Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон өсвөрийн тамирчид АНУ-ын Клевлэнд хотноо болдог "Continental Cup" Олон Улсын залуучуудын спортын наадамд хоёр дахь жилдээ оролцлоо. "Continental Cup-2014" тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн тамирчид өнөөдөр Спортын Бэлтгэлийн төвд мэдээлэл хийлээ.
АНУ-ын Клевлэнд хотноо долдугаар сарын 3-6-ний өдрүүдэд болсон "Continental Cup" спорт наадмын сагсан бөмбөгийн төрлийг NBA-ын "Cleveland Cavaliers" баг хамтран зохион байгуулдаг аж. Ес дэх жилдээ зохиогдсон уг наадамд энэ жил арван улсын 228 багийн 3200 гаруй тамирчид өрсөлджээ.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ жил U13, U15, U18 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ нийт таван багийн 60 гаруй тамирчдыг бэлтгэн, тус наадмыг зорьсон байна. Тэмцээнд оролцсон Монголын өсвөрийн тамирчид өндөр амжилтыг үзүүллээ.
U 13 насанд өрсөлдсөн охидын баг хүрэл медаль хүртсэн бол U 15 насны охидын баг VI байрт, U 13 насны хөвгүүдийн баг VII байрт шалгарсан байна.
U 13 насанд өрсөлдсөн охидын баг хэсэгтээ АНУ-ын тав, Канадын нэг багтай тоглож, гурав хожиж, хоёр хожил авснаар цааш медалийн төлөө тоглох эрхийг авчээ. Улмаар Нью-Йоркоос ирсэн хоёр багийг тус бүр 61:46, 43:35-р, Охайо мужийн "Youth Tiger Extreme" багийг 50:37 харьцаатай буулган авсан байна. Нью-Йоркийн "Western NY Shock" багтай хожил тэнцсэн ч, онооны зөрүүгээр гуравдугаар байр эзэлжээ.
Харин U13 насны хөвгүүдийн баг 7-р байранд шалгарахдаа Охайо мужийн "SELBA Beasts" багтай хийж, 60:42 харьцаатай хожсон бол U15 насны охидын баг 6-р байр эзлэхдээ зохион байгуулагч мужийн "Air Attack-Tennefoss" багийг 43:32 харьцаатай хожсон байна.
U15 болон U18 насны эрэгтэй багууд АНУ-ын хүчирхэг багуудтай тоглон ялагдал хүлээсэн байна. Эдгээр тоглолтуудыг Америкийн хамгийн хүчирхэг оюутны лиг болох NCAA-н багуудын экспертүүд ирж сонирхсон бөгөөд мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн талаар мэдээлэв.
Охидын 13 насанд хүрэл медаль хүртсэн багийн дасгалжуулагчаар 52-р сургуулийн багш У.Гэрэлт-Од ажилласан байна. Тус багийг гол тоглогчдыг 52-р сургуулийн сурагчдаар бүрдүүлжээ. 52-р сургуулийн охидын баг энэ онд дотооддоо болсон УАШТ болон бусад тэмцээнээс таван алтан медаль хүртсэн баг аж. Тиймээс энэхүү тэмцээнд тус баг дээр шигшээ багийг бүрдүүлсэн байна. Энэхүү багийн бүрэлдэхүүнд А.Энхтуул (багийн ахлагч), С.Анударь, А.Энэрэл, М.Цэлмэг, И.Номин-Эрдэнэ, Э.Хонгорзул (бүгд 52-р сургууль), Б.Одгэрэл (7-р сургууль), Н.Ганпүрэв (Говь-Сүмбэр), Г.Эрдэнэбилэг (Говьсүмбэр), Содноммиш (Дундговь) нарын өсвөрийн шилдэг тамирчид багтсан байна.
Ч.БОЛОР
0 comments:
Post a Comment