Friday, February 6, 2015

Хүүхэд насанд хүргэж өгдөг шидэт өвөө

Дулаан инээмсэглэл тодруулах япон өвөө шинэ он гараад тав хонож байхад 74 насыг зооглосон билээ. 74 жилийн өмнө тэр хүн хорвоод мэндэлсний үрээр энэ ертөнц илүү гэрэлтэй, илүү сониуч, илүү төсөөлөмтгий, илүү шидтэй болсон гэдэгт огтоос үл эргэлзнэм. Тэр бол японы нэрт аниметор, шидэт ертөнцийг бүтээгч Хаяо Миязаки билээ. Энэ удаад Хаяо Миязакийн шидэт ертөнцөөр уншигчдаа өчүүхэн ч гэсэн замчлан аялах гэж буйдаа туйлын баяртай байна.

Энэ удаад өгүүлж буй хүнээ хэдэн онд, хаана төрснийг дурддаг уламжлалт эхлэлийг алгасаад анхны бие  даасан бүтээлийг нь шууд танилцуулж эхлэвэл ямар вэ гэж бодлоо. Миязаки хэд хэдэн аниме бүтээхэд ерөнхий аниметор, дэлгэцийн дизайнераар ажиллаж байгаад Салхит хөндийн Наусика охин (Nausicaд of the Valley of the Wind) хэмээх анимег ижил нэртэй манганаас сэдэвлэн хийсэн нь түүний анхны бие даасан бүтээл болсон бөгөөд тун удалгүй 1985 онд "Гибли студи"-ээ үүсгэн байгуулсан юм. Эндээс л Хаяо Миязаки хэмээх хүний ид шидийн гайхамшигт ертөнцийн үүд нээгддэг.

Салхит хөндийн Наусика охиноос эр зориг, тэмүүлэл, цэвэр сэтгэл, нинж, хүч чадал гэж юу байдгийг, хүн байгаль хоёрын амин судлыг мэдэрч болно.Тэр бүхэн үзсэн нэгний дотор чимээгүй шургалаад орчих шиг болдог тийм л сайхан, цэвэр агаар шиг бүтээл. Анхны бүтээлээрээ ийм өндөрт, ийм сайханд хүртэл дүүлэх хэмжээний чадвар, туршлага суутлаа тэрээр 1963 оноос буюу 22 наснаасаа эхлээд аниме зураачаар ажилласаар 43 насандаа аниме бүтээгчийн бие даасан  карьераа ийнхүү гялалзтал эхлүүлсэн юм. Миязаки уг нь их сургуулийг улс төр, эдийн засгийн ухаанаар төгссөн боловч мэргэжлээрээ ажилалгүй, манганы зураач болно гэж сэтгэл шулуудан зүтгэх явцдаа аниме бүтээгчийн замд эргэлт буцалтгүй орж, анхнаасаа л өөрийн гэсэн арга барил, хурц авъяасаараа тодорч байсан гэдэг.

Миязакийг олон улсад танигдах эхлэлийг тавьсан түүний алдартай бүтээл нь Миний хөрш Тоторо My Neighbor Totoro хэмээх аниме юм.

Англи, Оросын хүүхэд багачууд Винни Пухийг хичнээн хайрладаг билээ, Японы хүүхэд багачуудын хувьд Тоторо түүнтэй эн тэнцэхүйц үндэсний хэмжээний хайр татам баатар нь юм.Хөдөөгийн бяцхан сууринд аав, хоёр охиныхоо хамт нүүн ирнэ. Ээж нь ойролцоох эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд удаан хугацаагаар эзгүй хойгуур хоёр охин нь ээжийгээ ихэд санан бэтгэрэх боловч хүүхдийн аз жаргалтай, цолгиун амьсгал киноны туршид тасалдахгүй, бороон дунд аавынхаа ирэх автобусыг тосон буй охины дэргэд Тоторо ирээд чимээгүй зогсоод хамтдаа хүлээдэг мөч бол анимегийн түүхэн дэх хамгийн сэтгэлд хоногшим, өхөөрдөм, шидэт зураглал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

Дараагийн бүтээлээрээ Хаяао Миязаки улам л  өндөрт дүүлсэн. Миний хувийн дүгнэлтээр түүний хамгийн оргил бүтээл: Мононоке гүнж (Princess Mononoke).

Мононоке гэдэг нь хүний нэр биш бөгөөд ариун сүнс эсвэл буг чөтгөрийг илтгэсэн нэршил бололтой. Нэг найз маань уг  анимег "алое" шиг гэж тодорхойлсон, би ч бараг санал нийлсэн. Ойн зураглал, бяцхан дугуй царайтай, цагаан кодама нар гүйлдэх нь үзэгчийг үнэхээр л нэг тийм онгон дагшин, байгалийн шидэнд автуулах шиг болдог.Хаяао Миязаки өөрийн аниме бүтээх багийхны хамт эртний ой мод, уул толгодоор аялаж, тэндхийн байдлыг нүдээр үзэж зургандаа буулгасан гэсэн баримт бий.Тиймдээ ч энэ аниме байгалийн онгон дагшин шидийг үзэгчдэд тийм гүнзгий мэдрүүлэхээр болсон биз.  Бас нэгэн сонирхолтой баримт байдаг нь анимегийн ихэнх хэсгийг гараар зурсан бөгөөд тун яльгүй хэсэгт компьютер график ашигласан бөгөөд эрхэм Миязаки аниме бүтээх явцад зурагдсан 144,000 зургийг нэг бүрчлэн өөрөө шалгаж, 80,000-ыг нь ахин зурсан гэдэг угаас түүний аниме бүтээлүүдийн 10 хүрэхгүй хувьд компьютер график ашигладаг байна.

Уул, ус бүхэн сахиустай байдаг гэж бөө мөргөлд үздэгчлэн байгаль, ойг аварга амьтны дүртэй ариун сүнснүүд хамгаалах ажээ.Гэвч төмөр боловсруулж амьдардаг тосгоны иргэд байгалийн баялгийг эзэмших үүднээс ариун сүнснүүдтэй зөрчилдөн дайтаж эхэлнэ.Ойн хамгаалагч ариун сүнснүүд үзэн ядалт, өш хонзонгоо дийлэлгүй түүндээ идэгдэх аваас хамаг биеэс нь өт язагнан цухуйж буг чөтгөр болон хувирдаг аж.Эмиши удмын хан хүү Ашитаки тийм нэгэн буг чөтгөр тосгон луу нь дайрах явцад тулалдаж байгаад нэг гартаа хараал хүргэчихдэг.Ашитаки гарт нь хүрсэн хараалыг тайлж, амиа аврах аргыг олохоор тосгоноосоо явдаг.Тийнхүү эрэл хайгуул болж явах зуураа ариун сүнсүүд, хүн хоорондын дайнд татагдан орж, Моро хэмээх аварга, цагаан чонон дүрт ариун сүнсний өргөж авсан охин Санд дурлаж орхидог.Ашитаки хүн, ариун сүнсний тэмцэлдээний аль ч талд оролгүй, хэн хэнийг нь зогсоох гэж зүтгэх боловч хүмүүс эцэстээ нэгдэн ойн тэнцвэрийг хадгалж, ариун сүнснүүдийн амьдрал үхлийг шийдэж байдаг буга дүрт ойн бурхны толгойг цавчиж орхидог.Ашитаки ч дурласан Санаа үхлийн аюулаас аварч, хамтдаа хүмүүсийн гараас тасарсан толгойг нь авч толгойгоо хайн бэдрэх хилэгнэсэн ойн бурханд эргүүлэн өгч бурхны хилэнд тэр хавийн тосгон, хүмүүс сүйдэн үгүй болохоос сэргийлдэг.Байгалийг сүйтгэж, эхийг нь, ойн бурхны толгойг цавчсан хүмүүсийг үзэн яддаг Сан бага багаар өөрийгөө нээсээр эцэстээ Ашитакийг хайрлах боловч киноны төгсгөлд "Би чамд хайртай.Гэхдээ би хүмүүсийг уучилж чадахгүй" гэхэд нь Ашитаки инээмсэглээд "Зүгээр дээ.Бид хаа ч байсан хамтдаа байгаа.Би чам дээр очиж байна аа" гээд тэр хоёр салан явцгаадаг. Сүйтгэгдсэн ойн дунд цагаан, дугуй царайтай, нүүр нь эргэлддэг, бяцхан Кодама тодросноор уг бүтээл төгсдөг.Товчоор хүн, байгаль хоорондын дайн, гэвч энэ дайнд хэн нь ч ялдаггүй, угаас дайнд ялагч бий гэж үү?

Кино ертөнцөд эзлэх байр суурийн хувьд түүний хамгийн оргил бүтээл нь 2001 онд хийгдсэн Сүнсээр туугдагсад (Spirited away) хэмээх аниме юм.

Кино шүүмжлэгчдийн зүгээс энэхүү бүтээлд нь өгсөн үнэлгээ, авсан гавъяа шагналыг нь дурдаад баршгүй. Энэ амжилтын гол шалтгаан нь Пиксарын нэрт аниметор, Миязакийн шүтэн бишрэгч Жон Лассетэр (John Lasseter) уг анимег англи хэл дээрх хувилбараар гаргах ажилд гүйцэтгэх продюсерээр ажиллаж, англи хэлтнүүдийн ертөнцөд Миязакийн бүтээлийг орчуулга, продюсерийн өндөр чансаатайгаар хүргэсэнд учир нь байдаг гэж би таамагладаг юм. Сүнсээр туугдагсад аниме 75 дахь удаагийн Оскарын шагналыг бүрэн хэмжээний шилдэг анимэйшн төрөлд хүртэж, 2002 оны Берлины кино наадмаас Алтан баавгай хүртэж, Британийн кино академиас гаргасан "14 насандаа үзэх ёстой шилдэг 50 киноны" жагсаалтад багтаж, Empire Magazine сэтгүүлийн "Дэлхийн кино урлагийн түүхэн дэхь 100 шилдэг кино" жагсаалтын 10 дугаарт бичигдсэн түүхтэй. Хийц, арга барил, дүр, өгүүлэмж нь барууны ертөнцөд цоо шинэ од эрхэс нээсэн мэт санагдсан нь аргагүй биз.Дүрүүдийн бэлгэдэл ч өндөртэй.

"Сүнсээр туугдагсад" анимегийнхээ дараа Хаяо Миязаки гагц японд төдийгүй дэлхий дахинд алдаршин, түүнийг шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт дараагийн бүтээлийг нь шимтэн хүлээж байсан цаг буюу 2004 онд Британийн зохиолчийн Хаулын нүүдэлч цайз Howl's Moving Castle хэмээх уран сэтгэмжит романаас сэдэвлэн ижил нэр бүхий аниме бүтээлээ гаргасан юм. Шүтэн бишрэгчдээ тэр гонсойлгосонгүй, арга барил, хийцийн хувьд ахиад л шидээвэр, харин өгүүлэмж нь жаахан ярвигтай, ямар ч байсан бэлэн хоол ам руу нь халбагадаад хийгээд өгчихсөнгүй, үзэгчийн уран сэтгэмж, төсөөлөлтэй нэгдэж байж илүү ойлгомжтой, гүйцэд болохоор бүтээл болсон байв.

2008 онд Понио (Ponyo) хэмээх хүн болж хувирах хүсэлтэй бяцхан алтан загас-лусын охины тухай аниме олны хүртээл болов.

