Sunday, March 1, 2015

Даашинз ямар өнгөтэй вэ?

-Үнэн хэрэгтээ даашинз гарцаагүй цэнхэр болон хар хосолсон өнгөтэй. Зургийн гэрлээс шалтгаалж зарим хүний тархи цэнхэр хэсгийг цагаан, хар хэсгийг алтлаг болгож харагдуулж байгаа юм. Энэ нь тухайн хүний нүдний торлог бүрхэвчинд ирж буй гэрлийн хэмжээтэй шууд хамаатай ажээ-

Өнгөрсөн хэдэн өдрийн турш нэгэн даашинз ямар өнгөтэй болох тухай маргаан сошиал медиа ертөнцөд хүчтэй өрнөв. Мэдээж та ч бас энэ маргаанд оролцсон гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл та тэр даашинзыг ямар өнгөтэй гэж хэлэх вэ? Цагаан ба алтлаг уу эсвэл цэнхэр ба хар уу?

Шотландын нэгэн бүсгүйн Tumblr-т оруулсан зургаас болж өдгөө сошиал хүрээнийхэн хоёр тал болон хуваагдаад байна. Найз нөхөд, ажлын хамт олон, тэр ч бүү хэл хосууд хүртэл даашинзны өнгөнөөс болж цэц булаалджээ. Сошиал хүрээнд дэгдсэн тэрхүү даашинз CNN, BBC гээд дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын эфирийг эзэлсэн юм шүү.

АСУУДЛЫН ШАЛТГААН

Энэ тун энгийн. Ердөө л даашинз ямар өнгөтэй вэ гэсэн асуулт.

Зарим хүмүүс бүрэнхий үед энэ даашинзыг цагаан болон алтлаг өнгөтэй гэж харж байгаа. Харин зарим нь хурц гэрэлтэй үед цэнхэр болон хар өнгөтэй гэж байна. Гэтэл зарим нь дээрх хоёр өнгөөр аль алинаар хараад байгаа юм.

ЯМАР УЧИРТАЙ ДААШИНЗ ВЭ?

Шотландын Колонсей гэх жижиг арлын 21 настай дуучин бүсгүй Кейтлин МакНейл өнгөрсөн пүрэв гаригт (2015.02.26) энэ даашинзны зургийг өөрийн Tumblr хуудастаа нийтэлсэн юм. Зургийн тайлбарыг тэрбээр "Залуус аа, надад туслаач. Энэ даашинз цагаан, алтлаг байна уу, эсвэл цэнхэр, хар өнгөтэй байна уу? Манай найз бид хоёр санал зөрөлдөөд, аймар юм болж байна" хэмээн бичжээ. Харин өдгөө тэр зураг 538 мянга гаруй сэтгэгдэлтэй болоод байна.

МакНейлийн тайлбарласнаар найзынх нь хуримын ёслолд тэр даашинзаар гоёсон эмэгтэй ирсэн гэнэ. Гэтэл түүний зургийг харсан зарим хүмүүс цагаан, алтлаг, харин зарим нь цэнхэр, хар өнгөтэй гэж харсан байна. Даашинзыг сүйт бүсгүйн ээж өмссөн байжээ. Хуримын дараа ээж нь зургаа охиндоо илгээсэн нь өдгөө сошиал хүрээнд алдаршаад буй энэ зураг юм. "Хоёр сайн найз маань гэрлэсэн. Сүйт бүсгүйн ээж хуримын дараа даашинзныхаа зургийг охиндоо илгээсэн юм. Найз маань зургийг нөхөртөө үзүүлээд, тэгээд л өнгөний маргаан эхэлсэн дээ" хэмээн МакНейл ярьжээ. Ингээд сүйт бүсгүй зургийг Facebook хуудсандаа тавьж, найзууд нь өнгөний талаар шуугиж эхэлсэн байна. Удалгүй МакНейл бүсгүй маргаан дагуулсан зургийг Tumblr-таа оруулжээ. Түүний хувьд даашинз гарцаагүй цэнхэр, хар хосолсон өнгөтэй гэдгийг тэр тодотгосон байна. "Мэдээж энэ зураг Tumblr-т газар авна гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Тейлор Свифт, Майнди Калинг нар хүртэл энэ тухай жиргэнэ гэж төсөөлөө ч үгүй" гэж МакНейл ярьжээ.

ДААШИНЗ ҮНЭН ХЭРЭГТЭЭ БОЛ ЦЭНХЭР, ХАР ХОСОЛСОН ӨНГӨТЭЙ

Британийн бэлэн хувцасны Roman Originals товчоо энэ даашинзыг үйлдвэрлэжээ. Яг үнэндээ даашинз цэнхэр, хар хосолсон өнгөтэй. Тус компанийн дэлгүүрт ягаан, улаан, мэдээж цагаан өнгөтэй загварууд худалдаалагдаж байгаа боловч ямар ч алтлаг өнгө орсон даашинз байхгүй. Хэрэв та ээлжит нэгэн үдэшлэг, арга хэмжээнд ийм даашинзаар гоёж, өөрийгөө сошиал идэвхтэй нэгэн гэдгээ харуулахыг хүсч байвал Amazon-д 77 ам.долларын үнээр худалдаалж байгаа юм байна шүү.

ЯАГААД ӨӨР ӨӨРӨӨР ХАРАГДСАН БЭ?

Шинжлэх ухааны судлаачид, мэргэжилтнүүд даашинзны өнгө чухам яагаад өөр өөр харагдаж буй талаар хэд хэдэн төрлийн хариулт өгч байна. Гэхдээ энэ бүгд хүний нүд болоод тархины ажиллагаатай л холбоотой. Надад өөр, танд өөр харагдаж байгаа шалтгааныг тайлбарлая.

Хүний нүдний торлог бүрхэвчинд фоторецептор гэх гэрлийн хүлээн авуур эсүүд байдаг. Тэдгээр эсүүд гэрлийн туяаг харааны мэдрэлээр тархинд дамжуулж, улмаар тархи дүрс болгон хөрвүүлдэг. Фоторецептор эсүүд нь савханцар ба лонхонцор гэсэн хоёр төрөл байх ба савханцар эсүүд нь өнгө ялгахгүй боловч гэрэлд мэдрэг учир харуй бүрийд баримжаа алдалгүй явахад тусалдаг. Харин лонхонцор нь гэрлийн долгионы нүдэнд харагдах бүхий л спектрүүдийг мэдэрч, өнгө ялгадаг. Ингэхдээ лонхонцор эс нь ногоон, улаан, цэнхэр өнгөтэй гэрлийн долгионыг мэдэрнэ. Нүд гэрлийг мэдрэхэд, хүлээн авуур эсүүд дээрх гурван өнгийг тархи руу дамжуулах бөгөөд тархи ухамсрын тусламжтайгаар өнгийг ялгаж салгаж зохицуулна.

Үнэн хэрэгтээ даашинз гарцаагүй цэнхэр болон хар хосолсон өнгөтэй. Зургийн гэрлээс шалтгаалж зарим хүний тархи цэнхэр хэсгийг цагаан, хар хэсгийг алтлаг болгож харагдуулж байгаа юм. Энэ нь тухайн хүний нүдний торлог бүрхэвчинд ирж буй гэрлийн хэмжээтэй шууд хамаатай ажээ. Товчхондоо бол, даашинзны зургийг харах үеийн лонхонцор болон савханцар эсийн хэмжээнээс хамаарна. Хэрэв танд даашинз цэнхэр өнгөтэй харагдаж байвал та гэрэлтэй орчинд байсан эсвэл лонхонцор эсийн тоо их, харин цагаанаар харж байгаа бол та унтаж байгаад сэрсэн, эсвэл харанхуй бүүдгэр орчинд байсан, эсвэл таны нүдний лонхонцор эсийн хэмжээ бага гэсэн үг ажээ.

ОДОД ДААШИНЗНЫ ТАЛААР

Kim Kardashian: Ямар өнгөтэй даашинз вэ? Надад цагаан, алтлаг харагдаад байна. Гэтэл Кане цэнхэр, хар гээд байх юм. Хэн нь өнгө ялгадаггүй болж таарав?

Christine Teigen: Би тайлбарыг нь уншлаа. Хүмүүс яагаад цагаан, алтлаг гээд байгааг ойлгохгүй юм. Зүгээр л бусдыг анхаарлыг татах гэсэн худалчид.

Taylor Swift: Даашинзны өнгөний тухай санал асуулгыг ойлгох­гүй юм. Ямар нэг төрлийн заль байх. Гэхдээ даашинз яахын арг­агүй цэнхэр, хар байна.

Ellen DeGeneres: Өнөөдрөөс эхлээд дэлхийн хүмүүс хоёр хэсэгт хуваагд­­лаа. Цэнхэр ба хар, цагаан ба алтлаг.

Demi Lovato: Байзаарай... Хүмүүс үнэхээр цагаан, алтлаг гэж хараад байгаа юм уу?

Ariana Grande: Дахиад нэг л хүн энэ хараал идсэн даашинзны өнгөний талаар асуувал...

Lady Gaga: Эмгэн хумс ба элс гэдэг өнгө байна.

Lucy Hale: Ямар ч өнгөтэй байсан бай, би лав ийм даашинз өмсөхгүй.

James Franco: Даашинзны маргаан. Үзмэн ягаан, хар өнгөтэй.

Jaden Smith: Би бол цэнхэр, хар өнгө л харж байна. Одоохондоо.

Mindy Kaling: Хүмүүсийн энэ тоглоомд би бэлэн биш байна.

Jimmy Fallon: Яахын аргагүй цагаан, алтлаг даашинз байна.

Frankie Muniz: Энэ хараал идсэн даашинд ХАР, ЦЭНХЭР өнгөтэй байна. Хүмүүс чинь бүгд мансуурчихсан юм уу?

С.ШҮР

Эх сурвалж:

 

 

 

0 comments:

Post a Comment