УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын говийн аймгуудад хийсэн томилолт уржигдар Дундговьд үргэлжиллээ. Энэ үеэр тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн 40-ээс дээш насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дуулгалаа.
Хөтөлбөрт хамрагдсан иргэд хүнсний ногоо болон нарийн ногоо тариалж, өөрсдийн төдийгүй нутгийнхныхаа хэрэгцээг хангах боломжтой болсон. Эл хөтөлбөр Сайнцагаан суманд гурван га талбайд, Эрдэнэдалай суманд 4 га талбайд тус бүр хэрэгжиж байгаа аж. Нийт 34 иргэн ажлын байртай болжээ.
Аж ахуй эрхлэхэд нь хүнсний ногоо тариалах газар, талбай хагалах, үр бордоо, усалгаа болон бусад шаардлагатай зүйлүүдээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс үнэ төлбөргүй хангаж, өгчээ.
Мөн аймгийн хэмжээнд 50 гаруй ажлын байр шинээр бий болгосноос тал хувийг нь Мэргэжлийн сургалтаар дамжуулан сургаж, тогтвортой ажлын байраар хангажээ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл тус аймгийн иргэдэд дараах байдлаар хүрчээ. "Мандал шилтгээн" ХХК 40 сая төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ 60 хувь буюу 24 сая төгрөгийн барьцааг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж, бетон хэвлэгч машин, бетон зуурагч, бетон эдлэлийн хэв бэлдэцүүд худалдан авч, үйлдвэрээ өргөтгөсөн байна. Үүний үр дүнд 11 хүнийг ажлын байраар ханган ажиллаж, тоосго, бетон тоосго, замын хашлага, замын өнгөт хавтан, ялуу, худгын таг, КС1000 кольцио тус бүр үйлдвэрлэж орон нутгийнхаа хэрэгцээг хангадаг болжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн салбарт ч ахиц өндөр аж. Тухайлбал, 35 сая төгрөгийн зээл авсан бизнес эрхлэгч Б.Ганхуяг тахианы байр, 300 тахиа худалдан авч, аж ахуй эрхлэх болжээ. Өдөрт 300-гаад өндөгийг орон нутгийн зах зээлд нийлүүлдэг байна. Мөн сайдыг тус аймагт ажиллах үеэр Хөдөлмөрийн хэлтсийн бусад төсөл хөтөлбөрт хамрагдсан 16 бизнес эрхлэгч үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаанд оролцсон юм.
Г.НАРАН
0 comments:
Post a Comment