Кино шүүмжлэгчдийн зүгээс бас л ам сайтай, энэ удаад уг бүтээл нь Америкт төдийгүй, Канад, Их Британид нээлтээ хийн бокс оффист багтаж багагүй ашиг орлого цуглуулсан юм.Japan Times сэтгүүл уг анимег нь Миний хөрш тоторотой нь жишин үнэлсэн нь бий.Мэдээж энэ бол Миязакийн шилдэг бүтээл биш боловч дүрслэл, өгүүлэмжийн хувьд түүний бүх насны шүтэн бишрэгч ялангуяа хүүхдүүдийн хувьд сэтгэл зүрхийг нь соронздон татах бүтээл болсныг олон шүүмжлэгч онцолсонтой би санал нийлдэг.

Таван настай хүүтэй найз болсноор бяцхан охин болж хувирах хүсэлтэй, утсан гахайн маханд дуртай өхөөрдөм алтан загасан-лусын охин, амь орон хуйлрах давалгаа, лусын дагина эхийнх нь гайхамшигт үзэсглэнг хараад уг анимегийн талаар огт мэдээлэлгүй байсан ч Хаяао Миязакийн бүтээл гэдгийг шууд л таньсан, түүнээс өөр ингэж хийж чадах хүн байхгүй гэдгийг мэдэж байгаа хойно.

Гайхалтай аниметор, манга зураач, найруулагч Хаяо Миязакийн талаарх багахан бичлэг маань өндөрлөх тийшээ хандаж байна, энэ бичлэгтээ түүний голлох бүтээлүүдийг түлхүү оруулах үүднээс Порко Россо Porco Rosso, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ Kiki's Dilevery Service, Тэнгэрийн цамхаг Casttle in the Sky зэрэг бусад бүтээлүүдийгдурдалгүй орхилоо, түүний гал цогтой шүтэн бишрэгчид бол бүтээл болгоныг нь алгасахгүй үзсэн байдаг. Түрүү онд Хаяао Миязакийн сүүлийн бүтээл "Салхи дэгдэв" (The Wind Rises) аниме олны хүртээл болсон нь анимед хорхойсогч үзэгчдийн хувьд гойд сайхан бэлэг болсныг дурдах төдийгөөр илүүг нуршихаас хязгаарлая.

Миязакийн амжилт, цар нөлөөг Уолт Диснейтэй адилтган зүйрлэх нь бий, би харин энэ эрхмийг өнөө цаг үеийн кино ертөнц дэх амьд үзэгдэл гэж боддогоо хэлмээр байна, түүний цэвэр агаар, цэнгэг булаг шиг бүтээлүүд, хүүхэд насанд маань хүргэж өгдөг шидэт галт тэрэг шиг анименүүдийг үзэх тоолонд гэгээн сайхан, нийгүүлсэл, хайр, хүүхэд насны минь цэвэр төсөөлөл, цоглог, цолгиун, сониуч амьсгаа дотор минь бөхчихөөгүй цохилсоор байгааг мэдэрдэг. Тиймдээ ч нүүрэндээ дулаан инээмсэглэл тодруулсан япон өвөөтэй нэг цаг үед амьдарч, бүтээлүүдийг нь үзэх завшаан олдсон хувь тавиландаа үнэн сэтгэлээсээ талархдаг.

"Би уг нь хувь хүнийхээ хувьд маш гутранги хүн.Хорвоо ертөнц муу муухай руу улам дөтөлж байна. Гэтэл энэ ертөнцөд хүмүүс нэмэгдсээр, жишээ нь л гэхэд манай ажлын хүн хүүхэдтэй боллоо гэхэд түүнд сайн сайхныг ерөөхөөс өөр аргагүй, энэ ертөнцөд ирсэн жаахан амьтанд "чи ийм газар ирэх ёсгүй байсан юм" гэж хэлж болохгүй шүү дээ, энэ мэт зөрчилтэй бодлуудын дундаас би ямар бүтээл туурвих ёстойгоо ухаардаг. Тиймээс би "хорвоогийн муу муухайд цөхөрч гутраад нүүр буруулан зугатаа" гэж хүүхдүүдэд ойлгогдох кино хийж чадахгүй." Хаяо Миязаки

Ж.ТЭГШЗАЯА

Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл

0 comments:

Post a Comment