Өвчтэй мал, үнэтэй мах
Наадам дөнгөж дуусахтай зэрэгцээд нийслэлд боом өвчин дэлгэрч, мал өвчлөөд зогсохгүй хүнд халдварлажээ. Холбогдох газруудын мэдээлснээр дөрвөн хүн боомоор өвчилж ХӨСҮТ хэвтэж байгаа бөгөөд 16 малыг устгалд оруулж, өвчний голомтод байгаа 4000 орчим малд халдваргүйжүүлэлт хийжээ.
Монголчууд эрүүл мах хэрэглэж чаддаг уу?
Энэ бол маш эргэлзээтэй асуудал. Бидний идэж байгаа малын махын хэд нь шинжилгээнд хамрагдсан бэ гэдгийг мэргэжлийн хяналтынхан ч хэлж чадахгүй. Тэгээд ч танилтай бол шинжилгээний бичигтэй болоход ажил удах юмгүй, амархан асуудал болсон. Тийм болохоор монголчууд бид эрүүл мах идэж байгаа гэж хэлэхэд бэрхтэй.
Хэрэглээнийхээ 80 хувийг гадаадаас хангадаг Монгол Улс зөвхөн мах, гурил, төмсөө дотоодоосоо хангах нь бий. Гурван сая хүрэхгүй хүн амтай, 45 сая малтай ч хэрнээ Монголд мах магнагийн дайтай үнэд орсоор. Хүн амаасаа ес дахин их малтай, мал аж ахуйн орны хувьд Монголд уг нь хамгийн хямдхан хүнс мах байх ёстой юм. Юуны төлөө монголчууд хэдэн малтайгаа байхад өлсч үхэхгүй гэж онолддог билээ. Харамсалтай нь өнөөдрийн үйл явдлаас харахад хэдэн малтайгаа байхад өлсч үхээд зогсохгүй малтай, хүнтэй хамт малын гоц халдварт өвчнөөр нүд анихад ч ойрхон болчихож. Галзуу, боом, шүлхий, мялзан, эргүү гээд малын гоц халдварт өвчин Монголд байсхийгээд л дэгдэж, хэдэн мянгаар нь устгалд оруулах нь бий. Өнгөрөгч хавар зүүн гурван аймагт гарсан шүлхийн улмаас 3500 орчим, галзуугаар 186 малыг устгасан бол наадмын өмнөхөн мялзан туссан мянга шахам гахайг устгалд оруулсан албан мэдээлэл байгаа. Харин наадмын дараа гарсан боом өвчин хүнд халдварласан нь анхны тохиолдол биш юм. Тэгээд ч мөнгө цагаан, нүд улаан гэгчээр өвчин туссан, үхсэн малын мах нийслэлд худалдагдаагүй гэсэн баталгаа байхгүй
Малчдад хариуцлага тооцоё
Монгол Улс хүнээ тоодоггүй хэрнээ малаа төрийн хамгаалалтад авсан "ухаалаг" ард түмэн. Үндсэн хуулиндаа "мал бол төрийн хамгаалалтад байна" гэж заачихсан хэдий ч мал бол тухайн хүний өмч. Тухайн хүн малаа өсгөнө үү, үхүүлнэ үү тэр хүний л асуудал баймаар. Гэтэл ган, зуд болсон ч, гоц халдварт өвчин дэлгэрсэн ч төрөөс хэдэн зуун саяыг зарцуулах нь бий. Угтаа төрөөс гаргаж байгаа хөрөнгө татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй хэрнээс төрөөс байнга зулгааж байдаг малчдад хариуцлага гээч зүйлийг ойлгуулах хэрэгтэй болжээ. Татвар төлдөггүй хүмүүст татвар төлөгчдийн мөнгийг зарцуулна гэдэг нэг үгээр хэлбэл хуваарилалт нь шог шийдвэр юм. Малаа вакцинжуулалтад хамруулдаггүй, өвлийн бэлтгэлээ базаадаггүй, үрэх, зарах, идэх гурваа л мэддэг эрх нь дэндсэн малчдад мал бол өөрийн чинь өмч гэдгийг ойлгуулахгүй бол махны үнэ ч буурахгүй, малын өвчин ч тасрахгүй юм. Хувийн компаниуд өнөөдөр бүгдээрээ л ам. долларын ханшаас болж хэдэн арав, хэдэн зуун, хэдэн тэрбумын алдагдал амсч байгаа ч хохирлоо, эрсдлээ өөрсдөө л үүрдэг. Үүнтэй адилхан байгалийн гамшиг, өвчний халдвар гээд малтай холбоотой бүх эрсдлээ малчид өөрсдөө үүрэх ёстой. Учир нь мал бол хувийн өмч. Өнөөдөр Монголын малчид ихэнх нь чанараас илүү тооны хойноос хөөцөлддөг. Мянгат малчин болохын тулд мал нь вакцинжуулалтад хамрагдах эсэх нь тэдэнд хамаагүй болсон. Тиймээс хөдөө аж ахуйг эдийн засгийн нэг тэргүүлэх салбар болгон хөгжүүлье гэвэл малчдаас татвараа ав, хариуцлага тооц, эрсдлийг нь өөрсдөд нь үүрүүл. Өвчтэй мал үржүүлж, үнэтэй мах идэхээ болсон цагт Монголын мал аж ахуй жинхэнэ утгаараа хөгжинө байна гэж дүгнэх хэрэгтэй болов уу.
Ж.ЭРХЭС
0 comments:
Post a Comment