас засвараас үүдэлтэй үнэр биш гэдгийг тодотгон хэлмээр байна.

-Цэвэрлэх байгууламжийн засварын үеэр орон сууцны оршин суугчдад хүндрэл учраагүй. Харин үйлдвэр аж ахуйн газруудад ямар хязгаарлалт хийсэн бэ?
-Засварын үеэр ус дулаан дамжуулах 110 төв, 36 үйлдвэр аж ахуйн газар, Урьдчилан цэвэрлэх байгууламжид бохир усаа нийлүүлдэг есөн ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн усыг тодорхой хугацаанд хязгаарласан.
-Туул гол руу хэдий хэрийн бохирдолтой ус цутгасан бол. Хүмүүс үүнд их түгшиж байна л даа?
-Бид өмнө нь ч энэ талаар тодорхой мэдээлсэн. Дахиад хэлье. Засварын үеэр механик цэвэрлэгээ хийсэн буюу 60-аад хувийн цэвэршилттэй 70900 шоо метр усыг хэт ягаан туяа болон хлороор давхар халдваргүйжүүлэн байгальд нийлүүлсэн. Манай УСУГ-ын Усны төв лабортори байнгын хяналт тавьж, цаг тутамд усанд ууссан үлдэгдэл хлорыг үзэж, хоёр станцаар хүлээн авсан болон цэвэрлээд гаргаж буй уснаас дээж авсан. Мөн Туул голын сав газрын зөвлөл хөндлөнгийн хянагчаар ажилласан.
-Засвар хийснээр Төв цэвэрлэх байгууламж нэг хэсэгтээ найдвартай ажиллана гэж итгэж болох уу?
-Энэ удаагийн засварын ажил бол зөвхөн амь аргацаасан "гал унтраах " төдий асуудал юм. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх тухай олон жилийн өмнөөс удаа дараа хөндөн тавьж байгаа. Өндөр хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламжтай болсон цагт тайвширч болно.
Д.ЦЭЭНЭ
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment