Орон нутгийн мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, цогц мэдээллийг нэг дороос хүргэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа энэхүү цахим хуудас та бүхэнд цаг үеэ олсон мэдлэг, мэдээллийг өгч чадна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү цахим хуудасны орон нутгийн мэдээ, мэдээллийн булангаар Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын бүхий л мэдээллийг хүлээн авах боломжтой бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.
Дархан хот анх 1961 онд байгуулагдсан цагаасаа ах дүү орнуудын найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэдний идэвхитэй дэмжлэг, туслалцаатайгаар эдүгээ Монгол улсын эдийн засаг, нийгмийн хоёрдогч томоохон төв болон хөгжиж байна.
Дарханчууд бид 2013-2016 онд "Дархан-хөгжлийн загвар хот" болгох эрхэм зорилго дэвшүүлж, төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг болон орон нутгийн төсвийн тогтвортой байдлыг хангах, "Дархан" үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, паркийн нэгжүүдийг дагасан жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Шинээр хүдэр баяжуулах үйлдвэрийн цогцолбор байгуулах, сумдад ахуйн үйлчилгээний төвүүдийг байгуулах, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, бөөний худалдааны сүлжээг өргөжүүлж, мах, ногоо, сүү, цагаан идээ, түлээ нүүрсний гэх мэт төрөлжсөн захуудыг байгуулах, Малын удмын сангийн Үндэсний цогцолбор байгуулах, "Утаагүй Дархан", "Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, "Дархан-Цэвэр хот", "Ногоон хот", "Орон сууцны жишиг хороолол", "Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах хөтөлбөр"-ийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Аймгийн " Хүн ам зүйн бодлого" –ыг боловсруулж, хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж сурах ая тухтай орчныг бүрдүүлэх, "Боловсрол" хотхон байгуулах, насанд хүрэгчдийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Иргэний боловсрол" төв байгуулах, Дархан сумын 4, 5, 7, 9, 11, 13-р багууд болон Шарын гол, Орхон, Хонгор сумын багуудад биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайг цогцолбор болгох, зорилтот бүлгийн иргэдэд "Хөгжлийн төв" байгуулах, ахмадын автобусны үйлчилгээг өргөжүүлэх, сум бүрт е- бирж байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг дэс дараалалтайгаар тус тус хэрэгжүүлж ажиллана.
2013 оныг аймгийн хэмжээнд "Төрийн үйлчилгээг сайжруулан хариуцлага, хяналтыг дээшлүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарлаж, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, хөнгөн шуурхай хүргэж, бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж, ард иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байна.
Энэ дашрамд WWW.NEWS.MN цахим хуудсын хэрэглэгч, уншигч, сонсогч та бүхнийг манай Дархан хотод зочлохыг урихын хамт та бүхний сурч, хөдөлмөрлөх их үйлст тань өндөр амжилт хүсье.
ДАРХАН-УУЛАЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ
0 comments:
Post a Comment