Хонгконгийн эсэргүүцэлд гадны хүч оролцсон гэв
Удирдлагаа бие даан сонгох эрхийн төлөө хонгконгчууд олон хоног гудамж, талбайд суулт зарлан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа билээ. Гэтэл Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин эсэргүүцлийн хөдөлгөөнд "гадны хүч" оролцож байна хэмээн "ATV" телевизэд мэдэгджээ. Гэвч тэрээр Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд гадаадын ямар улс, байгууллага хэрхэн оролцож буйг тайлбарлаагүй байна. Харин жагсагчдын зүгээс Люн Чун Ин ямар ч нотолгоо, баримтгүй "хариуцлагагүй" мэдэгдэл хийлээ хэмээн шүүмжилжээ.

Өмнө Хятадын албаныхны зүгээс АНУ тэргүүтэй олон улсад хандан Хонгконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохын эсрэг анхааруулга өгч байсан юм. Үүний зэрэгцээ Хятадын хэвлэлүүдэд Хонгконгийн эсэргүүцлийг Барууныхан өдөөн хатгаж байна хэмээн мэдээллэж байгаа гэнэ.
Жагсагчид гурван долоо хоногийн хугацаанд Хонгконгийг хэсэгчлэн хааж, эсэргүүцлээ илэрхийлж буй юм. Хонгконгийн удирдлага өнгөрсөн долоо хоногт жагсагчдын төлөөлөлтэй уулзалт хийх сургаар эсэргүүцлийн жагсаал, суулт бага зэрэг намжаад байсан ч хэлцэл цуцлагдсан юм. Түүнчлэн Хонгконгийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногт санхүүгийн гол дүүргүүдийг чөлөөлөхөөр жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэл дахин нэмэгджээ. Жагсагчид өмнө нь суулт зарлан эсэргүүцлээ илэрхийлж байсан газруудыг буцаан эзлэхийн тулд бямба гаригт /Х.17/ цагдаа нартай мөргөлдсөн юм. Мөргөлдөөний үеэр 26 жагсагчийг баривчилж, 15 цагдаа гэмтэж бэртсэн талаар Хонгконгийн удирдлага мэдэгджээ. Үүний дараа Хонгконгийн удирдлагууд маргааш /Х.21/ оюутнуудтай уулзаж, хэлцэл хийхээр тохиролцсон аж. Тэдний уулзалтыг телевизээр шууд дамжуулах гэнэ. Хонгконгод өчигдөр /Х.18/мөргөлдөөн, үймээнгүй тайван хоносон байна. Хонгконгчууд ирэх 2017 оны захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн Хятадын болзолыг эсэргүүцэн, сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment