
Турк, Сирийн хил дээр орших Кобани хотыг хамгаалахаар "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тулалдаж буй курдын дайчдад АНУ-ын арми өнөөдөр /Х.20/ зэр, зэвсэг нийлүүллээ. АНУ-ын армийн "C-130" тээврийн онгоцнууд курдуудын дээрээс зэр зэвсэг, эмнэлгийн тусламжийн барааг агаараас буулгасан байна. АНУ-ын зүгээс курдуудад зэр зэвсэг нийлүүлсэн нь холбоотон Турк улсын дургүйцлийг төрүүлж магадгүй байна. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган өчигдөр /Х.19/ курдын дайчид Америкаас зэр зэвсгийн тусламж авахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан аж. Курдын босогчдын "Хөдөлмөрийн нам" тусгаар тогтнохын төлөө Туркийн Засгийн газрын эсрэг олон арван жил тэмцсээр иржээ. Иймээс Турк улс "Исламын улс" бүлэглэлийн эсрэг олон улсын цэргийн эвсэлд нэгдсэн боловч курдууд голдуу оршин суудаг Кобани хотын төлөөх тулаанд идэвхигүй оролцож байгаа аж.
Сири, Иракийн нутаг дэвсгэрийн нэлээдгүй хэсгийг эзлээд буй "Исламын улс" бүлэглэлийн эсрэг АНУ-аар ахлуулсан олон улсын цэргийн эвсэл байгуулагдаж, агаараас цохилт өгч эхэлсэн юм. АНУ-ын арми "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Сирид 135 гаруй удаагийн агаарын дайралтыг удирдан явуулсан байна. Үүнээс өмнө өнгөрсөн наймдугаар сард АНУ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цохилтыг Ирак улсад эхлүүлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment