
Монгол Улсын иргэд ОХУ-ын нутаг дэвсгэрт аялах, амрах, ажил хэргээр зорчих нь эрс нэмэгдсэн. Шалтгаан нь хоёр улс харилцан визгүй зорчих болсонтой холбоотой. Энгийн өдрүүдэд Монгол Улсын 1000 орчим иргэн ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчихоор хил нэвтэрдэг байна. Харин баяр ёслол, тэмдэглэл өдөр болон амралтын өдөр энэ тоо 3000 хүртэл болж өсдөг. Нэг иргэн ОХУ-д очоод ирэхдээ дор хаяж 50000-100000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авч ирдэг байна. Ихэнхдээ архи, согтууруулах ундаа, савалсан загас, чихэр, шүүс гэх мэтийн бүтээгдэхүүн авдаг ажээ. Зарим иргэд ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаат дэлгүүрээс авдаггүй гар дээрээс авчихаад ороод ирдэг. Гэтэл уг бүтээгдэхүүнийг нь хил дээр шалгахаар хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой бус. Хадгалах горим зөрчигдсөн. Муудсан зэрэг бүтээгдэхүүн байх нь олонтаа тохиолдсон гэнэ. Мөн Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хотод амьдардаг зарим иргэн гэр бүлээрээ ОХУ руу гарч хүн бүр тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авч орж ирэн өрхийн хэрэгцээндээ хэрэглэнэ гэсэн тайлбартайгаар хил давуулдаг аж. Энэ тухай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Үнэнбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай Улс ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсоноос хойш Алтанбулаг боомтоор иргэд импортын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж ирсээр байгаа тухай мэдээлэл байна. Энэ талаар ярихгүй юу?
-Ийм тохиолдол гарсаар байгаа нь үнэн. Гэхдээ бидний зүгээс цаг тухай бүрт нь хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулаад хууль бус үйлдлүүдийг таслан зогсоодог. Ерөнхийдөө илэрч байгаа нийтлэг зөрчлүүд гэвэл манай иргэд ОХУ-д зорчоод буцаж орж ирэхдээ хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундааг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн оруулж ирдэг. Энэ бол хуулиар хориотой. Ийм зөрчил илэрвэл газар дээр нь хурааж аван улсын орлого болгоно. Эсвэл лабораторийн шинжилгээгээр оруулаад шаардлага хангахгүй бол устгалд оруулдаг.
Ухаан нь, Итгэлт хамбад мөргөөд ирж байгаа манай нэг иргэн наашаа орж ирэхдээ 5, 6 шил архи цүнхлээд ороод ирдэг. Хуулийн дагуу нэг иргэн импортын баталгаатай 2 литр хүртлэх хэмжээний архийг хүнсний зориулалтаар оруулж ирэхийг зөвшөөрдөг. 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай хууль гэж бий. Уг хуулийн 111.1-д Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортолно гэж заасан байдаг. Ингэхээр хуулийн дагуу иргэд хүнсний зориулалтаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн архи согтууруулах ундаа импортоор оруулж ирэх нь хориотой болж байгаа биз.
-Архи, согтууруулах ундаан дээр гол төлөв ямар нийтлэг зөрчлүүд илэрдэг вэ?
-ОХУ-аас оруулж ирж байгаа архи, согтууруулах ундаанд илэрч буй нийтлэг зөрчлүүд гэвэл градустаа хүрдэггүй, физик химийн үзүүлэлтийн шаардлагуудыг хангадаггүй байдал юм. Шошгон дээрээ 38 градус гэж бичсэн боловч шинжилгээгээр оруулаад шалгахаар 34, 32 градустай болох нь илэрдэг. Гол төлөв ийм архийг манай иргэд Улаан-Үүд зэрэг хил орчмын хотуудын жижиг дэлгүүрүүдээс хямд үнээр худалдан авдаг болох нь тогтоогдсон. Үүний зэрэгцээ ОХУ-аас хуурамч архийг ОХУ-ын хил орчмын жижиг аж ахуйн нэгжүүд үйлдвэрлээд байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалтаар 2000 төгрөгийн үнэ бүхий 0.75 савлагаатай "Бялая берёзка" гэх архи орж ирсэнийг хурааж аван устгалд оруулсан тохиолдол бий. Эрүүл ухаанаар бодоход 2000 төгрөгийн үнэтэй архи гэдэг бол архи биш цэвэр хор гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Ийм архийг цагаан сарын үеэр манай мэргэжилтнүүд 59 шилийг хурааж аван устгалд оруулсан.

-Энэ онд илэрсэн зөрчлүүдээс тоо баримтаар дурдахгүй юу. Нийт хэчнээн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж аван улсын орлого болгосон бэ?
-2015 оны эхний таван сарын байдлаар 11 нэр төрлийн 1 915 500 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн хурааж аван устгалд оруулсан. Үүний зэрэгцээ гурван сая 370 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг улсын орлого болгосон байна. Өнгөрсөн 2014 оны тухайд гэвэл 19 иргэний импортолсон 3.6 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулж, 28 иргэний 48 нэр төрлийн 6 сая 125 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг улсын орлого болгосон.
-Энэ мэт зөрчил дутагдлыг манай талаас илрүүлэн цаг тухай бүрт нь арга хэмжээ аван ажиллаж байгаа юм байна. Харин ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газартай танай талаас хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-ОХУ-ын хилийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажилладаг. Манай талаас асуудлуудыг тухай бүрт нь тавиад явдаг. Тухайлбал, манай иргэдийг аюулгүй зорчуулж, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлээч гэдэг асуудлуудыг өнгөрсөн хавар тавьсан. Үүний зэрэгцээ иргэдийг Хиагт хилийн боомтоор түргэн шуурхай хяналт, шалгалтад оруулж хил нэвтрүүлж өгөөч гэдэг хүсэлтийг мөн давхар илэрхийлдэг.

