Monday, June 8, 2015

Элсэлтийн шалгалтанд бэлэн үү?

Ес хоногийн дараа элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд Монгол Улсын түүх, Хими, Англи хэлний шалгалтаар эхэлнэ. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд 20 мянга гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч 400-аас дээш оноо авч, ЭЕШ-д орох бэлтгэлээ базаасан байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа зохион байгуулсан. Боловсролын үнэлгээний төвийн өгч буй мэдээллээр эхний шалгалтад 21 493 шалгуулагч оржээ. Үүнээс 18 200 нь тэнцсэн байна. Харин хоёр дахь удаагийн шалгалтад өмнө нь тэнцээгүй 3293 сурагч дахин орж тэнцсэн. Мөн шинээр нэмж бүртгүүлсэн, өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч орж чадаагүй 2170 шалгуулагч бүртгүүлжээ. Ингээд Монгол хэл, бичгийн шалгалтандаа тэнцэж, бичиг баримтаа бүрдүүлсэн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр хүлээж суугаа юм.

 

"ЦАГ БАРИХЫГ ДАВТАН АНХААРУУЛАВ"

ЭЕШ-ын бүртгэлийн ажиллагаанд ноцтой зөрчил илрээгүй хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Гагцхүү бүтэн жил бэлдэж, хөлс хүч, цаг заваа зарцуулсан мөртлөө шалгалтандаа хоцрох явдал арилахгүй байгаа гэдгийг албаныхан сануулжээ. Мөн шалгалтын өдөр бичиг, баримтаа дутуу авчрах зэрэг жижиг, сажиг алдаа гарах нь аль аль талдаа хүндрэлтэй гэдгийг албаныхан давтан анхааруулсаар байна.

Энэ жилийн төгсөгчдийг тухайн сургуулиасаа энэ сарын 15-ны дотор ЭЕШ-д орох эрхийн бичгээ авахыг сануулж байна. Харин өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс авна. /Боловсролын үнэлгээний төв нь Арслантай гүүрний урд, Оюуны ундраагийн байрны хоёр давхарт байрлаж байна/

Шалгуулагчид суудлын хуваариа Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээрээ оруулан авна.

 

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ДӨРВӨН ХҮҮХЭД ШАЛГАЛТ ӨГНӨ"

Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүүхэд ЭЕШ өгөхөөр хандсан талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Л.Ганбат хэлэв. Тэдний хоёр нь харааны бэрхшээлтэй, үлдсэн хоёр нь саажилттай, нөгөө нь салга хүүхэд байгаа юм. Саажилттай хүүхдийн хувьд ЭЕШ-ын хугацааг сунгах шаардлагатай. Харин нөгөө нь цаасан дээр бичих чадваргүй, зөвхөн компьютерт шивдэг аж. Л.Ганбатын хэлж буйгаар "Нэг жилд хөгжлийн бэрхшээлтэй 3-4 хүүхэд л ЭЕШ өгдөг. Тэр тохиолдолд Боловсролын үнэлгээний төвөөс тухайн хөгжлийн бэрхшээлд нь тохирсон тусгайлан бэлтгэсэн танхимыг бүрдүүлж өгдөг" гэв.  

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих, дээд боловсрол эзэмших нөхцөл хангалттай бус байдгаас жилдээ 3-4 л элсэлтийн шалгалт өгдөг гэж байна. Энэ тоо жил бүр нэмэгддэггүй, энэ хэвээр л байдаг гэв. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд элсэлтийн шалгалт өгч дээгүүр үнэлгээ авсан ч цаашид их дээд сургуульд суралцахад тэдэнд зориулсан анги танхим, сургалтын бааз байхгүй учраас цаашид суралцах нөхцлөөр хангагддаггүй байна. Энэ ч үүднээс элсэлтийн шалгалт өгөх хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо жилд 3, 4-өөс хэтрэхгүй л байгаа юм.

 

ЭЕШ-Д ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ВЭ?

ЭЕШ зохион байгуулах журмын гуравдугаар зүйлд зааснаар:

3.9.1.  Бүртгэлийн хуудас

а. Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх

3.9.2. Суудлын хуваарь

3.9.3.  Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

3.9.4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

  1. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

3.9.5.  ЭЕШ-д орох эрхийн бичиг

Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсныг гэрчлэх бичиг.

 

ЭЕШ-ЫН ХАРИУ БУРУУ ГАРСАН ГЭЖ ҮЗВЭЛ...

ЭЕШ-ын дараа иргэдээс дүнтэй холбоотой гомдол, санал Боловсролын үнэлгээний төвд багагүй ирдэг. Тэр дундаа шалгалтын дүнтэй санал нийлэхгүй тохиолдол цөөнгүй гардаг. Энэ нь ч журмаар зөвшөөрөгдсөн байдаг гэдгийг дуулгая.

Шалгуулагчид ЭЕШ-ын оноотой санал нийлэхгүй бол өргөдлөө бичгээр гаргана. Гол нь шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтаах гомдол гаргах ёстой. Гомдлоо бичгээр гаргаж, "Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр" гэсэн хаягаар Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх юм.

Боловсролын үнэлгээний төвөөс иргэдээс ирсэн санал, гомдлыг шийдвэрлэх комисс гарган ажилладаг. Ингэснээр таны илгээсэн өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж өгдөг байна. Харин шалгуулагчийн буруутай үйлдлээс үүдсэн өргөдлийг шийдвэрлэхгүй. Мөн шалтгаанаа тодорхой заагаагүй, буцах хаяггүй өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхгүй гэдгийг анхааруулж байна.

Б.ЗАЯА
 
 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment