Friday, February 27, 2015

Аялахаа түр азнаарай

-Өнөөдрөөс эхлээд аяллын маршрутаа түр орхиж, өөр аргаар алжаалаа тайлахаас аргагүй нь. Учир нь он гарснаас хойш нийслэлийн Баянзүрх дүүрэгт болон Хэнтий, Дорнод аймгийн гурван суманд нийт таван удаагийн ой, хээрийн түймэр гарчээ-

Агаар салхи амьсгалж уушгиа цэвэрлэх, уул овоондоо гарч эргэл мөргөл хийх, мах мариагаа багасгаж турах гэхчилэн олон шалтгаанаар хүмүүс уул руу аялдаг. Нийслэлчүүд л гэхэд аяллын баг бүрдүүлээд амралтын өдрүүдэд хот орчмын ногоон бүсэд, тэр дундаа Богд хан уул руу аялцгаадаг болсон. Яг одоо та ч бас аялахаар үүргэвч юугаа бэлдээд байна уу. Тэгвэл аялагчид маань түр азнахаас аргагүйд хүрчээ. Өнөөдрөөс эхлээд аяллын маршрутаа түр орхиж, өөр аргаар алжаалаа тайлахаас аргагүй нь. Учир нь Улсын онцгой комиссын албан даалгавар гарч, энэ оны зургадугаар сарын 15 хүртэл улс орон даяар уул хад, хээр талд аялал зугаалга хийх, амарч цэнгэхийг хориглосон байна.

Энэ нь хэт хуурайшилттай холбоотой ажээ. Энэ жилийн хувьд нийт нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас бага байгаагаас ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, өвс ногоо намрынхаараа байгаа билээ. Үүнээс болж он гарснаас хойш нийслэлийн Баянзүрх дүүрэгт болон Хэнтий, Дорнод аймгийн гурван суманд нийт таван удаагийн ой, хээрийн түймэр гараад байгаа юм. ОХУ-аас Монгол Улсын хил давж хээрийн түймэр орж ирсэн тохиолдол ч гарчээ. Энэ бүх түймэрт нийт 19 га ой, 7000 га хээр талын бэлчээр, нийт 7019 га талбай өртсөн гэсэн урьдчилсан мэдээ гарчээ. Богд хан уулын Төр хурахын аманд хоёр ч удаа түймэр гарсан бөгөөд гал аялагчдын буруутай үйлдэлтэй байж болзошгүй байгаа юм.  Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 105 албан хаагч, 10 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 1 албан хаагч, орон нутгаас 90 иргэн, 17 автомашин, нийт 195 хүн, 27 автомашин техник, хэрэгсэлтэйгээр олон арван цагийг зарцуулсан байдаг. Ойн түймэр хөвд өвсөн доор нуугдсан байдгаас унтраахад маш хүнд байдаг тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад улсын хэмжээнд цас бага орсон нь хаврын хуурайшилт эрт эхлэхэд нөлөөслөн гэж мэргэжлийнхэн дүгнэж байна. Манай орны нийт нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаа ч ихэнх нутгаар хуурайшилттай байгаагаас иргэд ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхи, шүдэнзээ сайтар унтрааж, гал түймэр гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлсээр байгаа юм. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр оны эхний хоёр сард хур тунадас олон жилийн дунджаас хур тунадас бага унасныг тодотгож байгаа. Мөн ирэх  3, 4 дүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх төлөв гарсан болохоор Улсын онцгой комисс болон ОБЕГ-аас аялал зугаалгыг хориглоход хүрчээ.

2014 онд гэхэд улсын хэмжээнд 18 аймгийн 101 суманд 281 удаагийн ой, хээрийн түймэр гарч нийт 3.1 сая га талбай шатсан байна. Түймрийн улмаас  гурван хүн нас барж, 12 хүн түлэгдэж, 54 айлын гэр, байшин, 25 өвөлжөө, хашаа, 7538 толгой мал, долоон автомашин шатаж, ард иргэд, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд 635.9 сая төгрөг, байгаль, экологид 10.1 тэрбум төгрөг, нийт 11.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 175.2 сая төгрөгийн зардал гарчээ. Энэ их мөнгө, хөлс хүчийг үргүй зарахад хүргэсэн гол шалтгаан гал түймрээс сэргийлэх үүднээс аялал зугаалгыг хориглолоо. Ойн амуудад байнгын болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулж эхлэх юм байна. Тиймээс та  ой хээрээр аялах, зугаалах төлөвлөгөөтэй бол зун болж, бороо ортол хойшлуулахаас аргагүй нь.

Хөдөө орон нутагт алба амины хэргээр зорчихдоо ч санамсаргүй байдлаар гал алдахгүй байхад анхаараарай. Мөн ОБЕГ-аас гаргасан доорх санамжийг зүгээр л нэг гүйлгээд уншчихаарай.

-Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
- Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
- Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
- Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
- Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
- Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй болох.

Д.ЦЭЭНЭ

 

0 comments:

Post a Comment