
Сар шинийн баяр ойртож иргэд хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдан авч байгаатай холбоотойгоор мэргэжлийн хяналтын газраас үйлдвэр үйлчилгээний газруудад 3 ажлын хэсэг гарган хяналт шалгалтыг хийж байгаа. Худалдааны үйлчилгээний газруудад 2 ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн томоохон хүнсний худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлж байна. Харин орон сууцнуудын хоорондох болон гэр хорооллын дэлгүүрүүдэд хяналт шалгалтыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн явуулж байгаа юм. Томоохон худалдааны төвүүдээр хийсэн шалгалтын явцад хугацаа дууссан набор, шоколадууд мөн үйлдвэрлэсэн хугацааг нь бичээгүй бууз худалдаалагдаж байгаа зөрчил илэрч байна.
Дээрх зөрчил илэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураан авч байгаа бөгөөд аймгийн устгалын комисст хүлээлгэн өгч устгуулах ажлыг зохион байгуулах аж. Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон үйлдвэрлэсэн хугацааг тодорхой бичээгүй бүтээгдэхүүн худалдсан мөн стандартын шаардлага хангаагүй нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан тохиолдолд тухайн ААН, байгууллага болон худалдагчид захиргааны харицлага буюу торгуулийн арга хэмжээ авах юм байна. Тиймээс худалдааны төвүүд болон дэлгүүрийн худалдагч нар бараагаа авахдаа үйлдвэрлэсэн хугацааг бичсэн эсэх болон хугацаа дууссан зэргийг сайтар шалгаж байж авах шаардлагатай болж байна.
Нөгөө талаас иргэд сар шинийн бэлэг болон хүнсээ бэлтгэхдээ мөн тухайн барааны сав баглаа боодлыг сайтар нягталж үйлдвэрлэсэн хугацааг нь харж байж худалдан авалт хийхийг сануулж байна.Түүнчлэн аймгийн хэмжээнд сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн болох хэвийн боов, еэвэн зэргийг ил задгайгаар худалдаалах тохиолдол ихээр гарч байгаа аж. Энэ нь эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцээгүй, шинжилгээ шалгалтаар ороогүй учраас тус худалдааг зогсоож урьдчилан сэргийлэхийн тулд иргэд худалдан авалт хийхгүй байх шаардлагатайг албаны хүн хэлж байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:
Post a Comment