Wednesday, May 20, 2015

“Л.Гансүхийг мөнгө угаагаагүй болохыг тогтоосон”

"Л.Гансүхийг мөнгө угаагаагүй болохыг тогтоосон"

Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашигласан, улсын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Л.Гансүх нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа. Энэ хэргийг шалгах явц болон өмгөөлөгчдийн зүгээс прокурорт тавьсан Л.Гансүхийг БНСУ-д эмчлүүлэх хүсэлтийг хүлээн авсан эсэхийг түүний өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодрууллаа.

-Ямар шалтгаанаар хэргийг прокуророос буцаасан бэ?

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид хэргийг дутуу шалгаж мөрдөн байцаасан гэж прокуророос үзсэн. Өөрөөр хэлбэл хэргийг дутуу шалгасан гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэсэн үг л дээ. Өмгөөлөгчид ч энэхүү шийдвэрийг дэмжиж байгаа. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

-Эх сурвалжийн мэдээлснээр Л.Гансүхийг мөнгө угаасан хэрэгт буруутгаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгож тусгаарласан гэсэн үнэн үү?

-Үнэн. Авлигатай тэмцэх газраас Л.Гансүхийг мөнгө угаасан гэж мэдээлж, шалгаж байсан ч худлаа гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Тиймээс Л.Гансүхийн хамтаар "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал н.Даваахүү, нягтлан бодогч Г.Мөнгөнтуяа нарын хэргийг тусгаарлан шалгаж байгаа. Харин мөнгө угаасан гэх хэрэгт М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг шалгаж эхэлсэн гэсэн.

-Л.Гансүхийг хөлийн хуруугаа тайруулж БНСУ-руу шинжилгээнд явуулсан гэж мэдээлж байсан. Шинжилгээний хариу ирсэн үү?

-Эмнэлгийн хяналтад гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс яаралтай БНСУ-руу явуулж эмчилгээ хийлгэх хүсэлтийг удаа дараа АТГ-т хүргүүлсэн ч зөвшөөрөхгүй байна. БНСУ-аас шинжилгээний эцсийн хариуг ирүүлээгүй байна.

Д.ЖАРГАЛ

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment