Tuesday, March 3, 2015

Европ руу энэ сарыг дуустал хий нийлүүлнэ

 

Европын комиссын дэд ерөнхийлөгч Марос Сефковикийн зуучлалаар даваа гаригт /III.2/ Брюссель хотноо ОХУ, Украины эрчим хүчний сайд нар байгалийн хий нийлүүлэлтийн асуудлаар уулзсан билээ. Таван цаг үргэлжилсэн уулзалтын үр дүнд ОХУ-аас энэ гуравдугаар сарыг дуустал Европ руу байгалийн хий нийлүүлэхээр тохиролцон гэрээ байгуулжээ. Европын холбоо нь ОХУ-аас импортлодог байгалийн хийн нэлээдгүй хувийг Украины газар нутгаар дамжуулан хүлээн авдаг юм. Түүнчлэн Украин цаашид ОХУ-аас байгалийн хий импортлох асуудлаар уулзалт, хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Өмнөх яриа хэлцэлийн дагуу Украин ОХУ-аас байгалийн хий авахын тулд урьдчилж мөнгөө төлж байхаар тохиролцсон билээ.

 

ОХУ-ын "Газпром" компани өнгөрсөн долоо хоногт Украин руу байгалийн хий нийлүүлэхээ зогсооно хэмээн сүрдүүлсэн аж. Газпром" компанийн зүгээс сүүлийн өдрүүдэд Украины зүүн хязгаарт шууд нийлүүлсэн байгалийн хийн төлбөрийг Киевийн Засгийн газраас нэхжээ. Украины тал салан тусгаарлагчдын бүсэд байгалийн хий нийлүүлэхээ зогсоосны дараа "Газпром" компани Донбасс руу шууд хий шахаж эхэлжээ. Украины "Нафтогаз" компани өнгөрөгч хоёрдугаар сард хийн хоолой гэмтсэнээс салан тусгаарлагчдын бүс нутаг Донбасст байгалийн хийн нийлүүлэхээ зогсоосон аж. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг Украин дөрвөн сая хүн амьдарч буй бүс нутагт эрчим хүч нийлүүлэхээс татгалзсан нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжилжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment