Monday, March 2, 2015

Байгалийн хийн асуудлыг хэлэлцэнэ

 

ОХУ-аас Украинд байгалийн хий нийлүүлэх асуудлаар өнөөдөр /III.2/ хоёр талын эрчим хүчний сайд нар Европын комиссын дэд ерөнхийлөгч Марос Сефковикийн зуучлалаар уулзаж буй. Байгалийн хийн уулзалт хэлэлцээний өмнө Украины талууд тулаанаа зогсоож, галын шугамд тайван хоножээ.

 

ОХУ-ын "Газпром" компанийн зүгээс сүүлийн өдрүүдэд Украины зүүн хязгаарт шууд нийлүүлсэн байгалийн хийн төлбөрийг Киевийн Засгийн газраас нэхэж буй аж. Украины тал салан тусгаарлагчдын бүсэд байгалийн хий нийлүүлэхээ зогсоосны дараа "Газпром" компани Донбасс руу шууд хий шахаж эхэлжээ. Украины "Нафтогаз" компани өнгөрөгч хоёрдугаар сард хийн хоолой гэмтсэнээс салан тусгаарлагчдын бүс нутаг Донбасст байгалийн хийн нийлүүлэхээ түр зогсоосон аж. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг Украин дөрвөн сая хүн амьдарч буй бүс нутагт эрчим хүч нийлүүлэхээс татгалзсан нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжилжээ.

 

Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмирий Песков Украины урьдчилсан төлбөрийн дүнд олгосон байгалийн хий нь гуравдугаар сарын эхээр дуусна хэмээн мэдэгдсэн юм. Өмнөх яриа хэлцэлийн дагуу Украин ОХУ-аас байгалийн хий авахын тулд урьдчилж мөнгөө төлж байхаар тохиролцсон билээ.

 

Үүний зэрэгцээ Европын холбоо өнгөрсөн долоо хоногт Оросоос байгалийн хийн хамаарлыг бууруулах, эрчим хүчний олон эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment