Tuesday, May 26, 2015

Дизель түлшний нөөц-37 хоног

Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт Уул уурхайн яам "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа чухал асуудлуудаар мэдээлэл хийлээ.

Ердийн хэрэглээний 42 хоногийн нөөцтэй байна

Газрын тосны газраас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 26-ны байдлаар А-80 автобензин 45, Аи-92 автобензин 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал, нефтийн бүтээгдэхүүний хувьд ердийн хэрэглээний 42 хоногийн нөөц гэж тодорхойлж болох аж.

4.2 сая тонн нүүрс экспортолжээ

Уул уурхайн яамнаас өгч байгаа мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрс найман сая тонн, алт 1.4 тн, газрын тос 341.7 мянган тонныг тус тус олборложээ. Хайлуур жоншны баяжмал 68.9 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 241.7 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 0.8 сая тонн, цайрын баяжмал 32.5 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн байна. Экспортын тухайд энэ оны эхний дөрвөн сард 414.7 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 1.5 сая тонны, алт 3362.0 кг, нүүрс 4.2 сая тонн, газрын тос 343.2 мянган тонныг тус, тус гаргажээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хэвийн олгож байна

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд юм байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1686 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 965 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Үүнээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 234 тусгай зөвшөөрөл шинээр олгож, тусгай зөвшөөрөл олгох боломжтой 496 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Ингэснээр 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аж.

Өнөөдрийн байдлаар нэр бүхий 8 талбайд огт санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь "үнэлгээний баримт бичиг"-т заасан шаардлага хангаагүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн байна.

Улсын төсөвт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс энэ сарын 26-ны байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг, нийтдээ 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

174 тусгай зөвшөөрлийн давхацлыг тодорхойлоод байна

"Урт нэртэй" хуулийн үйлчлэлийн бүсэд хамрагдсан 398 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж талбайн давхцал тогтоолгохоор БОНХАЖЯ-нд хандаж, 174 тусгай зөвшөөрөлд тодорхойлолт гаргуулсан байна. Үлдсэн тусгай зөвшөөрлүүдийн давхцалыг тогтоох ажил хийгдэж байгаа аж. Мөн хилийн заагийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх ААН-үүдийн гомдлыг БОНХАЖЯ дээр хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргасан ААН-үүдээс батлагдсан загварын дагуу Ашигт малтмалын газар дээр өргөдөл хүлээн авч буй юм байна. Одоогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч маягтын дагуу өргөдлөө гаргажээ. Өргөдөл хүлээн авах хугацаа ирэх зургадугаар сарын 17-ноор дуусгавар боллх аж. Үүнээс хойш гэрээ байгуулах хугацаа хуульд зааснаар зургаан сар үргэлжилнэ.

Энэ ажлыг шуурхай явуулахын тулд Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран Ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулахаар болжээ.

Орон нутгийн хүртэх орлогын хувь, хэмжээ нэмэгдлээ

УИХ-аас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Дээрх хууль батлагдсанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрнө. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутаг шууд хувь хүртэх боломж бүрдлээ гэж Уул уурхайн сайд хэллээ.

"Богд IV" ба "Онги V" талбайд "BG Group"-тэй хамтран ажиллахаар боллоо

Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын "Богд IV" ба "Онги V" талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан "Сентрал азиан петролеум корпорэйшн лимитэд" ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн гэрээлэгчийн эрх, үүргийг "BG Mongolia holdings limited" компанид хэсэгчилэн шилжүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан юм.

Газрын тосны хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсаны дараа хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж BG, Chevron, Anadarko зэрэг дэлхийд томоохонд тооцогддог компаниудтай хамтран ажиллах яриа хэлэлцээг эхлүүлсний үр дүнд Их Британийн "BG Group"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Энэ онд 13.6 сая ам.доллар, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1.4 сая ам.долларыг Засгийн газарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2014, 2015 онуудад төлөх төлбөрт зарцуулна. Мөн бусад ажил, үүргүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт 4.55 сая ам.долларын санхүүжилт хийхээр тохирчээ. Нийт хөрөнгө оруулалт 32,55 сая ам.доллар болох юм байна.

"BG Group" нь судлагдаагүй эрсдэл ихтэй газарт амжилттай хөрөнгө оруулалт хийдгээрээ туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд томоохон хэмжээний 15 ордыг нээн илрүүлээд байгаа юм. "BG Group" нь байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч, өнөөгийн үнэ цэнээр нийт 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 20 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг байна.

Г.ДАРЬ

 

 

 

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 comments:

  1. Я не могу поблагодарить господина Бенджамина за обслуживание и сообщить людям, как я благодарен за всю помощь, которую вы и ваши сотрудники оказали, и я с нетерпением жду рекомендации друзьям и членам семьи, если им понадобится финансовая консультация или помощь @ 1,9% Бизнес-кредит. Контакты:. lfdsloans@outlook.com. WhatsApp ... + 19893943740. Продолжайте в том же духе.
    Спасибо, Бусарахам.

    ReplyDelete