Monday, March 2, 2015

Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг яаравчлах хэрэгтэй

Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг яаравчлах хэрэгтэй

Хүчирхийллийн золиос болж амиа алдсан 4 настай охины дурсгалыг хүндэтгэх "Цагаан цуглаан"-нд Хүний эрхийн хуульч М.Ичинноров хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр  түүнтэй цөөн хором уулзаж, зарим асуултад хариулт авлаа.

-Та өнгөрсөн хавар Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын даргаар томилогдсон. Таныг саяхан энэ ажлаа өгсөн гэж сонслоо.  Төрийн албанаас яагаад гарчихав?

 -Тиймээ. Төрийн тусгай албанд ажиллаж үзлээ. Шинэ байгууллагыг анхнаас нь хөл дээр нь босгоход жаахан ч гэсэн хувь нэмрээ орууллаа.  Шүүх дээр гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх жишиг өрөөг нээж чадсандаа  хамгийн их бахархаж байгаа.  Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод туслалцаа үзүүлэх, тэднийг хамгаалалтандаа авах, ажлын шинэ соёлыг төлөвшүүлэх гэж би их мэрийсэн. Мэдээж хуучнаар хүчний гэж нэрлэгддэг байгууллагуудын тогтолцоо учир дээрээ олон даргатай,  олон шат дамжлагатай тогтолцоо  юм байна. Миний хувьд эрх чөлөөтэй, хийх үедээ хийж, хэлэх үедээ хэлээд сурчихсан хүнд олон нийтийн зүгээс ийм асуудалд дуугарч өгөөч, энэ асуудлыг хөндөөч гэж маш олон санал  хүсэлт ирэх юм.  Энэ бүхэнд хүчний байгууллагад ажиллаж байгаа хүн гээд  дуугүй байх хэцүү  байдаг юм билээ.

-Та одоо юу хийж байна. Сошиал медиа дээр сүүлийн үед идэвхтэй санал бодлоо илэрхийлж байгаа харагдсан?  

-Би цагаан сарын өмнө Тахарын албанаас гарсан. Нэг талаасаа шинэ засгийн газартай болоод бүтцийн өөрчлөлтүүд хийгдсэн. Үүгээр түр орлон гүйцэтгэгчдийг чөлөөлсөн. Миний хувьд урд нь төрийн тусгай алба хааж байгаагүй учраа с түр орлон гүйцэтгэж байсан. Ингээд л би гарсан. Дахин хүний эрхийн дуу хоолой болон эрх чөлөөтэй үгээ хэлж, динамик, мобильный байдалд ажиллах болсондоо маш их баяртай байна. Энэ ярилцлагаар дамжуулан намайг халуун дотно хүлээж авсан Тахарын албаны хамт олондоо гүн талархал илэрхийлье гэж хэлмээр байна. Одоо би олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хүний эрхийн үйлсээ өргөжүүлэн тэлж, хүчрхийллийн эсрэг залуу эхчүүдийн хөдөлгөөнд нэгдэн  маш завгүй ажиллаж байна.

-Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл газар авч, аймшигт гэмт хэргүүд гарах боллоо. Та энэ талаар юу хийх гэж байна?

-Дөрвөн настай охины үхэлд эмзэглэсэн түмэн олон  тэмцэж эхэлж байна.  Урьд нь иргэний нийгмийн байгууллагууд чадах чинээгээрээ ажилладаг байсан. Одоо ард түмэн энэ тэмцэлд хүч өгч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй үл эвлэрэх,  таслан зогсоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой гэдгийг хүмүүс ойлгож эхэллээ.  Олон  нийтийн хүч агуу. Иргэд өөрсдөө  тэмцэлд бие биеэ уриална  гэдэг маш чухал. "Ээжүүд бүхний дуу хоолой" гээд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн бий болж, 4 настай охинд зул өргөсөн үйл ажиллагаанд мянга мянган хүмүүс орон даяар нэгдсэн нь анх удаа Монгол түмэн хүчирхийллийг эсэргүүцэн бослоо гэж харж байна. Энэ хөдөлгөөний эмэгтэйчүүд, мөн бусад залуусын бүлгэм, клубууд намайг өөрсөдтэй нь нэгдэж, дэмжиж, зөвлөхийг хүссэн. Би хүндэтгэлтэй хүлээн авсан.

-Одоо чухам ямар алхам хийх ёстой вэ. Хүчирхийллийг яавал таслан зогсоох боломж байна уу?  

- Энэ л асуудалд хүмүүс төвлөрч тэмцэх нь зөв. Хамгийн гол нь үр дүнд хүрэх ёстой. "Ээжүүд бүхний дуу хоолой" хөдөлгөөний эмэгтэйчүүд эхний ээлжинд  гуравдугаар сарын 8 хүртэл өдөр бүр цуглана,  УИХ-ын даргад шаардлага хүргүүлнэ.  УИХ-ын даргад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай хэлэлцэн батлахыг  шаардах гэж байна. Тэднийг иим л зүйлийн төлөө ард түмэн сонгосон болохоос биш дуулж, хуурдаж, хоорондоо тэмцэлдсээр байгаад  дөрвөн жилийг дуусга гэж хэлээгүй. Хуучин хууль тунхагийн шинжтэй, хэдэн төрийн бус байгууллагад хамаг үүргийг тохсон ийм л агуулгатай байсан. Тэгвэл шинэ хуулиар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох аль аль тал дээр нь бүх салбарын оролцоог үүрэгжүүлж байгаа. Хөршүүдийг ч үүрэгжүүлэх ёстой. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон нутгийн засаг захиргаа, цагдаа шүүхийн үүргийг тодорхой болгох алхам хийгдэнэ. Миний хувьд энэ хуулийн төслийг хараад төрийн хамгаалалтаа суулгаж өгөөгүйг ажигласан. Хохирогчийг төр хамгаалах Тахарын албаны үүргийг эндээ оруулж өгөөгүй байна лээ. Бүр үүрэгжүүлээд тодорхой болгоод өгчихвөл их сайн байгаа юм. Цагдаа хариу үйлдэл үзүүлдэггүйгээс хэрэг их даамжирдаг. Үүнийг хуулиар өөрчлөх хэрэгтэй.

-Та Г.Алтанхүүгийн хэрэг дээр ажиллаж, энэ хэргийг нийгмийн анхааралд хүргэсэн. Харамсалтай нь  шүүхийн шийдвэр олон хүний  санаанд хүрсэнгүй. Одоо энэ  дөрвөн  настай охины амиа алдсан хэрэг Г.Алтанхүүгийн хэрэг шиг  замхрах вий гэсэн болгоомжлол байна?

-Г.Алтанхүүгийн хэрэг дээр хоёр сайн өмгөөлөгч ажиллуулаад би өөрөө төрийн албанд орсон. Түүнээс энэ хэргийг дундаас нь хаяагүй гэдгийг олон нийт зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Энэ хэрэг дээр цагдаа, прокурор их сайн ажилласан. Х.Тэмүүжин  Хууль зүйн сайд байхдаа  ихээхэн анхаарал хандуулж байсан. Д.Дорлигжав ерөнхий прокурор байхдаа бас хохирогчдыг хүлээн авч уулзаад, энэ хэрэг дээр прокурор маш сайн ажиллахаа илэрхийлж байсан.  Сайн ч ажилласныг хэлэх хэрэгтэй. Харамсалтай нь хамгийн өндөр цалинтай шүүгчид л  ийм шийдвэр гаргасан даа. Их өндөр үнэ хөлстэй өмгөөлөгчдийн баг нөгөө талд шүүхийн шатанд ажилласан. Энэ асуудал дээр иргэд, хэвлэл мэдээллийнхэн өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз дээ. Харин  сая гарсан дөрвөн настай охины хэрэг дээр ажиллах өмгөөлөгч , туслах хүмүүс  "Ээжүүд бүхний дуу хоолой" хөдөлгөөнийхөнтэй  холбогдож сайн дураараа ирж туслаасай гэж уриалж байна.  Хөдөлгөөнд нэгдсэн  эхчүүдийн хувьд  хүүхэд хамгааллын, гэр бүлийн хүчирхийллийн сайн хуультай болохыг хүсч   тэмцэж байгаа. Үр дүнд хүрч чадвал цаг бусаар хорвоогоос явсан  тэр бяцхан охины  амь нас үнэ цэнэтэй болно шүү дээ. Бас  олон хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад гол хөшүүрэг болно. Бид  үүнийг л хүсч байгаа.

С.ОТГОНСҮРЭН

 

0 comments:

Post a Comment