-Одоогоор ямар нэгэн хариу тайлбар ирүүлсэн үү?
-Ер нь бол зарчмын асуудал дээрээ талууд тохиролцоод цаад тал маань бидний хүсэлтийг зөвшөөрсөн гэж ойлгож болно. Гэхдээ одоогийн байдлаар манай дээр албан ёсны хариу тайлбар ирээгүй байна. Сүүлийн үед рублийн ханш эргээд өсөх хандлага ажиглагдаж байна. Үүнтэй зэрэгцээд ОХУ хүнсний хомсдолд орсны улмаас томоохон зах, дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авах сонголт багасч, манай талаас худалдан авалт эрс буурсан тухай мэдээлэл бидэнд ирсэн.
-Хилээр гарч байгаа иргэд ямар зорилгоор хойшоо явж байна вэ. Энэ талаар та бүхэнд мэдээлэл байна уу?
-Ерөнхийдөө манай иргэдийн ихэнх нь Итгэлт хамбад мөргөх зорилгоор ОХУ руу хил нэвтэрдэг. Харин Итгэлт хамбад мөргөөд эргэж орж ирэх үедээ хүнсний бараа бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн оруулж ирэх явдал түгээмэл байдаг. Уг нь манай талаас хил гарах үед нь энэ талаар иргэддээ байнга анхааруулж, сануулдаг. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хүнсний зориулалттай бараа бүтээгдэхүүн оруулж ирэх хориотой шүү, хурааж авна гэж хэлээд байхад л оруулаад ирдэг. Жишээ нь, нэг иргэнд ахуйн хэрэглээ, хүнсний зориулалтаар 2 литрээр доошгүй гаалийн баталгаатай архи оруулж ирэхийг зөвшөөрдөг. Гэтэл манайхан аавдаа, ахдаа, хадамдаа гэх мэтээр 7,8 шил архи худалдаж аваад ороод ирдэг. Энэ нь эргээд Хүнсний тухай хуулийн заалтуудыг зөрчиж байгаа учир мэргэжлийн хяналт, хил гаалийнханд хойноос худалдаж авсан архиа хураалгахад хүрдэг.

-Энд хураалттай байгаа архи, хүнсний бүтээгдэхүүнүүдийг ямар учраас хурааж авсан бэ. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Энд хураалттай байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд маань ерөнхийдөө он гарснаас хойш эхний таван сарын байдлаар хурааж авсан бүтээгдэхүүнүүдийн дээжүүд. Жишээ нь, энд байгаа винонууд 2015 оны хоёроос гуравдугаар сард хураагдсан байна. Шинжилгээгээр оруулахад ямар нэгэн хортой, хориотой зүйл илрээгүй. Манай хуулиар хувь хүн, иргэд согтууруулах ундаа импортлохыг хориглодог. Зөвхөн тусгай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд л энэ нь зөвшөөрөгддөг. Яг энэ шалтгаан, зөрчлийн улмаас хувь хүмүүсээс эдгээр архи, винонуудыг хурааж аван улсын орлого болгосон гэв.
2015 оны эхний таван сарын байдлаар ОХУ-аас иргэд импортоор оруулж ирсэн, тусгай зөвшөөрөл байхгүй гэдэг зөрчлийн улмаас хураагдсан 10 гаруй төрлийн вино Алтанбулаг дахь хилийн мэргэжлийн хяналтын газрын агуулахад байна. Мөн 7 төрлийн цагаан архи хураагджээ. Эдгээрт бүгдэд нь шинжилгээ хийхэд 5 нь стандартын шаардлага хангаж үлдсэн 2 архи нь стандартын шаардлага хангахгүй нийлмэл эфирийн хэмжээ нь их гэж тогтоосон байна. Нэг үгээр хэлбэл хэрэглэсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж гарчээ. ОХУ-ын сибирийн бүс нутаг нь архи, согтууруулах ундааны хуурамч үйлдвэрлэл эрс нэмэгдсэн. Иймд ОХУ-ын албаныхан хүртэл хуурамч архинаас болгоомжлохыг байнга сануулж байгаа энэ үед иргэд тус улсаас архи авах нь эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байлаа.
Өрхийн хэрэгцээндээ гэсэн нэрийн дор оруулж ирсэн зарим хүнсний бүтээгдэхүүнийг иргэд гудамж талбайд ил задгайгаар худалдан борлуулдаг тухай хилийн мэргэжлийн хяналтынхан ярьж байлаа. Ингэж борлуулсан бүтээгдэхүүн нь амархан мууддаг байна. Учир нь хүнсний бүтээгдэхүүнийг тусгай хөргүүртэй зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Гэтэл иргэд суудлын авто машинд тээшиндээ хийж хилээр орж ирдэг. Ирсэн хойноо гэртээ булан тохойдоо хадгалж байгаад борлуулдаг гэнэ. Энэ бүхэн нь хүний эрүүл мэндэд маш их хортой гэдгийг борлуулж байгаа иргэд ойлгоосой. Мөн Орос хүнс чанартай гэсэн ухагдахуунаар хаанаас ч хамаагүй худалдан авч байгаа иргэн бүр чанар, баталгааг нь заавал шалгахыг хилийн мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Б.УУГАН



This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment