Wednesday, April 9, 2014

О.Магнай: Надад шахааны бизнес хийдэг найз байхгүй

О.Магнай: Надад шахааны бизнес хийдэг найз байхгүй

Манай "news.mn" сайтын редакцийн зочноор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай уригдлаа. Тэрбээр өчигдөр манай редакцид ирж, сэтгүүлчдийн асуултад хариу өгснийг бийрүүлэн уншигчдадаа хүргэе.

Номин ХК-тай "Эвлэрлийн гэрээ" байгуулсан


-Та ШӨХТГ-ын даргын албанд томилогдмогцоо үүрэн телефоны компаниудыг хэрэглэгчдийнхээ ярианы төлбөрийг секундийн алхмаар тооцох, дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаанд тавьсан мөнгийг буцаан олгох зэрэг шийдвэрүүдийг гаргаж, ажлаа нэлээд эрчтэй эхэлж байсан. Гэвч хэрэгжилт нь тааруу байгаа санагддаг. Барьцаа төлбарийг л гэхэд 10 болон түүнээс дээш жил барьсан найдвартай хэрэглэгчдэд олгоно гэх жишээтэй. Ингэж хэрэглэгчдээ найдвартай, найдаваргүйгээр ялгах нь шударга бус хэрэг биш үү. Түүнчлэн гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг эргэж хянах нь та бүхний үүрэг биш үү?

-Бид гаргасан шийдвэрийн биелэлтээ байнга хянаж явдаг. Харамсалтай нь аливаа асуудлыг эхэлж хөндөн тавих үед хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн зүгээс ихэд шуугидаг хэр нь биелэлт, гарч буй үр дүнгийн талаар нь мэдээлэхдээ хойрго байдаг. Үүрэн телефоны дөрвөн оператор компанийн алин дээр нь ч очоод ярианы төлбөрөө секундээр тооцуулах боломжтой. Мөн дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааг тухайн дугаараа 10 жилээс дээш хугацаанд барьсан хэрэглэгчдийн хувьд буцаан олгохоор шийдвэрлэсэн байсныг зургаан жил болгон багасгасан. Барьцаа мөнгийг бүрэн буцааж олгох нь тухайн компанийн хувьд эрсдэлтэй. Тиймээс барьцаа мөнгөнд хүү тооцдог болгох талаар Жи мобайл, Юнител компаниудтай ярилцсан. Ирэх долоо хоногт нэгдсэн шийдэлд хүрээд олон нийтэд мэдээлэл өгнө.

-Хүн болгоны ярианы төлбөрийг секундээр шууд тооцож болдоггүй юм уу. Яагаад заавал хэрэглэгч биеэр очиж хүсэлт гаргах ёстой гэж?


-Үүрэн телефоны компаниудын хувьд маш олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог юм билээ. Тэр болгонд тохирсон давуу тал бас бий. Тухайн хэрэглэгчийн хувьд яриагаа секундийн шатлалд оруулснаас өөр үйлчилгээ нь ашигтай санагдаж болох юм. Хэрвээ бүх гар утасны яриаг секундээр тооцох системийг нийтэд нь автоматаар хэрэглэсэн бол та надаас яагаад хэрэглэгчдийн эрхийг зөрчөөд бүгдийг ингэж хавтгайруулан шийдэж байгаа юм бэ гээд асуух байсан даа. Бид боломжийг нь нээсэн. Одоо хүмүүс сонголтоо хийх л үлдсэн.

-Үгсэн хуйвалдаж бензин, шатахууны үнийг нэмсэн нэр бүхий  компаниудад ШӨХТГ-аас өнгөрсөн жил 17,5 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Гэтэл тэр нь Эрүүгийн хуульд заасан хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсийг хэд дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Үүнээс болж компаниуд торгууль төлөхөөс татгалзаж, шүүхэд ханддаг. Шүүх болохоор ШӨХТГ торгох нь зөв байсан, гэхдээ торгуулийнхаа хэмжээг буруу тогтоосон байна гэсэн хариу өгдөг. Та бүхний ногдуулсан торгуулийг төлсөн тохиолдол байна уу?

-Өрсөлдөөний орчин гэдэг өөрөө шинэ салбар. Энэ талаар манай шүүгч нар ч ойлголт багатай байдаг. Тиймээс бид жилд 2-3 шүүгчийг гадаад улс орнууд руу явуулж, сургалтад суулгадаг. Торгуулийн хэмжээ Эрүүгийн хуульд зааснаас хэд дахин өндөр байна гэж та бүхэн шүүмжилж байна. Энэ бол дэлхий дахины жишиг. Петровис компанийн захирал хариуцлагагүй мэдэгдэл хийснээс болж зохиомол  хомсдол үүссэн гэх үндэслэлээр 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ хэрэгт л гэхэд Улсын дээд шүүхийн шийдвэр бидний зөв байсныг баталсан. Харин одоо торгуулийг шинэчилж тавих л үлдээд байна. Бидний дагаж мөрдөж буй одоогийн хууль бол 2010 онд батлагдсан  Өрсөлдөөний тухай хууль юм.  Япон улсын өрсөлдөөний хуульд түшиглэж гаргасан маш сайн хууль бий. Тэрхүү хуулийн дагуу бид 100 мянган төгрөгөөс есөн тэрбум төгрөгийн торгууль ногдуулах эрхтэй. Хэрвээ тухайн компанийн орлогыг тодорхойлох боломжгүй бол үндсэн хөрөнгөөс хувь тооцож торгох заалттай. Гэхдээ торгуулийг хэт өндөр тавихаар хувийн компаниудад халгаатай бол бага торгууль ногдуулахаар эргээд намайг мөнгө авчихаж гэж харддаг. Тиймээс энэ асуудлыг Ерөнхий сайдтай зөвшилцсөн. НИК-д оногдуулсан компаниудтай Ерөнхий сайд уулзах юм. 17,5 тэрбум төгрөгийн тухайд нэг компанитай холбоотой хэрэг биш. "Сод Монгол", "МТ", "Жаст ойл", "Петро жамп", "Эм ойл", "Ник", "Ойн бирж" зэрэг найман компанид компанид хамааралтай. Тэдгээр компаниуд өөр өөр дүүрэгт байрладаг. Үүнээс болж дүүргүүдийн шүүхэд хандах тэдний шийдвэрийг хүлээх гэж маш их цаг алдаж байна. Бидний идэвх санаачлагаас үл шалтгаалах саад байна. Шүүх хяналтын байгууллагын тогтолцооноос шалтгаалж цаг алдаж байна.

 Ер нь бол манай байгууллагын хувьд торгууль шийтгэвэр тавьж, улсын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлэхээс илүүтэй хууль бус зөрчил дутагдлыг илрүүлэх, түүнийг  дахиад гаргахгүй байх зорилт бий. ШӨХТГ "Номин тав" ХК-тай "Эвлэрлийн гэрээ" байгуулсан. "Эвлэрлийн гэрээ" байгуулснаар мөнгөө авахгүй гэсэн үг биш. Энэхүү гэрээний эрхзүйн үр дагавар нь хэрвээ тухайн компани үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгуулийн мөнгө ямар нэгэн шүүхгүйгээр ШӨХТГ-ын дансанд орохоор заасан байдаг. "Миний дэлгүүр"-ийн зүгээс мөн ийм гэрээ байгуулах хүсэлтийг тавиад байгаа.

-Тэгэхээр Номинд ногдуулсан 1,1 тэрбум төгрөг, Миний дэлгүүрт ногдуулсан 490 сая төгрөгийг тэд төлөхгүй гэсэн үг үү?

-Эдгээр компаниуд дахин зөрчил гаргах юм бол ногдуулсан торгуулийг шүүхгүйгээр төлнө гэдэг гэрээг байгуулсан гэсэн үг. Дахин зөрчил гаргахгүй гэдгээ амлаж, "Эвлэрлийн гэрээ"-г байгуулаад байна.

-Өнгөрсөн хугацаанд гаргасан олон олон шийдвэрийн дагуу улсын төсөвт орсон мөнгө бараг байхгүй юм байна гэж ойлгож болох уу. Нэг бол шүүхээр шийдэгдэж байгаа, үгүй бол "Эвлэрлийн гэрээ" байгуулсан гэх мэтээр хүлээгдэж байгаа юм байна, тийм үү?

-Өнгөрсөн жил манай байгууллагаас гаргасан шийдвэр, ногдуулсан торгууль шийтгэлийн дагуу 700-гаад сая төгрөг улсын төсөвт төвлөрсөн. Та бүхэн томоохон жишээнүүдийг л татаж яриад байгаа болохоос.

-Тэр нь хаанаас оруулсан торгууль шийтгэвэр байх вэ?

-Та бүхэн манай сайт руу ороод харвал бүгд бий.

-Эндээс О.Магнай дарга акул намнаж чадахгүй жараахайг л оролддог болж дээ гэсэн дүгнэлт гараад байна л даа?

-Хэн нь акул, хэн нь жараахай вэ гэдэг бас тодорхойгүй. Нөгөөтэйгүүр миний хамгийн түрүүнд өмнөө тавьсан зорилго бол хэрэглэгчийг хохироосон, хууль журам зөрчсөн үйлдлийг л таслан зогсоох, давтан гаргахгүй байх  болохоос биш, тэднийг торгоод төсөвт мөнгө оруулаад байх биш юм. Яг ямар асуудлааар Номинг торгосныг хүмүүс тэр бүр мэдэхгүй байна.

-Нэг төгрөгийн хариулт олгодоггүйгээс...?

-Биш ээ.

-Бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа үнэ, кассанд бичүүлсэн үнээс зөрсөн учраас..?

-Үгүй ээ, буруу байна. Хүмүүс бүгд ийм буруу ойлголттой байдаг юм. Өнөөдөр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиар ногдуулж болох торгуулийн дээд хэмжээ 10 сая төгрөг. Лангуун дээрх үнэ кассан дээр зөрсөн болон нэг төгрөгийн хариултыг иргэдэд олгодоггүй зэрэг зөрчилд ногдуулсан торгууль бүрэн төлөгдсөн.

Харин Номинд ногдуулсан 1,1 тэрбум, Миний дэлгүүрт ногдуулсан 490 сая төгрөгийн торгууль бол Өрсөлдөөний хуулийн дагуу тавьсан торгууль. Ижил төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд их бага хэмжээний шимтгэл  ногдуулж байсан үйлдэлд нь дээрх торгуулийг ногдуулсан байдаг юм. Үйлдвэрлэгч болгонд адил тэнцүү хандахгүй байгаагаас ногдуулсан торгууль гэсэн үг шүү дээ. Ижил төрлийн үйлдвэрлэгчдэд өөр өөр шимтгэл ногдуулах нь угаас шударга бус үйлдэл биз дээ. Бага шимтгэл төлдөгийнх нь өрсөлдөх чадвар, өндөр шимтгэл төлөгчөөс ямагт илүү байна биз дээ. Тиймээс л Өрсөлдөөний хуулийн дагуу торгууль тавьсан юм. Дээрх хоёр компани энэ төрлийн зөрчлөө бүрэн арилгасан. Хойшид давтахгүй гэж гэрээ байгуулаад байгаа.

Циркийг цирк шиг байлгахыг шаардсан


-Архины тухай хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд боловсруулж байгаа. Хуулийн төсөлд архийг тодорхой эрх бүхий дэлгүүрээр худалдах заалт бий.  Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан хэрэг биш үү. Хууль одоогийн хувилбараар батлагдчихвал маш олон хүнсний дэлгүүр хаалгаа барина гэдгийг худалдаа үйлчилгээ эрхлэгчид хэлж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би Скандиновын орнуудын жишээг татмаар байна л даа. Шведэд л гэхэд 11 хувиас дээш спиртийн найрлагатай бүх согтууруулах ундааг ганцхан сүлжээгээр худалддаг. Энэ маш зөв санагдсан. Архи бол талх биш шүү дээ. Талх хүн бүхний гарт  ойрхон байх ёстой бол архи жаахан цаана байх учиртай. Монголд гарч буй нийт гэмт хэргийн хичнээн хувь архинаас болж байгааг мэдэж байгаа биз дээ.

-Циркийн менежментийн хувьчлалыг цуцалж, төр эргүүлэн авах тухай та мэдэгдсэн. Харин Аса циркийн захирал Д.Дагвадорж таны шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Тэр асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Хүмүүс энэ асуудлыг Асашёорюү, Магнай хоёр хэрэлдээд байна гэдэг өнцгөөс харж байгаа нь харамсалтай. Бид хувь хүнийхээ хувьд сөргөлдөх ямар ч асуудал байхгүй. Улсын циркэд  2007 онд менежментийн хувьчлал хийсэн. Менежментийн хувьчлалаар  Аса группд тодорхой үүрэг хүлээлгэсэн. Түүнийгээ биелүүлэхгүй байгаа учраас Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ШӨХТГ-аас шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг биелүүлэх есөн сарын хугацаа өгсөн. 2014 оныг дуустал харъя гэж шийдсэн. Анх хувьчлахдаа л цирк жилд 96 тоглолт хийх, олсон орлогынхоо 30  хувийг ажилчдадаа зориулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагыг тавьсан юм билээ. Үр дүнг хүлээж байна. Сая сурагчдын амралтаар цирк тоглолт хийсэн байна лээ. Манай байгууллагад урилга явуулсан байсан.Гэвч ажил ихтэй байснаас тоглолтыг нь үзэж амжсангүй. Мөн ОХУ-аас сургуультай амьтад авахаар явсан тухайгаа албан бичгээр мэдээлсэн.

-Циркийг цирк шиг л байлгах шаардлага тавьсан юм байна гэж ойлголоо. Энэ шаардлага хэдий хүртэл хүчинтэй вэ?

-Яг зөв, циркийг цирк хэвээр нь байлга гэсэн шаардлага. Хугацаагүй үйлчилнэ.

-Д.Дагвадорж аваргын хувьд менежментийн хувьчлалаар Циркийг худалдаж авсан, миний өмч гэж мэдээлж байгаа. Урьд нь өмнө нь энэ төрлийн хувьчлалаар худалдаж аваад үүрэг, зорилгыг нь алдагдуулан ажиллаж буй газар мэр сэр байдаг. Жишээ нь, Ард кинотеатр?

-"Ард"-ын хувьчлалыг бид шалгаж байгаа. Шалгалт дуусмагц мэдээлнэ.

-Давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих үүрэг ШӨХТГ-т байдаг. Эдгээр компаниудын үнэ тарифт өөрчлөлт оруулахад танайх ямар үүрэг хүлээдэг вэ?

-Давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдтэй нягт холбоотой ажилладаг. Улаанбаатар төмөр замын тухайд үнэ тарифын өөрчлөлт болоод бусад асуудлаар байнга ханддаг. Тус компани долоон төрлийн үнэ тариф мөрдөж байсныг задалж, 12 төрөл болгосон. Иргэний нисэхийн салбарын хувьд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас үнэ тарифыг тогтоодог учир бид оролцох боломж бага.

-Иргэний нисэх гэснээс МИАТ-т ганцхан "Сод монгол" ХХК давуу байдалтайгаар шатахуун нийлүүлдэг байсныг болиулсан уу?

-Болиулсан.

-МУИС шилжиж ирсэн оюутнаас хууль бус төлбөр авч байгаа тухай гомдлыг шийдвэрлэсэн үү?

-Хууль бус гэж хэлж болохгүй. Өөр их дээд сургуулиас МУИС-д шилжин суралцахад мөнгө авдаг байсан тухай гомдол манайд ирсэн. Нэг л гомдол ирсэн. Гэтэл зарим сонин олон гомдол ирсэн мэтээр бичсэн байсан. Тэрхүү гомдлыг барагдуулсан.

-Тэгэхээр МУИС-д шилжихдээ мөнгө өгөхгүй гэсэн үг үү?

-Үүнийг МУИС-ийн удирдах зөвлөл хуралдаж шийдэх юм.

-Таны дараагийн "дайралт" хаашаа чиглэж байна вэ?

-Дайралт гэдэг үг оновчгүй санагдаж байна. Буруу асуулт байна. Би чинь нийгмийн, олонхын сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүн. Би "Зөв байх ёстой"  гэсэн нэг л зарчимтай. Олон хүний төлөө явахаар хүний өөрийнх нь ажил үйлс ч аяндаа бүтдэг юм. Миний ямар ч ажил урьд нь ч, одоо ч бүтэж яваа. Хүний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй явахаар бурхан хараад, хайрлаад дэмждэг юм болов уу гэж боддог. Тиймээс би зөв асуултад хариулна. Таны дараагийн хийх гэж буй ажил, зорилго юү байна вэ гэвэл хариулж болох юм.

-Таны хүссэнээр асуултаа залруулъя.

-Монголд шударга өрсөлдөөний орчныг би болгох нь л ШӨХТГ-ын болоод миний гол зорилго шүү дээ. Намайг ажил авч байх үетэй харьцуулахад хуйвалдааны замаар үнэ тогтоодог байдал арилсан шүү. Бидний хамгийн ойрын хугацаанд хийх гэж буй нэг ажил бол Улаанбаатар хотын бүх худалдаа үйлчилгээний газрыг кассын машинтай болгох. Эхний ээлжинд хамгийн том 52 аж ахуйн нэгж кассын машин авахаар болоод байна. Гурав, дөрөвдүгээр хорооллын худалдааны төвүүд, Меркури зах зэрэгт кассын машин байдаггүйгээс хэдэн төгрөгийн орлого олж байгаа нь тодорхойгүй, татвар ч бага төлдөг. Энэ нь шударгаар татвар төлж буй хүмүүст нөлөөлж буй юм. Тиймээс бүх худалдааны төвийг кассын машинтай болохыг шаардаж байгаа.

-Нэг худалдааны төв маш олон түрээслэгчтэй байдаг. Лангуу болгон кассын машин хэрэглэх боломжгүй биз дээ?

-10-20 лангуу дундаа нэг кассын машинтай байж болно. Их дэлгүүрийн түрээсийн лангуунууд дундаа нэг кассын машин ашигладаг. Тэр жишгээр л явна гэсэн үг. Солонгос, Японд ч худалдааны төвүүд нь ингэж л ажилладаг.

Бурхан өршөө, надад шахааны бизнес хийдэг найз байхгүй


-Таны энэ мэдээллийг сонсоод надад кассын машин оруулж ирье гэсэн бодол төрлөө. Таны найз нөхөд, ахан дүүст над шиг бодох хүн байхыг үгүйсгэхгүй. Ер нь аливаа шийдвэрийг хэн нэг эрх мэдэлтний бизнес дагалддаг гэсэн ярианаас үүдэн ийн асууж байгаа юм?

-Тэгвэл  кассын машингүй байгаад байх уу. Шударга бус зүйлийг харсан ч хараагүй мэт яваад байх уу гэдэг асуулт бас гарч ирнээ дээ. Иймэрхүү хардлага сэрдлэгээс айгаад байх юм бол ажил хийхгүй юм билээ. Твитер, фэйсбүүкээр ч ийм асуулт байнга орж ирдэг. Тэр бүхнээс айж, хулчийх юм бол юм бол хөдлөх ч үгүй суух болно.

-Гэхдээ бас харах л асуудал байгаа биз дээ?

- Бурхан өршөөг, надад кассын машин санал болгосон нэг ч хүн байхгүй. Тэгээд ч бид худалдааны төвийнхнийг энэ хүнээс ав гэх эрхгүй. Ашигтай бизнес гэж харсан хүмүүс оруулж ирж л байг. Хэрэглэгчид тэр бүхнээс сонголтоо хийх болохоос албадаж шахах эрх бидэнд байхгүй. Үнэ, чанараар өрсөлдөөд хэрэглэгчид таалагдвал Магнайгийн найзаас битгий ав гэж болохгүй биз дээ. Та нар яг үүгээр ярилцлагаа гарчиглах гээд хүлээж байна уу. /инээв/ Надад тийм шахааны бизнес хийдэг найз байхгүй.

-Төр засгаас гаргаж буй шийдвэрүүдийн ард хэн нэгний бизнесийг дэмжсэн үйлдэл байдаг учраас л ингээд байна л даа?

-Өнөөдөр кассын машин оруулж ирэх эрх хэн бүхэнд бий. Тусгай зөвшөөрөл шаардахгүй. 

-Тусгай зөвшөөрөлтэй бизнесүүд маш их байна. Хаврын тариалалт эхэлж буй энэ үед цэцэглэдэг нэг бизнес бол тариаланд хэрэглэдэг элдэв бодисын худалдаа. Улсын хэмжээнд л гэхэд 5-6 аж ахуйн нэгж тэдгээр бодисыг импортлон оруулж ирдэг. Гэтэл Хятадад тэр бодис Монголд зарагдаж буй үнээс 2-3 дахин хямд байх жишээтэй. Энэ мэт бизнесийг хэзээ зогсоох юм бэ?

-Ер нь бол тусгай зөвшөөрлийг бууруулах ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого ч иргэн бүрт боломж олгох. Гэхдээ таны жишээ татсан газар тариаланд хэрэглэдэг бодисууд бол химийн хортой бодис байдаг. Химийн хорыг хэн дуртай нь оруулж ирдэг байж таарахгүй. Хичнээн либеральчиллаа гээд химийн бодис оруулж ирэх зөвшөөрлийг хүн бүхэнд өгөх боломжгүй. 

-Төрийн өмчит 100 орчим компани бий. Эдгээр компаниудтай холбоотой шударга бус өрсөлдөөний хэрэг, тохиолдол гарч байсан уу?

-Тендерийн нөхцөл, шаардлага өрсөлдөөний хуулийн хүрээнд байгаа эсэхэд дүгнэлт гаргах эрх надад бий. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компани тендерт орохдоо давуу байдал үүсгэсэн гэх  гомдол нэг ч удаа ирээгүй.

-Хувийн компанид хамааралтай тендерийн гомдол бол ирнэ биз?

-Зөндөө ирдэг. Үнэхээр аль нэг компанид давуу эрх өгсөн, Өрсөлдөөний хуулийг зөрчсөн байх юм бол тендерийг задлахаас өмнө бичиг явуулж, тендерийг зогсоон шалгах эрх бий. Тендерийн нөхцөлийг өөрчлүүлэн дахин зарлуулах ч эрхтэй.
Ард түмэн бидэнд хайртай хэвээр

-2016 онд та УИХ-д нэр дэвших зорилго бий юү?

-Байлгүй яадгийн.

-Яг хаана нэр дэвших бол?

-Тэрийг одоо товлоход эрт байна. УИХ-д нэр дэвшинэ гэдэг ганцхан тухайн хүний хүслээс шалтгаалах зүйл биш. 

-УИХ-д нэр дэвшихийн төлөө ингэж их яарах хэрэг байна уу. Та залуу хүн. Одоогийн суудалдаа хүмүүст тустай үйлийн төлөө ойрын хэдэн жилдээ ажиллах нь илүү биш үү. УИХ-д суулаа гээд шударга бусыг өөрчилж чадах уу?

-Манай улс коммунизмаас ардчилсан нийгэм рүү шилжсэн. Бидний шилжилт одоо зогсонги байдалд ороод гаж тогтолцоо бий болгочихоод байна. Төрөөс төрсөн тэрбумтнуудтай, цөөн хэдэн хүнийг тэжээдэг тогтолцоо үүсчихлээ. Тиймээс үүнийг халах хувьсгал хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тэгж байж л нийгмийн олонхын төлөө шийдвэр гаргадаг ардчилсан нийгмийг бий болгоно. Жирийн иргэн хүнийг хамгаалдаг, жирийн иргэн хүний талд шийдвэр  гардаг нийгмийг хэлээд байна л даа. Гэтэл өнөөдөр пост коммунист нийгэм бий болчихоод байна. Яг энэ байдлаар дахин 10 жил явсан ч бид ардчиллыг бүрэн утгаар нь цогцлоож чадахгүй.

-Та Төрийн ордонд орлоо гээд энэ бүхнийг өөрчилж чадах уу?

-Нэг хүнээс ямар их юм шалтгаалдгийг та нар мэдэх үү. Залуу хүмүүс ийм бурангуй үзэлтэй байж болохгүй. Анх 2004 онд би жагсаал хийхийн өмнө Сангийн яаманд ажилладаг байсан юм. Тэр үед хүмүүс "Өдрийн сонин" захиалахаас ч айдаг байсан.

-2004 онд уу, тэр үед бас ч гайгүй л байсан санагдахын?

-Үгүй ээ, та мартсан байна. Сангийн яамныхан л лав Өдрийн сонин захиалдаггүй байсан. Социал демократ намын Ганбаатар, Энхсайхан нарын эрхлэн гаргадаг "Монгол таймс" сонинг би ганцаар захиалан уншиж байсан юм. Унших хүсэлтэй хүмүүс нь харин манай өрөөнд орж ирж уншдаг байлаа. Дөрөвхөн телевизтэй, түүгээр нь сөрөг хүчний дуу хоолой огт сонсогддоггүй байсныг хүмүүс санаж буй байх. Тэр үед хүмүүс надад "Магнай аа, нэг хүнээс шалтгаалах юм байдаггүй" гэж хэлдэг байсан. Харин би энэ үгэнд дургүй. Бүх юм нэг хүнээс шалтгаална. Чиний зүрхэнд байгаа бодол үйлдэл болж, түүхийг бүтээдэг. Хүн гэдэг түүх бүтээж, үргэлж тэсэрч байх ёстой. Чи л болохгүй гэж бодож байвал бүх юм болохгүй. Тиймээс болно, бүтнэ гэж бодож байх ёстой. Хүн төрөлхтөний түүх ч тийм юм. Олон мянган хүнийг араасаа дагуулан жагсаж явахдаа би "Зоригтой байх ёстой юм байна" гэдгийг ойлгосон. Хүсэлтэй, олны төлөө гэсэн сэтгэлтэй, зөв байх ёстой юм гэдгийг тэр үед ойлгосон. Бид хувьсгал хийж чадаагүй ч оюун санааны маш том өөрчлөлт хийсэн.

-Та "Иргэний хөдөлгөөндөө байсан бол..." гэж боддог уу?

-Би одоо ч иргэний хөдөлгөөндөө байгаа.

-Одоо иргэний хөдөлгөөнийхөн жагсаал хийнэ гэхээр очдог хүн бараг үгүй болсон байна. Иргэний хөдөлгөөний байгууллагын хэдэн дэмжигчээс өөр хүмүүс очихгүй шахам болжээ. Энэ юуных вэ?

-Засгийн газар сайн ажиллаж байна л  гэж ойлгож байгаа шүү. /инээв/  Нээрэн, хүмүүс бухимдал ихтэй байгаа бол өвлийн хүйтэнд ч гараад л жагсдаг юм. Бид -40 хэмийн хүйтэнд хөлөө хөлдөөн байж жагсдаг л байсан. Тэгтлээ бухимдаж байсан, хүмүүс.  Харин өнөөдрийн хувьд хүмүүсийн дунд хүлээлт үүсчихээд байна уу гэж харж байгаа. Засгийн газар юу хийх нь вэ гэсэн хүлээлт байна. Тиймээс сайн л ажиллах ёстой юм.

-Хүмүүс жагсаал цуглаанд оролцохгүй, хойрго хандаж байгааг би бол өөрөөр харж байна. Иргэний хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан хийж байгаад УИХ-ын гишүүн, дарга даамал болдог. Тэгээд л ард олноо мартчихдаг гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байна.

-Энэ бол асуулт биш. Санал гэж би ойлголоо. Ардчилсан нийгэмд хүн ямар ч санаа бодолтой байж болно. Түүнийгээ илэрхийлэх эрхтэй. Саналыг тань сонслоо. Ингэхэд энэ уулзалтаар асуулт хариулт явуулах юм уу, мэтгэлцээд байх юм уу. /инээв/

-Саяын саналтай агаар нэгэн зүйл асуумаар байна. Маш олон хүн иргэний хөдөлгөөнийхөн болоод ардчилсан намынханд итгэж байсан. Л.Гүндалайг Ард түмний нам байгуулахад, Ж.Батзандан та хоёрыг Иргэний хөдөлгөөний нам байгуулахад дэмжсэн, итгэсэн хүн олон бий. Гэтэл та бүхэн маань намаа хаяад Ардчилсан нам руу орчихсон. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-2012 оноос өмнө бол би ард олон маань бидэнд гомдсон юм биш байгаа даа гэж бодож байсан. Маш олон хүн яг энэ асуултыг тавьж байсан,коммент ч бичдэг байсан. Гэтэл Ж.Батзандан 2012 оны сонгуульд хамгийн олон хүний саналаар УИХ-ын гишүүн болсон. Бусадтай адил их мөнгө  зараагүй хэр нь хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргээс нэгээр сонгогдсон. Г.Уянга гишүүн ч Чингэлтэй дүүргээс нэгээр гарч ирсэн. С.Ганбаатарыг хар. Энэ бол бага биш үзүүлэлт. Хүмүүс бидэнд хайртай байна л гэсэн үг. Хүн болгонд хайрлагдана гэж мэдээж байхгүй. Нийгмийн олонх бидэнд итгэсэн хэвээр байна. Бид ч тэдний итгэлийг алдахгүйн тулд өөрсдөөс шалтгаалсан зүйлийг хийж байгаа.

Би мэддэг байсан бол найман хувийн зээлийг хүлээзнэх байсан


-Орон сууцны үнэ ханшийг тогтоон барих боломж бий гэж та мэдэгдэж байсан. Гэтэл үнэ өссөөр л байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Одоогоос яг жилийн өмнө бид орон сууцны зах зээлд судалгаа хийж үзэхэд нэг ам метр талбайн үнэ ханшийг нэг саяд багтаах боломжтой гэсэн дүн гарч байсан. Гэхдээ ганц надаас шалтгаалахгүй юм зөндөө байна. Би Ерөнхий сайд биш шүү дээ. Засгийн бодлого эрэлтийг дэмжих тусам үнэ өсдөг жамтай. Тиймээс эрэлтийг биш нийлүүлэлтийг дэмжих ёстой гэж үзсэн. Барилгынхныг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгосон. Тэрхүү зээлийн үр дүн гарч, нийлүүлэлт өсч амжаагүй байхад найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж, эрэлтийг "boom" болгож орхисон. Би өөрөө шийдвэр гаргадаг байсан бол найман хувийн зээлийг гаргахгүй, жаахан хүлээх байсан.

Бид тооцоо судалгаагаа орхиогүй,одоо ч үргэлжлүүлж байна. Өнөөдөр Эрээн хотод орон сууцны ам метрийн үнэ 1000 юань буюу 280 мянган төгрөг байна. Ялгаагүй л  халаалт, дулааны системтэй орон сууц Эрээнд хямд байхад манайд яагаад хэд дахин илүү үнэтэй байна вэ гэдгийг судалж байна. Орон сууцнаас гадна цагаан будаа, элсэн чихрийн үнэд судалгаа хийж байгаа.

-Орон сууцыг барьж эхлэх үеийн үнэ ханш баригдах явцад болон барьж дууссаны дараа ам метр тутамдаа 800-900 мянган төгрөгөөр өсч буй нь шударга бус үнэлгээ юм биш үү?

-Энэ бол байдаг л жишиг. Дэлхий даяар л ийм байдаг. Суурь тавьж эхлэх үед болон баригдсаны дараах үнийг ялгаатайгаар тогтоодог. Тийм болохоор үүнийг шударга бус гэж үзэж зохицуулалт хийх боломжгүй.

-Барилгын зарим компаниуд орон сууцныхаа метр кв-ын хэмжээг буруу тогтоосноос иргэд хохирсон олон жишээ бий. Тэрхүү хохирлыг хэрхэн барагдуулж байна вэ?

-Орон сууцны хэмжээг буруу тогтоосон Тайгам Алтай, Тиктоник, "ND top" зэрэг компанийн хэрэглэгчдээс хамгийн олон гомдол ирсэн. Одоогийн байдлаар нийтдээ иргэдийн нэг тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулаад байгаа. Албан бусаар хохирол барагдуулсан нь бас цөөнгүй. Тухайн барилгын компанийнхан иргэдтэйгээ тохиролцоод айл бүрт гурван сая төгрөг буцаан олгосон тухай мэдээллийг нэгэн иргэн мессэжээр ирүүлж, талархлаа илэрхийлж байсан. Тэгэхээр барилгын талбайн хэмжээг багасгасан компаниуд иргэдийн хохирлыг барагдуулж байгаа. Тайгам Алтай компани, иргэд, манай байгууллагын төлөөллийг багтаасан комисс байгуулж дахин хэмжилт хийж байгаа.

Би энд нэг тоо хэлэхийг хүсч байна. ШӨХТГ-ын даргын ажлыг авах үе буюу  2011 онд жилд 73 гомдол ирж байсан бол 2013 онд 7300 гомдол болж, зуу дахин өссөн. Энэ оны нэгдүгээр улиралд  хоёр мянга шахам гомдол санал ирээд байна. Хуучин бол хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тохиолдолд "Чаддаг юм бол чи шүүхэд өг л дөө" гэдэг үгээр амыг нь тагладаг байсан. Шүүхэд хандах нь иргэдэд асар их хүндрэлтэй гэдгийг мэддэг учраас тэр л дээ. Харин одоо ингэж элэг барихаа больсон. Учир нь хэрэглэгчийн гомдлын дагуу бид шүүхэд ханддаг болсон. Иргэд шүүхэд хандахад мөнгө хөрөнгө, цаг зав зарцуулдаг бол төрийн байгууллага үнэ төлбөргүй байхын дээр гурван шатны шүүхэд хандах эртэй. Одоогоор 140 орчим асуудлыг шүүхээр шийдүүлэх гээд хандчихаад байна.

-Ингэж ажиллахын тулд бүтцээ томруулсан уу?

-Бүтцээ томруулаагүй. 40  орчим хүнтэй ажиллаж байгаа.

-Худалдаа үйлчилгээний байгууллагууд нийтийн бие засах газрыг үнэ төлбөргүй болгох журам өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Гэтэл өнөөг хүртэл Нарантуул, Бөмбөгөр худалдааны төв, Өргөө кинотеатр зэрэг газрууд төлбөр авсан хэвээр байна. Тэр журам хэзээ хэрэгжих вэ?

-Нийтийн бие засах газраа үнэ төлбөргүй болгосон гэсэн албан бичиг олон газраас ирсэн. Авто плаза, Нарантуул-2 худалдааны төв үнэгүй үйлчилж эхэлсэн. Бүх газрууд нэг зэрэг үнэ төлбөрөө цуцлахгүй байна. Аливаа шийдвэр хэрэгжиж эхлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Жаахан хүлээ.

-Хэрэгжүүлэх талаар та бүхэн шаардаж байгаа юу?

-Шаардаж байгаа. Нарантуул худалдааны төвийн хувьд хувь хүнд худалдсан учраас шахаж шаардаж болохгүй байна гэсэн хариу өгсөн.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    
-Барилга болоод бараа бүтээгдэхүүний үнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч нар өөрийн хүссэнээрээ тогтоодог. Гэтэл зах зээлийн бодит үнэ яг хэд вэ гэдгийг тогтоох шаардлагатай биз дээ. Бодит үнийг яаж боловсруулж гаргадаг юм бэ?

-Яг зөв. Бодит үнийг тогтоохын тулд Үнэ бүрдэлтийн хууль гэж заавал байх ёстой. Энэ хуулийг УИХ-ын зарим гишүүд боловсруулж байгаа. Европын холбооны орнууд, АНУ-д хэт өндөр үнээс болж торгууль тавьсан тохиолдол цөөнгүй байдаг. Хамгийн сүүлд гэхэд "Honda"-д зарим сэлбэгийг хэт өндрөөр нийлүүлсэн компанид торгууль ногдуулсан жишээ бий. Зах зээлийг либеральчилна гэдэг үнийг хэт задгай тавина гэсэн үг биш гэдгийг онол боловсруулагчид ч хүлээн зөвшөөрч эхэлсэн. Нийлүүлэгч цөөнтэй жижиг зах зээлд төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй.

Ярилцлагыг сийрүүлэн буулгасан Д.Цээпил

0 comments:

Post a Comment